Ерөнхийлөгч хэлэлцүүлэгт оролцлоо

Хуучирсан мэдээ: 2013.09.24-нд нийтлэгдсэн

Ерөнхийлөгч хэлэлцүүлэгт оролцлоо

Монгол Улсын Ерөнхийлөгч “Хөгжиж буй ардчилсан орнууд дахь Иргэний нийгмийн оролцоо” сэдэвт хэлэлцүүлэгт оролцлоо

Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 68 дугаар чуулганд оролцох хөтөлбөрийнхөө хүрээнд “Хөгжиж буй ардчилсан орнууд дахь Иргэний нийгмийн оролцоо” сэдэвт хэлэлцүүлгийг АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама болон НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын орлогч Жан Элиассон нарын хамтаар удирдаж, хэлэлцүүлэг өрнүүллээ.  Хэлэлцүүлэгт НҮБ дэх Ардчилсан орнуудын бүлгийн /НҮБ-ын Ардчиллын бүлгийн/ улс орны төр, засгийн тэргүүнүүд болон өндөр хэмжээний зочид оролцсон ба Монголын талаас Гадаад харилцааны сайд Л.Болд, Ерөнхийлөгчийн Гадаад бодлого, үндэсний аюулгүй байдлын зөвлөх Л.Пүрэвсүрэн, албаны бусад хүмүүс байлцлаа.

Тус хэлэлцүүлгийг нээж АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама хэлсэн үгэндээ “Олон Улсад иргэний нийгэм гэдгийг  хүмүүс хамтран нэгдэж, үзэл бодлын хүрээгээрээ өөрсдөө зохион байгуулагдахыг хэлдэг. Харин Монгол Улс иргэний нийгмийн байгууллагуудыг хязгаарлалгүйгээр бүртгэж, дуу хоолойг сонсож чаддаг учраас энэ удаагийн хэлэлцүүлэгт Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийг урьж өөрийн орны туршлагаасаа хуваалцахыг хүссэн юм” хэмээгээд “Иргэний нийгэм нь хувь хүний эрх ашгийг хамгаалж байдаг. Төр бол нийтийн эрх ашгийг хамгаалж байдаг. Энэ хоёр нөхцөлдөж байж сая жинхэнэ зөв нийгэм төлөвшинө” гэлээ. Мөн Ардчилсан орнуудын хамтын нийгэмлэгийг Монгол Улс сүүлийн хоёр жил даргалж байгаад тус нийгэмлэгийн Сайд нарын долдугаар бага хурлыг Улаанбаатар хотноо амжилттай зохион байгуулсанд баяр хүргэлээ.

Монгол улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж чуулганд оролцогчдод хандан Ардчиллыг хөгжүүлэхэд иргэний нийгмийн байгууллагууд чухал үүрэгтэй. Цөөнхийн эрх чөлөөг хааж боомилдог, санаа бодлоо илэрхийлэх боломжийг хязгаарладаг, ялгаварлан гадуурхдаг. Төр иргэний нийгэмд халдан довтолдог. Иргэний нийгмийн байгууллагууд харин ийм өмгөөлөл хамгаалал эрсэнд нь тус болдог. Иргэний нийгэм гэдэг чухамдаа ардчилал гэсэн үг. Идэвхтэй иргэдийн оролцоо улс үндэстний хөгжил цэцэглэлд авъяас чадвар, эрч хүч нэмдэг. Миний бие АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга асан хатагтай Хиллари Клинтоны хамт өнгөрөгч оны долдугаар сард Улаанбаатар хотноо ардчилал  өндөр хөгжсөн болон шинэ хөгжиж байгаа улс орнуудын удирдагчдыг өөр хооронд нь холбох, арга туршлагаа солилцох цахим индэр- ЛЕНД гэдэг сүлжээг байгуулсан. Бид энэхүү амжилтаа бататгаж, нээлттэй төр гэдэг санаачлагыг урагшуулах болно. Монгол Улс АОХН- нэгдсэн хөтөлбөрийг бүрэн дүүрэн дэмждэг. Иргэний нийгмүүд бол бид бүгдийн түнш юм” хэмээн хэлсэн юм. Хөгжиж буй орнуудын хувьд иргэний нийгэм цэцэглэн хөгжиж тааламжтай орчин бүрдүүлэх нь чухал гэдгийг хэлэлцүүлэгт оролцогчид дуу нэгтэйгээр хүлээн зөвшөөрлөө.




МОНГОЛ
УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ Ц.ЭЛБЭГДОРЖ “АРДЧИЛАЛ ХӨГЖИЖ БАЙГАА ОРНУУД ДАХЬ
ИРГЭНИЙ НИЙГМИЙН БАЙГУУЛЛАГУУД” АРГА ХЭМЖЭЭНД ХЭЛСЭН ҮГИЙГ ХҮРГЭЖ БАЙНА

