Xөрөнгө оруулалтын асуудалд санаагаа чилээж байна

Хуучирсан мэдээ: 2013.09.24-нд нийтлэгдсэн

Xөрөнгө оруулалтын асуудалд санаагаа чилээж байна

Нам, эвслийн бүлгүүд хөрөнгө оруулалтын асуудалд санаагаа чилээж байна

УИХ дахь нам, эвслийн бүлгүүд өчигдөр хуралдаж, УИХ-ын ээлжит бус чуулганы хуралдаанаар хэлэлцэж буй хуулийн төслүүдийн талаар санал солилцож, ажлын хэсгийнхний дүгнэлтийг сонссон байна.

Н.ЭНХБОЛД: Хоёр хуулийн төслийг л ээлжит бус чуулганаар батлах боломжтой

УИХ дахь Ардын намын бүлгийнхэн УИХ-ын ээлжит бус чуулганы хуралдаанаар хэлэлцэж буй хуулийн таван төслийг дэмжиж байгаа ч илүү боловсронгуй болгох ёстой гэсэн байр суурийг баримталж байгааг бүлгийн дарга Н.Энхболд дуулгасан. Эхний ээлжинд Хөрөнгө оруулалтын тухай хуулийн төсөл, Хөрөнгө оруулалтын сангийн тухай хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх ажлын хэсгийнхнийг уг хуулийн төслүүд дээр нэлээд ажиллах ёстой гэж УИХ дахь Ардын намын бүлгийнхэн үзэж байгаа аж. “Хуулийн төслүүдийг боловсронгуй болгоход цаг их орох ч ажлын хэсгүүд санаачилгатай ажиллаж, байнгын хороогоор товлосон хугацаандаа хэлэлцвэл ээлжит бус чуулганы хуралдаанаар  хуулийн төслүүдийг батлах боломжтой” гэж УИХ дахь Ардын намын бүлгийн дарга Н.Энхболд хэлсэн юм. Харин үлдсэн гурван хуулийн төсөл болох Алтны худалдаанд ил тод байдлыг бүрдүүлэх тухай, Урт нэртэй хуулийг дагаж мөрдөх журамд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн төслүүдийг УИХ-ын гишүүд, олон нийт нэг ойлголттой болсны дараа УИХ-ын намрын чуулганаар хэлэлцэх эсэхийг нь шийдэх ёстой гэж УИХ дахь Ардын намынхан үзэж байгаа аж. Хөрөнгө оруулалтын тухай хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэхээр УИХ дахь Ардын намын бүлгээс байгуулсан ажлын хэсгийг ахлагчаар ажиллаж буй УИХ-ын гишүүн А.Тлейхан “Хөрөнгө оруулагчдын сонирхлыг татахуйц шинэ бүлэг нэмэх шаардлага байна. Хөрөнгө оруулалтыг 15 тэрбум төгрөгөөр хязгаарлах нь өрөөсгөл бөгөөд хөрөнгө оруулагчдыг том, жижиг гэж ялгах ёсгүй. Нэг хуулийг дагуулж данхайсан бүтэцтэй байгууллага байгуулдаг явдлыг зогсоох хэрэгтэй. Хөрөнгө оруулалтын тухай хуулийн төсөлд хөрөнгө оруулалтын асуудал хариуцсан тусгай агентлаг байгуулахаар тусгасан байсан. Ийм шаардлага байхгүй гэж бид үзэж байна. Хөрөнгө оруулалтууд зөвхөн Улаанбаатарт төвлөрөх биш хөдөө орон нутаг, бүс нутаг руу чиглэсэн байвал илүү урамшуулал, хөнгөлөлт эдлэх заалтыг ч уг хуулийн төсөлд тусгах хэрэгтэй” хэмээж байлаа.

