Орчин үеийн, олон улсын стандартад нийцсэн “Гранд мед” эмнэлгийн шинэ барилгыг хүлээн авах ёслолын ажиллагаа 2013 оны 09 сарын 21-ний балжинням, дашнямтай билигт сайн өдөр боллоо. БНСУ-ын эмнэлгийн менежментийг нэвтрүүлсэн, өндөр ур чадвартай Солонгос эмч нарын баг болон монгол эмч нартай энэхүү эмнэлэг нь нуруу нугасны төрөлжсөн төв эмнэлэг болох гэж буйгаараа онцлогтой. Мөн бүх төрлийн шинжилгээг богино хугацаанд, найдвартай хийх юм.
Барилгыг хүлээлгэн өгсөн “Жигүүр гранд” группийн Ерөнхийлөгч, Монгол Улсын Гавьяат барилгачин Д.Баттөр:
-Эмнэлгийн энэхүү барилгыг “Жигүүр гранд”-ын олон жилийн туршлагатай, чадварлаг барилгын хамт олон чанарын өндөр төвшинд барьж ашиглалтад өглөө. Халуунд халж, хүйтэнд хөрж явдаг барилгачдадаа “Гранд мед” эмнэлгийн хамт олны нэрийн өмнөөс халуун баяр хүргэе.
Нуруу нугасны өвчин дэлхий нийтийг харшлаас дутуугүй шаналгаж байна. Орчин үеийн өвчин гэж хэлж байгаа нь оргүй зүйл биш юм. Жолоооны ард болон албан тасалгаанд удаан суух зэрэг нь нуруу нугасны өвчнийг бий болгож байна. Эмнэлгийн маань тоног төхөөрөмж орчин үеийн, ихэнх нь Монголд өөр хаана ч байхгүй төхөөрөмжүүд байгаа. Удахгүй эмнэлэг маань тусгай зөвшөөрлөө авснаар нуруу нугасны өвчинд шаналж байгаа хүмүүс гадагшаа явалгүй, Монголдоо оношлуулах, эмчлүүлэх, мэс засал хийлгэх боломж бүрдэнэ хэмээсэн юм.
-Өнөөдөр энэ билигт сайн өдөр эмнэлгийн шинэ байраа “Жигүүр гранд” группээс хүлээн авч байгаадаа баяртай байна. Эмнэлэг маань нуруу нугасны төрөлжсөн эмнэлэг гэдгээс гадна бүх төрлийн шинжилгээг богино хугацаанд, найдвартай хийх орчин үеийн, дэлхийн стандартад нийцсэн тоног төхөөрөмжөөр бүрэн хангагдсан. Барилгыг хүлээлгэн өгсөн “Жигүүр гранд” группийн чадварлаг хамт олонд баярласнаа илэрхийлье гэсэн юм.
Нуруу нугасны мэс заслын оношилгоо-эмчилгээний чиглэлээр улсын хэмжээнд үйлчлэх энэхүү эмнэлгийн найман давхар барилгыг 24 жилийн түүхтэй “Жигүүр гранд” группийн хамт олон барьж өгчээ. Энэхүү шинэ эмнэлгийн бүх тоног төхөөрөмжийг дэлхийд алдартай Seimens, General electronics, Olympus, Zeiss, Medtronic брэндийн эмнэлгийн тоног төхөөрөмжөөр иж бүрэн тоноглосон байна.
-Нуруу нугасны мэс заслын эмч нарын баг “Гранд мед” эмнэлэг дээр ирээд байна. Өнөөдөр шинэ барилгаа хүлээн авлаа. Удахгүй зөвшөөрлөө авахаар мэс заслаа хийж эхэлнэ. Бид нарыг дагалдан монгол эмч нар мэс засал хийнэ. Ирээдүйд монгол эмч нарын баг нуруу нугасны мэс заслыг дэлхийн төвшинд хийж эхэлнэ.
“Гранд мед” эмнэлэг тун удахгүй ЭМЯ-наас эмнэлгийн үйл ажиллагаа явуулах тусгай зөвшөөрлөө авахаж. Энэхүү эмнэлэг ЭМЯ-наас тусгай зөвшөөрлөө авч ажиллаж эхэлснээр Монгол Улсад эмчлэх боломжгүй 27 өвчний жагсаалтаас “нугасны ёзоорын дарагдал өвчин”-ийг төгс эмчлэх сайхан боломж нээгдэх юм. Энэ нь Монгол Улсын Засгийн газрын мөрийн хөтөлбөр, ЭМЯ-ны стратеги, зорилтод тусгасан Эрүүл мэндийн салбарт орчин үеийн шилдэг технологи нэвтрүүлэх бодлого, зорилттой ч яв цав нийцэж байна.
Монгол Улсын ЭМЯ нь “Гранд мед” нуруу нугасны төрөлжсөн нарийн мэргэжлийн эмнэлгийг нээхэд бүх талаар дэмжлэг, зөвлөгөө өгч ажиллаж байгаа юм байна.
Зургийн тайлбар: /барилгачидтай/ Эмнэлгийн найман давхар барилгыг “Жигүүр гранд”-ын олон жилийн туршлагатай, чадварлаг барилгын хамт олон чанарын өндөр төвшинд барьж ашиглалтад өглөө