Монгол
Улсад сүүлийн хоёр жилийн хугацаанд АОХН-ийг тэргүүлэх  таатай завшаан
тохиосон. Бид  энэхүү хөдөлгөөнийг тэргүүлэх явцдаа тус бүс нутгийн
хамгийн том байгууллага – Азийн Ардчиллын Сүлжээг байгуулсан бөгөөд
иргэний нийгмийг хамгаалах явдлыг тэргүүлэх таван  үндсэн зорилтынхоо
нэг болгосон. Монгол Улс иргэний нийгмийг үнэлэн хүндэтгэж ирснээр би
бахархдаг. Дэлхийн улс орнуудад энх тайван, ардчилал, байгаль орчныг
хамгаалах, ил тод байдлыг хөхиүлэн дэмжихэд онцгой чухал үүрэг
гүйцэтгэдэг иргэний нийгмийн байгууллагууд  үнэхээр аль ч ард түмний
амин сүнс байдаг.  Манай аугаа эх оронд ардчилсан шинэчлэлийг авчрахад
тус дөхөм үзүүлсэн Монголын Ардчилсан Холбоо хэмээх иргэний нийгмийн
анхны байгууллагыг үндэслэн байгуулагчдын нэг нь би юм. Өдгөө манай
оронд иргэний нийгмийн зургаан мянга гаруй байгууллага бүртгэгдсэн нь
эдийн засгийн ил тод байдлаас байгаль орчин, хүниий эрхийг хамгаалах
хүртэлх олон зорилго чиглэлд  тус дөхөм үзүүлж байна. Чөлөө зөвшөөрөл
шаарддаггүй, хориг саадад түүртдэггүй иргэний нийгмийн байгууллагаар би
бахархдаг.
 

Хүчирхэг иргэний нийгмийн байгууллага бол Монгол
Улсын амин сүнс юм. Харамсалтай нь газар бүхэнд ийм биш байна. Энэ оны
дөрөвдүгээр сард Улаанбаатар хотноо АОХН-ын Сайд нарын долдугаар бага
хурал чуулсан. Уг бага хурлаас баталсан Улаанбаатарын тунхаглалын нэгэн
чухал заалт нь зарим улс оронд иргэний нийгмийн байгуулллагуудыг
хориглон хязгаарлаж буйд  бидний сэтгэл түгшиж байдгийг илэрхийлсэн.
Иргэний нийгмийг хамгаалах, хөхиүлэн дэмжих тухай бидний Хамтарсан
мэдэгдэлд манай улс үндэстэн хүч чадалтай, ялгуусан иргэний нийгэм, энх
тайван, хөгжил дэвшил, бүх нийтийн сайн сайхан аж байдлын төлөөх төр ба
иргэний нийгмийн идэвхтэй хамтын ажиллагаанд тулгуурладаг хэмээн
дурдсан. Ардчиллыг хөгжүүлэхэд иргэний нийгмийн байгууллагууд чухал
үүрэгтэй. Цөөнхийн эрх чөлөөг хааж боомилдог, санаа бодлоо илэрхийлэх
боломжийг хязгаарладаг, ялгаварлан гадуурхдаг Төр иргэний нийгэмд халдан
довтолдог.
 
Иргэний нийгмийн байгууллагууд ийм өмгөөлөл
хамгаалал эрсэнд нь тус болдог. Иргэний нийгэм гэдэг чухамдаа ардчилал
гэсэн үг. Идэвхтэй иргэдийн оролцоо улс үндэстний хөгжил цэцэглэлд
авъяас чадвар, эрч хүч нэмдэг. Миний бие АНУ-ын Төрийн нарийн бичгийн
дарга  асан хатагтай Хиллари Клинтоны хамт өнгөрөгч оны долдугаар сард
Улаанбаатар хотноо ардчилал   өндөр хөгжсөн болон шинэ тутам хөгжиж
байгаа улс орнуудын удирдагчдыг өөр хооронд нь холбох, арга туршлагаа
солилцох цахим индэр- ЛЕНД гэдэг сүлжээг байгуулсан. Бид энэхүү амжилтаа
бататгаж, нээлттэй төр гэдэг санаачлагыг урагшуулах болно. Монгол улс
АОХН- нэгдсэн хөтөлбөрийг бүрэн дүүрэн дэмждэг. Иргэний нийгмүүд бол бид
бүгдийн түнш юм. Баян чинээлэг, ядуу хоосон, олонх цөөнх, хөгжлийн
бэрхшээлтэй, ганцаардан гадуурхагдсан бүгдэд бид анхаарал  тавих ёстой.
Иргэний нийгэм тэдний эрх ашгийг хамгаалж, иргэн бүхэн нийгэмдээ болон
төрийн бодлогод хамрагдах боломжийг олгодог. Хувь хүний авъяас чадвар
бол нийтийн хамгийн том баялаг мөн. Төрийн бус байгууллагууд болон
иргэний нийгэм бол тэрхүү авъяас чадварыг  хөхиүлэн дэмжиж, дуу
хоолойгүй нэгэнд нь дуу хоолой, хүч чадалгүй заримд нь хүч чадал, итгэл
найдваргүй болсон хүмүүст итгэл хайрладаг. Анхаарал тавьсанд баярлалаа.
 
Дэлхий 
дахины ардчилсан орнуудад уналт ухралт, боломж бололцоо хосолсон
амаргүй цаг  мөчид бид амьдарч байна. Өнгөрсөн жил нааштай олон өөрчлөлт
гарсны дотор Мали улсад сонгууль амжилттай явагдаж, Бирмд ардчилсан ил
тод байдал тогтож, дэлхийн олонх улс оронд өдгөө нийтлэг болсон төр
засгийн эрх ардчилсан замаар шилжиж байна. Гэвч Ойрхи Дорнодод амь,
амьдралынхаа төлөө дуу хоолойгоо өргөх тэмцэлд олон хүн оролцож, дэлхийн
бараг 2,4 тэрбум хүн эрх баригчдынхаа өмнө дуу хоолойгоо хүргэх боломж
багатай улс оронд амьдарч байгаа энэ цаг үед сорилт багагүй байна.

Эх сурвалж: www.president.mn

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж