Сэжигтэн Ч.Гансүхийн эрүүл мэндийн байдал нь тааруу байгаа аж. Тэрбээр сахарын өвчний хоёрдугаар үед орсон. Мөн артерийн даралт нь ихэсч, хоёрдугаар шатанд орсон байгаа гэнэ. Тиймээс түүний өмгөөлөгч нар мөрдөн байцаах ажиллагааг түр хугацаагаар таслан зогсоож, батлан даалтад гаргах саналыг ерөнхий шүүгчид хүргүүлсэн байна. Ч.Гансүхийг Төв аймгийн мөрдөн хорих ангиас Дархан-Уул аймгийн цагдан хорих анги руу. Тэндээсээ Зүүнхараагийн цагдан хорих анги руу. Дараа нь нийслэлийн 461 дүгээр цагдан хорих анги руу шилжүүлсэн байна. Үүний дагуу “Хүний эрхийн үндэсний комисс” хүнийг цагдан хорихдоо оршин суугаа хаягийнх нь харьяаллын дагуу хорих ёстой. Энэ мэтээр шилжүүлэн хорьж байгаа үйл явц нь эрүүдэн шүүх арга хэлбэр мөн” хэмээжээ.
Ч.Гансүхийн хэрэгт түүний хүү Г.Ганзул, Татварын ерөнхий газрын Улсын төсөв, орлого, хяналтын газрын Судалгаа, үнэлгээний хэлтсийн дарга Д.Энхбат, түүний эхнэр ҮТЕГ-ын байцаагч О.Бямбасүрэн нарыг холбогдуулан шалгаж байгаа гэсэн мэдээлэл бий.
Хэрэгт холбогдон шалгагдаж байгаа хүмүүс болон мөрдөн байцаалтын үйл ажиллагааны талаар түүний өмгөөлөгч А.Ундрахаас зарим зүйлийг тодруулсан юм.
-Ч.Гансүхийг буруугүй гэж нотлох баримт байгаа гэж байна. Энэ талаар тодруулж өгнө үү?
-Бид түүнийг буруугүйг нотлох хэд хэдэн баримтыг цуглуулсан. Гэхдээ одоогоор энэ талаар ярихад эрт байна. Дээрх баримт, бичгүүдийг шүүх хурлын үеэр гаргаж харуулна. Эдгээр баримт нь мөрдөн байцаах үйл ажиллагааны нууцад хамаарна. Мөрдөн байцаалтын явцад улсаас их хэмжээний мөнгө завшсан, шилжүүлсэн зэрэг хэргүүд тогтоогдоогүй. Гэм буруутай эсэхийг нь шүүх эцэслэн шийдвэрлэнэ.
-Авлигатай тэмцэх газраас та бүхний үгүйсгэж буй хэргүүдийг үндэслэлтэй гэдгийг хэлсэн. Та үүнд ямар хариулт өгөх вэ?
-Тийм. Бид энэ талаар авлигатай тэмцэх газарт очиж тодруулсан. Гэтэл ярьсан зүйлээ үгүйсгэсэн. Хуулийн байгууллага хүмүүсийг хэрэгтнээр шалгах нь байх зүйл юм. Энэ нь цаашид гарч болзошгүй гэмт хэргийн халдлагаас хамгаалах үндэслэл болно. Нөгөөтэйгүүр хэрэг шүүх дээр очоогүй байхад олон талаас гэмт хэрэгтэн гэж үзэх нь буруу юм.
-Тэгвэл өмгөөлөгчийн зүгээс АТГ худал мэдээлэл гаргасан гэдэг гомдол гаргах уу?
-Хэрэг мөрдөн байцаалтын явцад байгаа үед бид иймэрхүү зүйл хийвэл шүүхийн шийдвэрт нөлөөлөх гэж байгаа мэтээр нийгэмд буруу хардлага түрүүлнэ. Тиймээс энэ хэрэг дууссаны дараа хэрхэхээ шийднэ. Ямартай ч Ч.Гансүхтэй холбоотой 17 тэрбум төгрөг, таван тэрбум төгрөг, долоон тэрбумын хэрэг болон түүнийг хээл хахуул авсан гэдэг нь худлаа гэдгийг бид нотолно.
-Ч.Гансүхийн хэрэгт холбогдуулан түүний эхнэр, хүүхэд зэрэг 3-4 хүнийг шалгаж байгаа гэсэн. Энэ үнэн үү?
-Тийм зүйл байхгүй. Гэхдээ түүний хүүд нь эрүүгийн хэрэг үүсгэн шалгасан байгаа. Ингэхдээ энэ оны нэгдүгээр сарын 25-наас хойш 14 хоногийн хугацаатай хорьсон. Одоогоор хорих ажиллагааг таслан зогсоосон байгаа.
Эх сурвалж: "УЛС ТӨРИЙН ТОЙМ" сонин