С.Чинзориг: Хоёр нам улс төрийн тохироо хийсэн нь үнэн

Хуучирсан мэдээ: 2013.09.24-нд нийтлэгдсэн

С.Чинзориг: Хоёр нам улс төрийн тохироо хийсэн нь үнэн

УИХ-ын 2012 оны сонгуулийн аравдугаар тойрогт МАН-аас нэр дэвшсэн С.Чинзориг, Н.Төмөрхүү нар Үндсэн хуулийн цэцэд ханджээ. АН-аас нэр дэвшигч Д.Зоригт, Г.Батхүү нарыг УИХ-д өргөн мэдүүлэхдээ Сонгуулийн ерөнхий хороо Үндсэн хууль зөрчсөн хэмээн тэд үзэж байна. Энэ талаар С.Чинзоригтой ярилцлаа.

-Г.Батхүү, Д.Зоригт нарыг тангараг өргөж, УИХ-ын гишүүн болчихсон болохоор УИХ-ын аравдугаар тойргийн сонгуулийн маргаан дууссан гэж бодож байлаа.

-Өвөрхангай аймгийн УИХ-ын сонгуультай холбоотой маргааныг Г.Батхүү, Д.Зоригт нар бол дууссан гэж үзэж байгаа байх. Бид бол дуусаагүй, үргэлжилж байгаа гэж үзэж байгаа. Энэ асуудал ардчиллын 23 жилийн түүхэнд байгаагүй, иргэдийнхээ сонгох, сонгогдох эрхийг хуулийн байгууллагаар далайлган дээрэмдэж авсан, шинэ үеийн хэлмэгдүүлэлт. Ингэснээр АН, Г.Батхүү, Д.Зоригт нар иргэдийн сонгох, сонгогдох эрхэнд ноцтой, бүдүүлгээр халдаж, ардчиллын түүхэнд хар толбо үлдээлээ.

Үндсэн хуулиар олгогдсон, ард түмний сонгох эрхэнд шүүхээр далайлган, засвар хийсэн анхны хэрэг боллоо. Н.Төмөрхүү, С.Чинзориг нар насанд хүрээгүй хүүхдийг сонгуулийн сурталчилгаанд оролцуулсан гэж Хан-Уул дүүргийн шүүх ч, Өвөрхангай аймгийн шүүх ч буруутгасан. Гэхдээ хэргийн эзэн гэж буруутгасан Н.Төмөрхүү, С.Чинзориг нарын хэнийг нь ч шүүх хуралд хариуцагчаар оролцуулаагүй. Дандаа бид хоёрт мэдэгдэлгүйгээр шүүх хурал явуулаад, нэг шүүгч “Н.Төмөрхүү, С.Чинзориг хоёр хууль зөрчсөн байна” гэж шийдвэр гаргаад байсан. Үндсэн хуульд хүн бүр шүүхийн өмнө эрх тэгш байна гэсэн байдаг. Тэгсэн мөртлөө шүүх хуралд бид хоёрыг нэг ч удаа хариуцагчаар оролцуулаагүй. Аль ч шүүх нь шүү. Тэгэхээр нь Өвөрхангай аймгийн шүүхэд “Бидний эрхийг ноцтой зөрчиж байна. Шүүх хуралд гуравдагч этгээдээр оролцуулж өгөөч” гэж өргөдөл гаргахад “Гуравдагч этгээдээр оролцуулах шаардлагагүй” гэсэн захирамж гаргаж байгаад биднийг буруутгасан шийдвэр гаргасан. Маргааш нь “Биднийг шүүх хуралд оролцуулалгүйгээр бидний эрхийг хөндсөн шийдвэр гаргасан тул давж заалдъя” гээд өргөдөл өгөхөд “Та хоёр хэргийн оролцогч, хариуцагч биш учраас давж заалдах эрхгүй” гэсэн. Бид хоёрыг буруутгаж байгаа атлаа хариуцагчаар ч, гуравдагч этгээдээр ч оролцох эрх олгоогүй. Давж заалдах эрхийг маань хүртэл хаасан. Хүний эрхийг бүдүүлгээр зөрчиж, эрх мэдэлтэй, мөнгөтэй хүмүүс шүүхийг хүчээр гар, хөлөө болгож, улаан цагаан дээрэм хийсэн.

-Үндсэн хуулийн цэцэд хэзээ хандсан юм бэ?

-СЕХ-ны шийдвэрийг Үндсэн хуулийн цэц хянадаг хуультай. Тийм учраас өнгөрсөн долоо хоногт “СЕХны шийдвэр Үндсэн хуулийг зөрчсөн байна. Үүнийг хянаж өгөөч” гэсэн өргөдөл өгсөн.

-СЕХ Үндсэн хуулийг яаж зөрчсөн юм бэ?

-2012 оны аравдугаар сарын 16-нд СЕХ хуралдаад Н.Төмөрхүү бид хоёрт Өвөрхангай аймгийн Сонгуулийн түр хорооноос олгосон, УИХ-ын гишүүний түр үнэмлэхийг хүчингүй болгож, Г.Батхүү, Д.Зоригт хоёрыг УИХ-д сонгогдсонд тооцон, УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтсон шийдвэр гаргаж, аравдугаар тойргийн хороог татан буулгасан. Гэтэл маргааш нь аравдугаар сарын 17-нд Өвөрхангай аймгийн шүүх “Аравдугаар тойргийн хорооны гомдлыг шүүхээр авч хэлэлцэх нь зүйтэй” гэсэн захирамж гаргасан. Энэ бол шүүхийн процесс дуусаагүй гэдгийг илтгэж байгаа юм. Өөрөөр хэлбэл, УИХ-ын аравдугаар тойргийн хорооны гомдлыг авч хэлэлцэхээр шүүх шийдвэрлэсэн. Гэтэл СЕХ бүх асуудал дууссан гээд хүч түрээд шийдчихсэн. Үндсэндээ шүүхийн процесс дуусаагүй байхад СЕХ шийдвэр гаргасан. Уг нь Сонгуулийн хуулиар бол тойргийн хороо сонгуулийн эцсийн дүнг гаргах онцгой эрхтэй.

-Шүүх нөлөөнд автсан тухай сая та ярилаа. Харин Цэц ямар шийдвэр гаргах бол?

-Цэц асуудлыг шударгаар шийднэ гэж итгэж байгаа. Ардчилсан нийгэмд чинь Үндсэн хуулийн гол манаач нь Цэц шүү дээ. Шүүх нь мөнгөтэй хүмүүст үйлчилчихдэг юм байна. СЕХ нь бас намд үйлчлээд, хүчээр дээрэм хийчихдэг юм байна. Үндсэн хуулиар олгогдсон, ард түмний сонгох эрхийг Үндсэн хуулийн цэц хамгаалах байх.Би 2012 оны арваннэгдүгээр сарын эхээр Цэцэд өргөдөл өгсөн юм. Тэгэхэд Цэц надад “Таны энэ асуудлыг шүүх хянаж дуусаагүй юм байна. Тийм учраас Үндсэн хуулийн цэц маргаан үүсгэлгүй буцааж байна. Хууль хяналтын байгууллага хянаж, эцсийн шийдвэр гаргасны дараа манайд дахин хандах боломжтой” гэсэн хариу өгсөн. Тиймээс энэ талаар иргэний болоод эрүүгийн журмаар хянаж буй асуудал байхгүй учраас Үндсэн хуулийн цэцэд хандаж байгаа юм.

-Н.Төмөрхүү та хоёрыг насанд хүрээгүй хүүхдийг сонгуулийн сурталчилгаанд оролцуулсан гэж шүүх тогтоосон уу?

-Үүнийг хэн ч тогтоогоогүй, нотлоогүй. “С.Чинзориг, Н.Төмөрхүү нар ийм хоёр хүүхдийг сонгуулийн сурталчилгаанд оролцуулсан байна” гэж АН-ынхан шүүхэд зураг үзүүлсэн байна лээ. Шүүх түүнд үндэслээд “Насанд хүрээгүй хүүхдийг сонгуулийн сурталчилгаанд оролцуулсан нь тогтоогдож байна” гэсэн шийдвэр гаргачихсан. Энэ хоёр хүүхэд сонгуулийн сурталчилгаанд оролцсон уу, үгүй юү гэдгийг албан ёсоор тогтоосон юм огт байдаггүй.

-Үүнийг тогтоож байж л асуудлыг шийдэх ёстой биз дээ?

-Тийм. Гэтэл шүүх хэт нэг талыг барьж, асуудалд хандаад байгаа. Сонгуулийн ардчилал гээч юм Монгол Улсад үндсэндээ байхгүй болчихож. Мөнгөтэй хүн, ганцхан шүүгчийн захирамжаар асуудлыг шийдээд байх юм бол яаж ардчилал байх юм бэ. Ардчиллын үндсэн зарчим бол чөлөөт сонгуулиар ард түмэн төрөө байгуулах шүү дээ. Гэтэл чөлөөт сонгуулиар дамжуулж, төр барих ард түмний эрхийг мөнгөтэй ганцхан хүн, ганцхан шүүгч өөрчлөөд байх юм бол асуудал Монгол Улсад ардчилал байна уу, үгүй юү гэдэг хэмжээнд очиж байна.

-Шүүх шинэчлэгдэж байгаа гээд л байгаа шүү дээ. Гэтэл та шүүх шинэчлэгдэх нь байтугай шал дордож байгаа тухай ярьж байна.

-Шүүх шинэчлэгдээгүй байна. Манай Ерөнхийлөгчийн яриад байгаа хуулийн засаглал тогтсон гэдэг нь худал болж таарлаа. Нэг зүйл ярья. 2012 оны долдугаар сарын 2-нд Г.Батхүү, Д.Зоригт хоёр Хан-Уул дүүргийн шүүхэд өргөдөл гаргаж, “С.Чинзориг, Н.Төмөрхүү хоёр хууль зөрчсөнийг тогтоож өгөөч” гэсэн байдаг юм. Гэтэл маргааш нь долдугаар сарын 3-нд шүүх “С.Чинзориг, Н.Төмөрхүү хоёр хууль зөрчсөн нь тогтоогдож байна” гэж ганцхан хоногийн дотор, гэрлийн хурдаар шийдвэр гаргасан байсан. Ингээд харахаар шүүх асуудалд үнэхээр шуурхай, хурдан хандаж байгаа юм шиг харагдана. Үнэндээ мөнгөтэй хүнд үйлчлээд, ганцхан хоногийн дотор шийдвэр гаргасан. Н.Төмөрхүү бид хоёрыг буруутгаж байгаа хэрнээ биднийг шүүх хуралд хариуцагчаар оролцуулалгүй, Г.Батхүү, Д.Зоригт хоёрыг өмгөөлөгчтэй нь суулгаж байгаад шийдвэр гаргачихсан байдаг юм.

-Шүүх яагаад ингэж нөлөөнд автчихав, хэн нөлөөлөв?

-Мэдээж, Монголын толгой баячуудын нэг Г.Батхүү, Д.Зоригт хоёр түрийвчээрээ нөлөөлсөн биз. Тэр нь тодорхой байгаа биз дээ.

-Гурван жилийн дараа дахиад УИХ-ын сонгууль болно. Тэр үед ийм маргаан давтагдвал Монголд сонгууль явуулахын утга учир байхгүй болно. Иргэд ч сонгох эрхээ эдэлж байна хэмээн санал өгөх аргагүй болох нь ээ.

