Инфляци аль хэдийнэ 13 хувьд хүрчээ

Хуучирсан мэдээ: 2010.06.11-нд нийтлэгдсэн

Инфляци аль хэдийнэ 13 хувьд хүрчээ

МАХНЫ ҮНИЙН ӨСӨЛТ ИНФЛЯЦИ ХӨӨРӨГДӨХ ШАЛТГААН МӨН ҮҮ

Үндэсний статистикийн хо­рооноос өчигдөр Монгол Улсын нийгэм, эдийн засгийн байд­лын энэ оны эхний та­ван сарын үзүүлэлтийг танилцууллаа. Энэ хугацаанд нэг өр­хийн сарын дундаж орлого 393 мянган төгрөг болж өмнөх оны мөн үеийнхээс 14 ху­виар өссөн, халдварт өвч­нөөр өвчлөгсдийн тоо 5.3 хувиар буурсан, гэмт хэргийн тоо 8.3 хувиар багассан зэрэг эерэг үзүүлэлтүүд гарчээ. Гэвч хэрэглээний үнийн индекс өмнөх оны эцсийнхээс 13.1 хувиар өссөн нь анхаарал та­таж байна. Инфляци ийнхүү хоёр оронтой тоонд хүртэл өссөн нь хүнсний бүтээгдэхүүний үнийн өсөлт, тэр дундаа махны үнэ огцом нэ­мэгд­сэн­тэй холбоотой гэж статистикчид хэллээ. Ер­дөө ганцхан сарын өмнө 9.7 хувьтай байсан индекс тав­дугаар сарын эцэст хамгийн өндөр хувиар өссөн байна. Үүнд махны үнийн өсөлт 90 хувиар нөлөөлж, нийслэлийн хэрэглэгчид гол ачааг үүрсэн гэнэ.
Тэдний “Инфляци өсөхөд махны үнэ нөлөөлсөн” хэмээн мэдээлж байгааг буруутгах аргагүй. Статистикийн бай­­гуул­лага үндсэн чиг үүр­­гийн­хээ дагуу ажиллахад ийм дүр зураг харагдах нь ч гарцаагүй юм. Харин жинхэнэ шалтгаан нь махны үнэ бус, үнийг хөөрөгдсөн хүчин зүйл байх учиртай. Тиймээс хамаг учир халамжийн 70 мянгад оршиж буй нь тодорхой болж байна.

МӨНГӨНИЙ НИЙЛҮҮЛЭЛТ САЙЖРАВ

Монголбанкны мэдээгээр мөнгөний нийлүүлэлт тав­ду­гаар сарын эцэст 3.2 их наяд болж, өмнөх оны мөн үеийн­хээс 848.4 тэрбум төгрөг бу­юу 35.3 хувиар өсчээ. Харин гүйлгээнд байгаа бэлэн мөнгө 462.7 тэрбум хүрсэн байна. Энэ нь 21.4 хувиар өссөн үзүүлэлт юм. Эдгээр өсөлт нь аж ахуйн нэгж, байгууллага, ир­гэдэд олгосон нийт зээ­лийн хэмжээ өссөнтэй хол­боотой юм байна. Судал­гааны хугацаанд нийт зээ­­лийн өрийн үлдэгдэл 2.8 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеийнхээс 12.5 хувиар өссөн аж. Түүнчлэн хугацаа хэтэрсэн өрийн үлдэгдэл 22.6 хувиар буурсан байна. Ерөнхийдөө банкны системийн хэмжээгээр ча­нар­гүй зээл буурах хандлагатай болжээ.

АШИГ, АЛДАГДЛЫН АЛЬ НЬ ВЭ

Энэ оны эхний таван са­рын байдлаар улсын нэгдсэн төсвийн орлого, тусламжийн нийт хэмжээ их наяд, зарлага, эргэж төлөгдөх цэвэр зээлийн хэмжээ 1.1 их наяд болж, нийт тэнцэл 169.8 тэрбум төг­рөгийн алдагдалтай гарсан байна. Харин төсвийн урсгал орлого 968.7 тэрбум болж, урсгал тэнцэл 55.9 тэрбумын ашигтай гарчээ. Мөн татварын орлого өмнөх оны мөн үеийн­хээс 355.6 тэрбум буюу 71 хувиар өссөн аж. Үүнтэй хол­богдуулж Сангийн сайд С.Баярцогт “Энэ байдлаараа бол төсвийн алдагдалд тол­гой өвдөх хэрэггүй” гэсэн агуул­гатай үг хэлээд байгаа. Үнэндээ энэ бол оны эхний таван сарын л үзүүлэлт. Он дуустал иргэдийн хувь, хиш­гийг нэмж өгнө. Хүүхдийн мөн­гийг өгөх нь бараг тодор­хой болоод байгаа. Төсвийн алдагдал ч үүнээс шалтгаалж 460 тэрбумаас давах нь ойл­гомжтой болсон. Тиймээс баярлах эрт байна гэсэн үг.

АЖИЛГҮЙДЛИЙН ТҮВШИН ХЯМАРЛЫН ҮЕИЙНХТЭЙ ДҮЙЖ БАЙНА

Ажиллах хүчний судал­гаа­гаар энэ оны эхний улиралд ажилгүйдлийн түвшин улсын хэм­жээнд 12.2 хувьтай бай­на гэсэн дүн гарч байв. Ха­рин тавдугаар сарын эц­сийн байдлаар аймаг, нийс­лэлийн хөдөлмөр, ха­лам­жийн үйлчилгээний хэл­тэст бүртгэлтэй, ажил идэвх­тэй хайж байгаа иргэ­дийн тоо 38701 болжээ. Энэ нь ноднингийн өдийд бу­юу ид “хямарч” байсан үеийн­хээс ердөө 95-хан хү­нээр л буурсан үзүүлэлт юм. Өөрөөр хэлбэл, 0.2-хон ху­виар буурсан гэсэн үг. Бараг өдөр бүр шахам “Шинэ аж­лын байр” тодотголтой өдөр­лөг зохиож, олон хүн ажил­тай болж байгаа тухай мэ­дээлдэг ч бодит үзүүлэлт тун хангалтгүй байна.

“БАГА Ч ГЭСЭН ГЯЛТАЙХ ЗҮЙЛ”

Үндэсний статистикийн хорооны дэд дарга Б.Эрдэ­нэсүрэн “Энэ удаагийн су­дал­гаагаар сөрөг үзүүлэлт нэлээд гарлаа. Гэхдээ бага ч гэсэн гялтайх зүйл бас байгаа шүү” гэсэн нь аж үйлдвэрийн салбарын бүтээгдэхүүн үйлд­вэрлэл 12.2 хувиар өс­­сө­нийг хэлсэн хэрэг бай­лаа. Эхний таван сарын байд­лаар энэ салбарын нийт бү­­тээгдэхүүн үйлд­вэрлэл 2005 оны зэрэгцүүлэх үнээр 700 тэр­бум болж, өмнөх оны мөн үеийнхээс 76.3 тэрбум төг­рөгөөр өсчээ. Энэхүү өсөл­төд нүүрс, газрын тос, молибдени, хайлуур   жоншны баяжмал, ган төмөр хийц, сүү тараг, архи дарс зэрэг голлох нэр төрлийн бүтээгдэхүүний үйлдвэрлэлийн хэмжээ нэ­мэгд­сэн нь нөлөөлжээ.
Статистикчид энэ удаа зөвхөн нийгэм, эдийн засгийн үзүүлэлтийг бус, бизнесийн төлөв байдал, хандлага, аж үйлдвэрийн салбарын нэмэг­дэл өртгийн бодит өсөлт, буу­ралт, ажиллах хүчний гэсэн судалгааг шинэ арга зүйгээр хийжээ. Эдгээр судалгааны дүнг удахгүй албан ёсоор та­нилцуулах аж.

Ч.Дашдэлэг.
Зохиогчийн эрх: “Улс төрийн тойм” сонин.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж