“Монгол Улсад ертөнцийн хоёр туйл оршиж байна” гэнэ. Энэтхэг улс шиг ард түмэн нь баян, ядуугийн хоёр талбарт амьдардаг. Бас тодорхойгүй эдийн засагтай юмсанж. Эдийн засгийг хөдөлгөгч гол үндэс нь ажиллах хүчин. Чухам ажлын насны хүмүүс хэтэрхий идэвхигүй, санаачлагагүй байгаагаас болж олон сөрөг үр дагавар гарч буй гэнэ. Тэгвэл эдийн засаг, хөдөлмөрийн зах зээлийн асуудлаар “Ажилтай, орлоготой монгол хүн” онол, практикийн бага хурал өчигдөр МУИС-ийн дугуй танхимд боллоо. Хөдөлмөрийн яам болон харъяа Хөдөлмөрийн хэлтсүүдээс нь санаачлан зохион явуулсан тус хуралд их дээд сургуулийн багш нар, хөдөө орон нутаг, дүүргүүдийн Хөдөлмөрийн хэлтсийн мэргэжилтнүүд бидний амьдралд хэрэгтэй олон судалгаа хийснээ танилцуулсан.
Илтгэлүүдийн хэлэлцүүлгийн үеэр Хөдөлмөрийн сайд Я.Санжмятав салбарын асуудлаар ийн ярилаа.
-Шинээр байгуулсан Хөдөлмөрийн яаманд үнэндээ дутуу юм алга. Хамгийн гол нь байгуулсан бүтцийн хүрээнд сайн ажиллаж чадвал бүтэхгүй зүйл үгүй. Ямартай ч бид Засгийн газар болон ажил олгогчид, Үйлдвэрчний эвлэл гээд олон байгууллагатай хамтран ажилласны үр дүнд жилийн эхний найман сарын байдлаар 35 мянган хүнийг ажлын байртай болгосон байна. Түүнчлэн Засгийн газрын бодлогын түвшинд зам тээвэр, барилгын салбарт олон хүн ажлын байртай боллоо. Мөн нийгмийн даатгалын шимтгэл төлөгчдийн тоо 10 хувиар нэмэгдлээ. Нөгөөтэйгүүр хөдөлмөрийн салбарт ажилладаг эрдэмтэн, судлаачдын санаа бодлыг бодлогодоо авч тусгах шаардлага байгаа юм. Магадгүй ажлын байрыг нэмэгдүүлэх, шийдвэрлэх гээд олон шинэ санаа энэ хүмүүсийн дундаас төрдөг учраас манай яам дараа жилийнхээ төсөл, хөтөлбөрт илтгэл, судалгаануудаас гарсан зүйлүүдийг тусгах учиртай. Тиймээс уг онол, практикийн бага хурлыг давчуу хугацаатай зарлалаа. Гэвч хэдхэн хоногийн дотор зарласан болоод ч тэр үү миний санаанд таарах олигтой судалгаа төдийлөн байсангүй. Ирэх жилээс уламжлал болгон зохион явуулна гэдгийг хэлье. Олон илтгэл, санаан дундаас дорвитой шийдвэр, үр дүн гарах болно.