Д.ЭРДЭНЭБАТ: Гурван хуулийн төслийг ээлжит бус чуулганаар батлах шаардлагатай

УИХ дахь Ардчилсан намын бүлгийнхэн УИХ-ын ээлжит бус чуулганаар хэлэлцэж буй таван хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх ажлын явц ямар байгаа талаар ажлын хэсгийнхнээс мэдээлэл сонссон байна. Хөрөнгө оруулалтын тухай хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх ажлын хэсгийнхэн өнгөрсөн баасан гарагт хувийн хэвшлийнхэнтэй уулзаж, санал бодлыг нь сонссон гэдгээ бүлгийн гишүүдэд танилцуулжээ. Ажлын хэсгийнхэн зарчмын зөрүүтэй 60 гаруй санал гаргасан тул ажлын хэсгийг дахин хуралдсаны дараа ээлжит бус хурал зарлаж, мэдээлэл авах нь зүйтэй гэсэн байр суурин дээр УИХ дахь Ардчилсан намын бүлгийнхэн нэгджээ. Хөрөнгө оруулалтын тухай хуулийн төсөл, Хөрөнгө оруулалтын сангийн тухай хуулийн төсөл, Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн төслийг УИХ-ын ээлжит бус чуулганы хуралдаанаар батлах шаардлагатай гэдэг асуудал дээр  бусад намтай ойлголцолд хүрч байгаа гэдгийг УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дарга Д.Эрдэнэбат онцолсон. Харин Алтны худалдааг ил тод болгох тухай болон Урт нэртэй хуулийг дагаж мөрдөх журамд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг яаран хэлэлцэж, түүхийгээр нь батлахгүй байх ёстой гэдэг дээр УИХ дахь Ардчилсан намын бүлгийнхэн санал нэгджээ. УИХ дахь Ардчилсан намын бүлгийнхэн дээрх асуудлыг хэлэлцсэнээс гадна Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаяраас эдийн засгийн өнөөгийн нөхцөл байдлын талаар мэдээлэл авсан байна. Эдийн засгийн хөгжлийн сайдын мэдээлэл дээр үндэслэн төсвийн шинэчлэл зайлшгүй хийх хэрэгтэй гэдэг асуудал дээр Ардчилсан намынхан санал нэгдсэн байна. УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дарга Д.Эрдэнэбат “УИХ-ын ээлжит чуулганаар 2014 оны төсөв хэлэлцэхээс өмнө 2013 оны төсвийн гүйцэтгэлд тодотгол хийх зайлшгүй шаардлага байгаа эсэхийг Засгийн газар шийдвэрлэх ёстой” хэмээсэн.

Н.БАТЦЭРЭГ: Орон нутгийн хөрөнгө оруулалтад анхаарал хандуулах цаг болсон

УИХ дахь “Шударга ёс” эвслийн бүлгийнхэн мөн л УИХ-ын ээлжит бус чуулганы хуралдаанаар хэлэлцэж буй хуулийн төслүүдийн талаар санал бодлоо хуваалцсан байна. Тодруулбал Хөрөнгө оруулалтын тухай хуулийн төсөл, Хөрөнгө оруулалтын сангийн тухай хуулийн төслийг хэрхэх талаар ярилцжээ. Хөрөнгө оруулалтын тухай хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх ажлын хэсэгт “Шударга ёс” эвслийн бүлгийг төлөөлж, УИХ-ын гишүүн Д.Батцогт, Хөрөнгө оруулалтын сангийн тухай хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх ажлын хэсэгт УИХ-ын гишүүн Г.Уянга ажиллаж байгаа. Эвслийн зүгээс Хөрөнгө оруулалтын хуулийн төсөл, Хөрөнгө оруулалтын сангийн тухай хуулийн төслийг УИХ-ын ээлжит бус чуулганы хуралдаанаар батлахыг зарчмын хувьд дэмжиж байгаа юм байна. Гэхдээ тус бүлгийнхэн хөрөнгө оруулалтыг Улаанбаатар, хөдөө орон нутаг гэж ангилах нь зүйтэй гэж үзжээ. Тухайлбал, орон нутгийн хөрөнгө  оруулалтад анхаарал хандуулах цаг болсныг эвслийн бүлгийн гишүүд онцолсон гэдгийг УИХ дахь “Шударга ёс” эвслийн бүлгийн дарга Н.Батцэрэг хэлж байсан. Хөрөнгө оруулалтын хэмжээ, салбараас нь хамаарч татварынх нь хэмжээг зөрүүтэйгээр зааж өгөх, салбарыг нь ил тод зарлах ёстой гэсэн саналыг тус бүлгийн гишүүд гаргасан байна.

Р.САРАНГОО

Эх сурвалж: "УЛС ТӨРИЙН ТОЙМ" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж