
АЗХ-ны Удирдлагын зөвлөл нь 51 хүний бүрэлдэхүүнтэй бөгөөд дүрмээрээ бол 30 гишүүн нь 21 аймаг, есөн дүүргийн төлөөлөл байх учиртай аж. Гэтэл энэ зарчим алдагдаж, нэг үгээр хэлбэл АЗХ нь “Нэг ардчилал” клуб болчихсон гэж зарим дүүргийн АЗХ-ны залуус гомдоллодог болоод байгаа. Басхүү АН анхнаасаа залуучуудын байгууллагаа хүчтэй байлгах бодлогоо алдсан. Намын дүрэмд ердөө “Намын дэргэд залуучууд, эмэгтэйчүүд, ахмадын байгууллага байж болно” гэсэн ганцхан өгүүлбэр байдаг нь АЗХ-гоор хэн дуртай нь оролдох болсон шалтгаан гэж тайлбарлах хүн ч байна. Ер нь АН-ын томчууд өөр хоорондоо хагарал үүсгээд байгаа нь залуучуудын байгууллагынхаа хүчийг ч багагүй тарамдуулж байгаа бололтой. Баянзүрх дүүрэгт л гэхэд хоёр нам тус бүр хоёр даргатай болсон нь “багачуулдаа” муу үлгэр дуурайл болжээ. Баянзүрх дүүргийн АН-ын даргаар Д.Пүрэвдаваа, С.Зоригтбаатар гэсэн хоёр хүн сонгогдож, хоёулаа тамга барьж буй. Энэ маргаан өнөөдрийг хүртэл эцэслэн шийдэгдсэнгүй. Тиймээс залуус нь ч хоёр хуваагдчихаж. Хуваагдах ч юу байх вэ. Хуучин АЗХ-ныхон нь ажилладгаараа ажиллаж байтал Д.Пүрэвдаваа даргын намд бас нэг АЗХ шинээр байгуулагдсан байна. Түүнийг нь Т.Баясах гэдэг залуу тэргүүлж байгаа аж. Энэ мэтээр АЗХ-ны залуус эв зүйгээ нэг л олж чадахгүй байна. МАХН-ын залуучуудын байгууллагын хувьд удирдлагаа өөрчлөх болоход АН-ынх шиг ингэж бужигнаж байгаагүй. Үндсэндээ дээрээс нь сайн чиглүүлж өгдөг. Намын даргаасаа л хамааралтай байдаг гэхэд болно. АЗХ-ны энэ эмх замбараагүй байдал хийгээд ерөнхийлөгчийн төлөөх тэмцэл нь нэг талаас жинхэнэ ардчилсан үзэлтэйг илтгэж буй мэт боловч нөгөө талаас АН залгамж халаагаа бэлдэх нэгдсэн бодлогогүй болсныг илтгэх шиг.
Үүнээс гадна залуучуудын байгууллагыг удирдахын төлөө тал талаас зах замбараагүй өрсөлдөөд байгаа нь цаанаа их учиртай. Аливаа олон нийтийн байгууллага авч яваа хүмүүстээ ашиг орлогын үүдийг нээж өгдөг нэг “тийм” жишиг бий. Бидэнд олдсон мэдээллээр бол АЗХ-ны ээлжит бус IV чуулганыг зохион байгуулахад 21 сая төгрөг шаардагдах юм гэсэн. Харин ерөнхийлөгчөөр сонгогдсон хүн үүний 10 саяыг нь гаргах талаар дотооддоо яригдсан байдаг. Энэ чинь үндсэндээ намын ҮЗХ, улмаар УИХ-д нэр дэвших дайны “төлбөртэй” юм биш үү. Тэгэхээр АЗХ гэгч тун ашигтай байгууллага бололтой юм.
Ямартай ч тус холбооны ээлжит бус IV Үндэсний чуулган ирэх лхагва гарагт болно. Чуулганаар ерөнхийлөгч болон дэд ерөнхийлөгчийг сонгоно. АН-ын аль фракц хүчтэй байгаа нь энэ сонгуулиас тодхон харагдах биз ээ.
Ч.Дашдэлэг.
Зохиогчийн эрх: “Улс төрийн тойм” сонин.