Энэ үеэр Хөдөлмөрийн төв биржийн Бүртгэл зуучлалын мэргэжилтэн Д.Должингоос тус хурлаар хэлэлцүүлсэн илтгэлүүд болон хөдөлмөрийн зах зээлийн асуудлаар байр суурийг нь сонслоо. Тэрбээр “Хэдийгээр энэ удаагийн илтгэлүүдийг уралдаан нэрийн дор хэлэлцэж байгаа ч угтаа тэдний хийсэн судалгаа, гаргасан үр дүн нь таны, миний амьдралд нөлөөлж чадахуйц нөлөө авчирна. Нийт 10 илтгэл, судалгаа хэлэлцүүлж байгаа юм билээ. Илтгэлүүдийн гол санаа нь хөдөлмөрийн зах зээл дээр монгол хүний үнэлэмж ямар байх вэ, бүтээмжид суурилсан цалин, хөлсний систем байвал яах вэ зэргийг тусгасан байна. Цалингийн ийм төрлийн системийг тайлбарлавал товчхондоо тухайн ажлын байранд Дорж хэр зэрэг ажил хийж, бүтээмж үйлдвэрлэв гэдгээс нь хамаарч цалин олгоно гэсэн үг. Хөдөлмөрийн төв бирж шинэ байгууллага. Манай биржийн мэдээллийн санд бүртгэлтэй идэвхтэй ажил хайгчийн тоо буурсан. Харин бүртгэлтэй иргэд ажилд орох нь ихэссэн байгаа. Одоогоор 20 хэдэн мянган ажил хайгч бүртгэлтэй байна. Ажлын байрыг ангиллаар нь авч үзвэл уул уурхайн салбарынх өмнөх жилүүдэд их байсан бол энэ жил харьцангуй бага буй. Гэхдээ зам, барилга, боловсруулах үйлдвэр, тээврийн салбарт ажил маш их байна. Түүнчлэн цахилгаанчин, механикч, гагнуурчин зэрэг мэргэжил эрэлттэй байгаа. Ер нь манай улсад иргэдийн ажилд хандах хандлагыг нь өөрчилж, идэвхижүүлэх хэрэгтэй. Нэг сайшаалтай нь компани, байгууллагууд ажиллах хүчнээ өөрсдөө сургаж авах нь элбэг болж. Харамсалтай нь манай залуучууд үнэхээр идэвхигүй байдаг. Нөгөөтэйгүүр төгсөгчид болон, бүр 50 нас гарчихсан нь тэр ч тогтвор сууршилтай ажиллахгүй юм” гэлээ.
Түүнчлэн өглөөний 10:00 цагт эхэлсэн тус хурлын цайны завсарлагын дараа эхний хоёр сэдвийн хүрээнд хэлэлцүүлсэн илтгэлүүдийг байр эзлүүлж, салбарын сайд 14:30 цагт шагнал гардууллаа. Илтгэгчид өөр өөрсдийн судалгаагаа сонирхолтой танилцуулсан ч онол, судалгаа, харьцуулалт, гаргасан үр дүн нь бусдаасаа арай илүү ялгарч чадсан залуу судлаач Н.Цолмонгийн илтгэл тэргүүн хоёр тэргүүн байрын нэгээр тодров. Тэрбээр Мандах бүртгэл дээд сургуулийн Эдийн засаг, бизнесийн удирдлагын тэнхимийн багшаар ажилладаг аж.
Түүний илтгэлд “Ажилгүйдлийн түвшин нэг хувиар өсөхөд дотоодын нийт бүтээгдэхүүний өөрчлөлт гурван улирлын дараа 41.2 тэрбум төгрөгөөр буурдаг” гэх сонирхолтой тоо хэлсэн нь олны анхаарлыг татаж байлаа. Нөгөөтэйгүүр Монголбанкнаас явуулж буй мөнгөний бодлого Сангийн яамны бодлоготой тийм ч сайн уялдахгүй байгааг товчхон шүүмжлээд авав. Уг нь төв банкны инфляцитэй тэмцсэн шат дараатай бодлого үр дүнгээ өгөх магадлал өндөр ч засгийн зарим бодлого, үйл ажиллагаа зөрчихдгийг тэрбээр мөн онцоллоо. Түүнчлэн манай улсад уул уурхайн салбарын уналт болсоноос хойш ажилгүйдлийн түвшин нэмэгдсэн гэнэ. Үүнээс гадна төр эдийн засагт хэтэрхий их оролцож буйг илтгэгчид дурьдаж байсан юм.
Эх сурвалж: "УЛС ТӨРИЙН ТОЙМ" сонин