-Хамгийн гол аюул нь энэ байхгүй юу. Сонгогдох, сонгох эрх байхгүй. Мөнгөтэй улсууд ганцхан шүүгчийг халаасандаа хийгээд хэдэн мянган хүний саналыг хүчингүй болгуулж, асуудлыг хүчээр шийдчихэж байна. Энэ бол ард түмэн өөрийн төлөөллөөр дамжуулж төрийн эрх барина гэсэн Үндсэн хуулийн гол үзэл баримтлалыг ноцтой зөрчиж байгаа хэрэг. Ийм л бусармаг, бүдүүлэг үйл явдал болоод байна. Мөнгөтэй хүний арга өөр болжээ. Өмнө нь сонгогчдыг мөнгөөр худалдаж авах гэж тав, арван мянган төгрөг тараадаг байсан бол одоо “Хууль чанга болсон, мөнгө тараахыг хориглосон” гэж наанаа сайхан ярьчихаад цаанаа ганцхан шүүгчийг худалдаад авчихаж байна. Бүр амархан болж. Олон мянган хүнд мөнгө тараахын оронд ганцхан хүнд мөнгө өгчихдөг болж. Монголд даргын дарангуйлал биш хуулийн дарангуйлал тогтсон гэдэг нь худлаа юм байна. Яах вэ, Чинзориг хувь хүнийхээ хувьд хохироод байх юм алга. Өвөрхангайн хэдэн мянган иргэний эрх ашгийг ингэж бүдүүлгээр зөрчиж, сонгогчдын сонголтыг нулимж байгаад нь Г.Батхүү, Д.Зоригт хоёрт үнэхээр их гомдож байна.

-Н.Төмөрхүү та хоёрт саналаа өгсөн сонгогчид юу гэж байгаа бол?

-Сонгогчдын эрх ашгийг хамгаалах түр хороо байгуулсан. Өвөрхангай аймгийн бүх сумаар явж, сонгогчидтой уулзан, саналыг нь асуухад “Бид Г.Батхүү, Д.Зоригт хоёрыг сонгоогүй. Тиймээс тэднийг эргүүлэн татах хүртэл тэмцэнэ” гээд 25 мянган хүн гарын үсгээ зурсан байна лээ. Түүнийгээ Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, УИХ-ын дарга З.Энхболд нарыг Ерөнхийлөгчийн сонгуулиар Өвөрхангайд очиход нь гардуулж өгсөн гэсэн. Ард түмэн сонголтоо баталгаажуулахаар энэ мэтчилэн тэмцэж байгаа.

-Та хоёр л тэмцээд байна уу, та хоёрын ар талд МАН байгаа юу?

-Өвөрхангайн сонгогчдын сонголтыг баталгаажуулахын төлөө манай нам дуу хоолойгоо гаргасан. Буйдантай суулт хүртэл хийж үзлээ. Энэ бол ард түмний сонголтыг баталгаажуулахын төлөө хийсэн нэлээд хурц тэмцэл байсан гэж би үзэж байгаа. Нөгөө талаас МАНын удирдлагууд, УИХ дахь МАНын бүлгийн удирдлагууд зоригтой дайчин, шуурхай тэмцэж чадсангүй гэж хэлэх юм бий. Яагаад ингэж хэлж байна вэ гэхээр УИХ дахь намын бүлэг өнгөрсөн жил УИХ-д намын бүлгээ байгуулж, зохион байгуулалтад орчихсон бол улс төрийн тэмцлийг УИХ-д хүчтэй хийж чадах байсан. Гэтэл намын бүлгээ байгуулж чадаагүйгээс зохион байгуулалтад орж чадаагүй, УИХ-аас завсарлага авч чадахгүй, олонхид хүч түрүүлж, дөрлүүлсэн. Энэ бол Өвөрхангай аймгийн сонгогчдын саналыг баталгаажуулж чадаагүйд хүргэсэн алдаа гэж би үздэг.

-Өвөрхангайн тойргийг МАН, АН хувааж авахаар улс төрийн тохироо хийсэн гэж нэг хэсэг ярьсан. 2012 оны арванхоёрдугаар сард Г.Батхүү тангараг өргөж, Өвөрхангайн нэг суудал хоосон үлдэхэд дээрх яриа үнэнд нэлээд ойртсон л доо. Нөгөө суудлын эзэн нь таныг гэсэн таамаг ч байсан. Гэтэл энэ оны тавдугаар сард гэнэт Д.Зоригт тангараг өргөчихсөн. Тийм тохироо хийсэн нь үнэн үү?

-Хавар Д.Зоригтыг тангараг өргүүлэх үед МАН бүлгийн зохион байгуулалтад орчихсон байсан учраас Д.Зоригтыг тангараг өргүүлэхгүй байх боломж байсан. Хоёр нам улс төрийн тохироо хийсэн нь үнэн шүү дээ. АН Г.Батхүүг, МАН С.Чинзоригийг УИХ-д оруулъя гэж тохирсон. Энэ тохироогоо хэрэгжүүлэхээр МАН шахаж, Д.Зоригтыг тангараг өргүүлэхгүй байх, УИХ-аас завсарлага авах гэх мэтээр хүчтэй тэмцэл өрнүүлэх боломж байсан. Харамсалтай нь манай МАН-ын бүлэг тэгээгүй. Д.Зоригтыг тангараг өргөхөд чуулганы хуралдаанд оролцож, ирц бүрдүүлээд, хурал дээр нь ганц хоёр хүн шүүмжлэл хэлсэн болоод өнгөрөөсөн. Энэ бол манай намын гаргасан алдаа.

-Сонгогчдын сонголтыг хүндэтгэх ёстой болохоос зөвшилц өх ёстой юм уу. Зөвшил цөөд шийдчихдэг юм бол сонгууль явуулах хэрэггүй биз дээ?

-Ард түмнээс сонгогдсон төлөөллийг УИХ-д оруулж, сонгогчдын сонголтыг баталгаажуулъя, хоёрын хоёр суудлыг хүч түрэмгийлж авна гэдэг бол арай хэтэрсэн асуудал гэж зөвшилцсөн. Хувийн сонирхлоор зөвшилцөл хийсэн гэж хэлж чадахгүй. Улс орныг тогтвортой, хүчтэй байлгахад улс төрийн зөвшилц өл их хэрэгтэй. Нөгөө талаас явцуу хүрээнд, өөрсдийн эрх ашгийг хамгаалсан зөвшилцөл байвал үүний эсрэг хатуу тэмцдэг, намын гишүүд нь дуу хоолойгоо гаргадаг, эсэргүүцдэг байх ёстой. Манай намд ч, АН-д ч наанаа ардчилал ярьдаг хэрнээ цаанаа түрийвч нь нэг болчихсон улсууд бий байх шүү. Ийм улсуудаас салах, намыг цэвэршүүлэх талаар анхаарах шаардлагатай юмнууд байх шиг байгаа юм.

-Алдаа гаргаад байгаа намд шинэчлэл зайлшгүй хэрэгтэй байх, тийм үү?

-Шинэчлэлийг дэмжиж байгаа. Ер нь улс төрийн нам бол амьд организм шүү дээ. Амьтай болгон шинэчлэгдэж, өөрчлөгдөж байдаг нь жам. Тийм учраас шинэчлэлийн талаар байнга ярьж байх ёстой. Шинэчлэлийн төлөөх залуусын хөдөлгөөн үр дүнд хүрсэн гэж би ойлгож байгаа. Их хурлаа энэ онд багтаан хийх зөвшилцөлд хүрсэн нь шинэчлэлийнхний эхний үр дүн. Одоо нам юугаа шинэчлэх вэ гэдгийг Их хурлаар шийдэх ёстой. Шийдвэрээ маш оновчтой гаргаж чадвал энэ залуусын эхлүүлсэн шинэчлэлийн бодлого их үр дүнтэй болно. Ерөнхийдөө манай нам ард түмний итгэлийг алдаад байгаа нь үнэн. Энэ намыг удирдаж байгаа, намын нэрээр ажил хийж, албан тушаал хашиж байгаа, манай хүмүүсийн үйл ажиллагаа, байгаа байдлыг ард түмэн таалахгүй байгаа учраас намын нэр хүнд унаж, олон түмний итгэлийг алдаж байгаа. Тийм учраас намын Их хурал дээр үүнийг ярьж, намын удирдлагуудад хэлэх ёстой юмаа хэлж, итгэл, сэтгэлээрээ Их хуралдаа оролцох боломжийг гишүүддээ манай намын удирдлагууд өгөөсэй гэж хүсэж байна. Тэгж чадвал манай намын Их хурал маш үр дүнтэй болно.

Х.БОЛОРМАА

Эх сурвалж: "ӨНӨӨДӨР" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж