О.Чулуунбат: Ц.Нямдоржид банк, санхүүгийн ямар ч мэдлэг алга

Хуучирсан мэдээ: 2010.06.11-нд нийтлэгдсэн

О.Чулуунбат: Ц.Нямдоржид банк, санхүүгийн ямар ч мэдлэг алга

УИХ-ын гишүүн О.Чулуунбатыг “Ярилцах танхим”-даа урилаа.

-Таны эсрэг ижил хэм­нэлтэй “маршууд” эгшиг­лэх болжээ. Нийтлэлч Баабар “Эдийн засгаа сүйрүүлж, ухаангүй угсраа алхмуудаар улс орноо “алаад” дууслаа шүү дээ” гэснээс тань жишээ авсан байна. Чухам ямар өнцгөөр тэр үгийг хэлсэн болоод Баа­барын “гижиг”-ийг хүр­гэчихэв?

-“Болохгүй байна” гэж би олон удаа хэлж байгаа шүү дээ. Санхүүгийн хямрал 2008 онд нүүрлэхэд ч би хэлж байсан. Гэвч үгийг маань сонсох биш, миний эсрэг үйл ажиллагаа явуулсан л даа. Уг нь бид хямралаас ганц, хоёр сарын өмнө ч гэсэн сэргийлж, арга хэмжээ авч эхлэх ёс­­той байсан. Тухайн үед Сан­гийн сайд, Монголбанкны ерөнхийлөгч хоёр УИХ дахь намын бүлэг, байнгын хо­роо­дын хуралдааны үеэр “Хям­рал Монголд сайнаар нө­лөөлнө” гэж мэдэгдэж байлаа.

Тэдний хэлсэн үг протокольд ч бичээстэй байгаа.

-Эрхэм нийтлэлч маань Сангийн сайд асан хүн. Таны хэлснийг зөвөөр ойлгосон байх л даа?

-Би Баабарыг миний хэлсэн үгэнд шүүмжлэлтэй хандаж, бичсэн гэж ойлгохгүй байна. УИХ ард түмний тусгал мөн нь мөн. Тэр тусмаа нийгмийн толинд туссан тийм л тусгал. Нийгэм ямар байна вэ, яг л тийм парламент бүрдэнэ. Тиймээс энэ утгаар нь хар л даа. Бид дээрээ ч хэл амаа ололцохгүй, доороо ч мөн адил бужигнаж, бухимдаад, маргалдаж, сөргөлдөөд байна. Үүнд шийдвэр гаргагч тогтолцоо маань маш сайн дэм өгдөг. Бусад улсад эдийн засаг, хөгжлийн талаарх шийдвэрийг Засгийн газар нь гаргаж, хариуцах үүрэгтэй. Тэнд хаан нь ч байна уу, их хурал нь ч байна уу эсэргүүцэж л байдаг. Гүйцэтгэх засаглал бол бүтээн байгуулалт, эдийн засгийг бүхэлд нь хариуцах ёстой. Харин Монголд УИХ-ын 10-20 гишүүн шүүмжлэнгүүт айчихаж байна. Эсэргүүцсэн гишүүдийн саналаар төслийг буцааж, бүгдийг нь өөрчлөөд оруулж ирдэг. Үндсэн хуульдаа өөрчлөлт оруулахгүй бол хөгждөггүй, царцанги байдлаасаа гарахгүй юм шиг байна. Засгийн газар ч эдийн засаг, бүтээн байгуулалтын талаар шийдвэр гаргаж чадахгүй. Тавантолгой дээр хэр удах юм бүү мэд.

-Гүйцэтгэх засаглалынхан хавтастай төслөө хав дарж байгаад УИХ-аар шуурхайхан батлуулах болсон. Тавантолгой дээр ч удахгүй байх?

-Тийм зүйл ажиглагдахгүй байна. Тавантолгойн талаар зөрчилдөөнтэй зүйлс гарч ирээд л байна шүү дээ.

-“Гандирс” хорооллыг га­даадынхны луйврын мөнгөөр ба­риулах гэсэн жинхэнэ луйварчин нь О.Чулуунбат. Тэрбээр УИХ-д биш, өргөст торны цаана суух учиртай хүн” хэмээх хатуухан шүүмжлэл энэ долоо хоногийн бичлэгийн гол сэдэв болж байх шиг байна?

-Миний үйлдлийг олон жилийн өмнөөс уншиж болно. Миний найз нар ухамсарт амьдралд хөл тавьснаас хойш 30 жил үйл хөдлөлийг маань уншиж байгаа. “Хэн нэгэн найзаа хуурсан уу, хулхидсан уу, мөнгөнөөс нь тоншсон уу” гэж. Би Монголын болон гадаадын банк, санхүүгийн олон байгууллагад ажиллалаа. Ер нь хувь хүний түүх гэж байдаг. Миний түүх миний тухай тодорхой өгүүлээд өгөх байлгүй дээ. Түүнээс биш зарим хүний харддагчлан хулгайч, луйварчин нь би биш. Монголбанкинд ажиллаж байхдаа хийсэн үйлдлүүд маань нийгэмд тус нэмэр болсон гэж боддог. Ерээд оноос эхлээд ярья л даа. Би 1981-1992 он хүртэл бодлого тодорхойлогч биш, гүйцэтгэх ажилтан байсан. Харин дараа нь тэргүүн дэд ерөнхийлөгч буюу бодлого тодорхойлох хүрээнд ажиллалаа. Тэр үед арилжааны бүх банкийг клирингийн системд оруулсан. Учир нь арилжааны банкууд өөр өөрсдөдөө төв банк болчихсон байсан юм. Үүнийг бүгдийг нь клирингэд нэгтгэсэн. Ханшийг тогтворжуулж, арилжааны банкууд дэлхийд тогтсон стандарт, дэг жаягаар тоглох ёстой гэдэг дүрмийг бид хэрэгжүүлж эхэлсэн. Түүнчлэн “Алт” хөтөлбөрийн эхний санхүүжилт, нөгөө муу хэлүүлээд байдаг LC буюу letter of credit-ийг би гарын үсэг зураад л санхүүжүүлж байлаа. Ажил маань маш амжилттай болсон. Монгол Улс 1992 онд 400-500 килограмм алт олборлодог байсан шүү дээ. Үүнээс хойш 3-4 жилийн дараа 4-5 тонн болж өссөн. Миний хувьд, 2000 оноос хойш Монголбанкинд хийж байсан үйлдлүүд маань ямар нэгэн сонирхлын зөрчилгүй, “Хувьдаа мөнгө хийчихье. Хувийн банкинд тус болъё, найздаа мөнгө гаргаад өгчихье” гэсэн ямар ч санаа байгаагүй. Тэгж уншигдахаар үйлдэл гаргаж байсангүй.

-Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж “Гандирс”-ын хороолол барих 250 сая ам.долларын бохир мөнгөний урсгалыг би хаагаад эцэст нь УИХ-ын даргын албаа өгч байлаа” гэж манай сонинд өгсөн ярилцлагадаа дурьдсан. Та хоёрын дунд бие биедээ эгдүүцэх ужгирсан харилцаа байдаг юм болов уу гэж бодлоо. Үнэхээр хэзээ ч уучилшгүй явдал болсон юм уу?

-Тийм явдал ерөөсөө болоогүй. Бидний дунд юу болох вэ. Өнгөрсөн 2000-2006 оны үед Засгийн газрын хуралдааны үеэр санал зөрөлдөх асуудал зөндөө гардаг байсан. Тэр бол байх ёстой үзэгдэл. Тийм биз дээ. Би цорын ганц үнэнийг хэлдэг нь биш. Ц.Нямдорж ганцаараа шударга нь биш шүү дээ. Надад ч, Ц.Нямдоржид ч мэдэхгүй зүйл бий. Харин 2006 оны үед Ц.Нямдорж нэгэн бичиг баримтыг УИХ дахь МАХН-ын бүлгийн хурал дээр үзүүлж, “Н.Энхбаяр, О.Чулуунбат хоёр “Гандирс”-аар мөнгө угаах гэж байна” гэж байсан. Тэр бичиг баримт нь ёстой но-той, гэмт хэргийн шинж чанартай зүйл байж билээ. Яагаад тэр хүний гарт оччихсон юм бүү мэд. Над дээр тэр бичгийг нэг хүн бариад ирэхэд нь би буцааж байсан юм.

-Нууц биш бол хэн гэдэг хүн барьж орж ирсэн юм бэ?

-Сайн санахгүй байна.

-Ямар утгатай бичиг юм бол?

-“Монголд 200-300 сая ам.доллар өгье. Баталгаа гаргаж өгөөч” гэж орж ирсэн юм. Би “Болохгүй” гэж хэлээд гаргаж байлаа. Дараахан нь тэр бичиг Ерөнхийлөгчид байсан л даа. Би Ерөнхийлөгч асан Н.Энхбаяраас “Хуулгыг нь надад өгөөч” гэж хүсэхэд “Өгнө” гэсэн ч мань хүн нэг их удалгүй өөрчлөгдсөн. Гэхдээ тэр бичиг “Гандирс”-тай огт холбоогүй. Харамсалтай нь моргейжийн зээл болон “Гандирс”-ын талаар Ц.Нямдоржид хэн нэгэн хүн шал буруу мэдээлэл хүргэж байсан байх. Түүнээс гадна мань эрд Монголбанк, санхүүгийн зах зээлийн талаарх ойлголт ерөөсөө байхгүй байна. “Моргейжийн зэх зээлд мөнгө оруулж ирэхээр замаас нь хумсалчихаж болдог” гэж өөрийнх нь толгойд бодогдоод байгаа байх. Уг нь тэгэх ямар ч арга, боломж байхгүй. Тэр тусмаа хумсална гэсэн ойлголт ер байхгүй. Гэтэл мань эр “Дундаас нь мөнгө хумслаад халаасалж болдог” гэж бодоод байна. Яг өөрийнхөөрөө бодоод байгаа юм.

-“Гандирс”-ын хороолол, мор­гейж… Тухайн үед их л дэвшилттэй зүйл сонсогдож байсан. Уг хорооллыг барих уу?

-Зөндөө олон хороолол барьж байна. Энэ бол “Гандирс”-ын нэг хэсэг шүү дээ. Би “Моргейжийн зах зээлийг Монголд даруйхан хөгжүүлэх ёстой” гэж одоо ч ярьж байгаа. Монголын арилжааны банкуудад 800-900 сая ам.доллартай тэнцэх орон сууцны барьцаат зээл бий. Энэ нь сонгодог утгаараа моргейжийн нэг хэлбэр юм. Үүнийг бүгдийг нь Засгийн газар, төв банк хоёр худалдаж авах ёстой. Ийм төрлийн зээлд муу зээл гэж байдаггүй. Учир нь хүмүүс орон сууцаа алдчихгүйн тулд зээлээ хамгийн сайн төлдөг. Хэрэв дээрх газрууд эдгээрийг худалдаад авчихвал монголчуудад маань тус болно гэсэн үг. Иргэд удаан хугацааны хөнгөлөлттэй зээл авна. Одоо бол жилийн 15-20 хувийн хүү төлж байгаа байх. Засгийн газар, Монголбанк үүнийг том мөнгөөр сольчихвол жилийн 6-7 хувь л болно.

-Тэрхүү бичиг баримт, “Ган­дирс”-ыг экс Ерөнхийлөгч Н.Энх­баяртай яагаад холбох болсон юм бэ?

-Бүү мэд. Ц.Нямдоржоос асуусан нь дээр байх.

-А.Батсүхийг таны дараа Монголбанкны ерөнхийлөгчөөр томилохоос болж, Ц.Нямдорж та хоёр нэлээд ширүүн маргалдсаныг санаж байна. Танд таагүй ханддаг нь тэр явдалтай холбоотой юу?

-Үгүй, ямар ч холбоогүй. Би 2006 онд ажилтнууддаа “Ажлаа өгнө. Монголбанкинд олон жил ажиллалаа. Бодлого тодорхойлох улс төрийн хүрээнд орж ажиллах сонирхолтой байна” гээд хэлчихсэн байсан.

-Сайд саяхан өгсөн ярилцлагадаа “А.Батсүх улс төр, бизнесийн бүлэглэлүүдийн дарамт дор ажиллаж, асар их бэрхшээл туулсан. Уг нь гэм хор­гүй хүн, гэсэн ч төв банкны хаал­гыг цаанаас нь хаагаад л явлаа” гэж өгүүлсэн. Төв банкны ерөнхийлөгч тийм их дарамттай ажилладаг юм уу?

-Мэдэхгүй юм байна.

-Тэгвэл танд тийм зүйл тохиолдож байсан уу?

-Үгүй, шантраад байхдаа яадаг юм бэ. Өөрийнхөө бодлогод итгэлтэй л байвал боллоо шүү дээ.  
Надад янз бүрийн дарамт учирдаг л байсан. Би бодлогодоо зуун хувь итгэлтэй, “Миний зөв” гэж боддог байсан учраас айж, эмээдэггүй байлаа.

-Интерполоор эрэн сур­валжлагдаж буй гэх Жорж Чалмерстай хамгийн сүүлд хэзээ уулзсан бэ?

-Одоогоос нэг жилийн өмнө уулзсан байх. Гэхдээ би түүнийг манадаг манаач нь биш байсан. Сайн яривал Монголбанк, Ж.Чалмерс хоёр нэг тал болоод заргалдах ёстой юм. Түүнийг Монголд баривчилж ирсэн учрыг нь би ойлгохгүй байгаа. Монголбанкныхан гэрээгээ зөрчсөн учраас торгууль төлсөн юм. Тиймээс Ж.Чалмерстай хамт торгууль төлсөн компанитайгаа заргалдах ёстой.

-“Ж.Чалмерс О.Чулуунбатыг залилсан” гэх мэдээлэл ч бий?

-Байж болох л юм. Нэг зүйл хэлэхэд, би насаараа аккредитив нээж ажиллалаа. Түүнээс биш Ж.Чалмерстай нийлж улсыг луйвардах гээд LC аккредитив нээсэн хэрэг биш шүү дээ. Би насаараа санхүүгийн янз бүрийн инструментүүдтэй ажиллаж байна. Бүгд амжилттай сайн болж байсан. Гэвч намайг Монголбанкнаас гарсны дараа яагаад болохоо байчихав гэдэг нь сонин байгаа биз дээ.

-Дахиад л Ц.Нямдорж. Тэрбээр Ж.Чалмерсийн тухай ярихдаа “Орох оронгүй, оочих аягагүй хүн Монголд орон сууц барина гэж ирсэн” гэсэн. Тэр америк эр үнэхээр ядуу дорой нэгэн юм уу?

-Би ч гэсэн дахин хэлье. Ц.Нямдорж санхүү ойлгохгүй байна. Ойлгохгүй байж ингэж ярих хэрэггүй. Би Ж.Чалмерс юм уу цаад банкинд нь итгээгүй. Өөртөө, Монголбанк гэдэгтээ л итгэсэн. Монголбанкны инструментүүдээр ямар ч мөнгө босгож болдог гэдгийг би өөрөө 30 жил мэдэрсэн. Монголбанк бол хаанаас ч мөнгө босгож болдог маш том инструмент. Гуйлгачин ч, Билл Гейтс аваад явсан ч адилхан.

-“Нандинцэцэгтэй хөөцөлдөж байхаар наад О.Чулуунбатыг бариад аваач”. Энэхүү нийтлэлийг уншсан гэдэгт тань эргэлзэхгүй байна?

-/Инээв/. Би тэр сэтгүүлчийг хүндэлж явдаг. Даанч ямар ч барьцгүй, нягтлахгүйгээр тэгж бичиж болохгүй л дээ. Аль дээр үед хаагдсан хэрэгт намайг буруутгаж бичсэн байна лээ. Силикат тоосгоны үйлдвэрийн талаар дурьдахдаа ядаж Монголбанк, Төрийн өмчийн хороо, нийслэлийн прокуророос энэ талаар нягталж болно доо. Би тэр үйлдвэрийг хөөцөлдөж байж, Төрийн өмчийн хороогоор заруулаад улсыг алдагдалгүй болгож байсан юм. ХОТШ банкнаас нэг сая ам.долларын зээл өгсөн байсныг хувийн компани өмчилж авчих гээд надтай маргалдаж байлаа. Миний хувьд, тэрхүү үйлдвэрийг арайхийн зарж, орлогыг Монгол Улсын төсөвт оруулсан. Тэр тухай мэдэхгүй байж, тэгж хамаагүй худлаа ярьж болохгүй. Эхнэрийнхээ компанид нэг сая ам.доллар гаргаж өгч, силикат тоосгоны үйлдвэрийг авчихсан луйварчин нь би юм бол УИХ-ын гишүүн байх ёс суртахууны эрх надад байхгүй. Маргааш ч гэсэн эрхэм гишүүнийхээ мандатыг өгөөд гарахад бэлэн байна.

-Та өнгөрсөн жил “Алдагдсан гэх 10 сая ам.доллар асуудалгүй болсон” гэж байсан. Гэтэл тэр явдлыг дахин сэдрээж эхэллээ. ОХУ тал дээрх мөнгийг бүрэн төлсөн үү?

-Монголбанк өдөрт цааш, нааш хэдэн зуун саяар ярьдаг. ОХУ-д 10 сая ам.доллар гарчихсан тохиолдол бий. Одоо төлөгдөж байгаа. Би тийм том мөнгөний дугуйг эргүүлж байсан хүний хувьд зарлага гаргах эрхтэй байсан. Миний хувьд, нийт 125 тэрбум төгрөгийн орлого оруулсан байдаг. Түүнээс 60 тэрбум төгрөгийн зарлага гаргасан байгаа юм. Харин цэвэр ашиг нь 65 тэрбум төгрөг. Үүнээс өмнөх 10 жилд Монголбанк ганцхан тэрбум төгрөгийн ашгийг төсөвт нэмэрлэж байсан. Ингээд бодоод үз дээ.

-Монголбанкны Хяналтын зөв­лөлийн бүрэлдэхүүнийг УИХ өнөөдөр /өчигдөр/ шинээр томил­лоо. Энэ үеэр олон нийтийн гайхш­ралыг төрүүлсэн нь Сонгуулийн ерөнхий хорооны дарга асан Ж.Ядамсүрэнг тус зөвлөлийн даргаар томилсон явдал юм. Төр зөв хүнээ томилж чадав уу?

-Хэн томилогдох нь чухал биш л дээ. Харин хэрхэн ажиллаж чадах вэ гэдэг нь л гол асуудал. Бид 2001 оны үед гадаадын туршлага судалж, “Монголбанк Хяналтын зөвлөлтэй болох нь зөв юм байна” гэж үзээд хууль батлуулсан. Тус зөвлөлийн үндсэн зорилго нь Монголбанкны бодлогын үйлдлүүдийг олон нийтэд тайлбарлаж, хүргэх гол суваг нь болох ёстой. Түүнээс биш төв банкныханд зааж, зөвлөхдөө биш юм. Төв банкны бодлогын үйлдлүүд буруу бол шүүмжилж, зөв бол сайшаадаг байх учиртай. Бусад улсын төв банкны Хяналтын зөвлөлүүд голдуу ийм хэлбэрээр ажилладаг. Харамсалтай нь, ялангуяа Монгол Улс эдийн засаг, санхүүгийн хямралд орчихоод байхад тус зөвлөл таг чимээгүй, унтчихсан юм шиг байлаа. Ганцхан жишээ хэлье. Өнгөрсөн 2008 оны 8-9 дүгээр сард манай орны санхүүгийн байдал ихээхэн хүндрэлд орчихсон байсан. Валютын нөөц болох 500-600 сая ам.доллараа худалдаж, зах зээл дээрх төгрөгөө бүгдийг нь татаж авсан шүү дээ. Энэ юу гэсэн үг вэ гэвэл, та бидний халаасанд байгаа бүх төгрөгийг Монголбанк буцааж аваад “архивлачихсан”. Харин ам.доллараа зах зээл дээр буцаагаад гаргачихсан. Онцлог нь ам.доллар Монголд тогтдоггүй. Гадагшаа гараад явчихдаг юм. Америк, Орос, ер нь хаашаа ч ам.долларын урсгал хөвөрдөг. Монгол төгрөг гадагшаа явдаггүй. Тиймээс монгол төгрөгөө зах зээл дээр байлгаж л байх ёстой. Бодлого нь үүний эсрэг байснаас манай зах зээл мөнгөгүй болж, хатанги, царцанги байдалд орсноосоо ангижирч чадахгүй байна. Мөнгөө татчихаар арилжааны бүх банкны нийт актив, зээлийн хэмжээ гэнэт маш их болчихож байгаа юм. Ам.доллартайгаа байсан бол гайгүй байх байлаа. Гэсэн ч Монголбанк бүх зээлийг зогсоосон. Зээл зогсооно гэдэг чинь гинжин урвалаар явагддаг Монголын бүх аж ахуйн нэгжийн үйл ажиллагааг гацаанд оруулсантай адил. Энэ мэт үзэгдлийн талаар Хяналтын зөвлөлийнхөн үгээ хэлж байх ёстой.

-Яг үнэндээ Монголбанк Хяналтын зөвлөлтэй юм гэж жирийн иргэд тэр болгон мэддэггүй. Тэгэхээр зөвлөлийн удирдлага, гишүүд өнгөрсөн хугацаанд юу хийцгээсэн болж таарах вэ?       
       
-Үнэн, үнэн. Хүмүүс мэдэхгүй байгаа юм. Тийм учраас би хэлээд байна шүү дээ. “Монголбанкны үйлдэл болгон дээр дуугарч байх ёстой” гэж. “Энэ бол сайн үйлдэл. Өнөөгийн нөхцөл байдалд нийцсэн, улс орныг хүнд байдлаас гаргахад тус дөхөм болохуйц ийм арга хэмжээ” гэж мэдэгдлүүд гаргах хэрэгтэй. Гэтэл чив чимээгүй сууцгаагаад байна. Би тэр үед үгээ хэлж л байсан. Гэвч ганцаардсан л даа. “Банкуудад мөнгө хийхгүй бол болохоо байлаа. Баланс нь ийм болчихлоо” гэсэн чинь Монголбанк миний эсрэг мундаг том мэдэгдлүүд гаргасныг санаж байна уу.

-Тийм ээ. Тэд их цочирдоцгоосон байх л даа. Агуулгаас нь тиймэрхүү зүйл мэдрэгдэж байсан?

-“Энэ бол О.Чулуунбатын хувийн үйлдэл, үзэл бодол. Биднийх өөр” гэхмэтчилэн хариу арга хэмжээнүүд авцгаасан. Гэвч үүнээс хойш нэг сар ч бололгүй мөнөөх хямрал руугаа пүлхийгээд л орчихсон биз дээ. Уг нь урьдчилсан нөхцөл байдал балансаар харагдаж байсан үе юм. Банк мэддэг, баланс уншдаг хэнбугай ч хараад “Монголын банкууд маш муудчихлаа” гэмээр л байлаа. Үүний дараахан Хадгаламжийн баталгааны тухай хууль батлагдахад “Өндөр хүүтэй бүх хадгаламжийг баталгаажуулах шаардлагагүй. Арван хувиас доош хувьтайг нь баталгаажуулъя” гэж ярьсаар байгаад би дахин цөөнх болсон. Тухайн үед Хяналтын зөвлөлийнхөн үгээ хэлсэн бол УИХ-ын гишүүд гэлтгүй нийгмээрээ ухамсарлаж, ойлгоно. Гэтэл өнөөдөр арилжааны банкууд 14-15 хувийн хүүтэй хадгаламж нээж байна. Ийм хүүтэй хадгаламж нээсэн банк бусдад зээл өгөхдөө 20 хувьтайгаар л өгнө биз дээ. Тэгэхээр ямар эдийн засаг, төсөлд хөрөнгө оруулж, бизнесийг санхүүжүүлэх вэ. Ямар ч төсөл, бизнесийг санхүүжүүлэхгүй. Бид царцанги байдалтай хэвээр байгаа. Бодлогын ганц, хоёр үйлдэл Монгол орны эдийн засгийн ингэж “алж” байна.

-Хяналтын зөвлөлийн өм­нөх бүрэлдэхүүн Монголын эдийн засгийг ширвэсэн банк, санхүүгийн хямралд хариуцлага хүлээх ёстой биз дээ. Тэдний зарим нь дахин томилогдож, үлдсэн нь ажлаа өглөө. Ингээд л гүйцээ юү?

-Тэд ёс суртахууны хариуцлага хүлээх ёстой. Түүнээс биш “Санхүү, эд хөрөнгийн хариуцлага хүлээх учиртай” гэж би ярихгүй. Ийм алдаатай бодлогууд хэрэгжүүлээд байхад чимээгүй сууцгааж байна гэдэг нь нэг талаар бодит байдлыг ойлгохгүй байгаа. Аль эсвэл алдааг нь засахыг хүсэхгүй байна гэсэн үг. Хамгийн гол нь тэд идэвхгүй, зориггүй, санаачилгагүй л ажиллалаа. Тийм учраас би Хяналтын зөвлөлд шинээр томилогдсон нөхдөд “Та бүхэн Монголбанк, нийгэм, улс төрийн хоорондох гүүр нь болох ёстой. Идэвхтэй ажиллаарай” гэж хэлсэн. Намайг ингэж ярихаар хүмүүс юу гэж ойлгодог вэ гэвэл “О.Чулуунбат өөрөөсөө өөр хүн ажиллахаар шүүмжилдэг” гээд байна шүү дээ. Ингэж ярьцгаадаг болохоор Монголбанкны үйл ажиллагаанд хөндлөнгөөс оролцохгүйг хичээдэг. Гэхдээ ийм байх хэцүү. Заримдаа тэд санаанд огт нийцэхгүй, бодит байдлаас тэс хөндлөн шийдвэр гаргацгаадаг.
      
-Ж.Ядамсүрэнгийн тухайд, банк, санхүүгийн ертөнцийг бүр ойлгохгүй хүн биз дээ?

-За, ёстой мэдэхгүй юм.

-Монголын зах зээл дээрх жолоодлогогүй, хяналтгүй, бас тасралтгүй үргэлжлэх үйл явцуудын нэг нь яах аргагүй үнийн өсөлт. Улстөрчид ч “Үнийн өсөлтийг зохицуулна уу гэхээс биш барина гэж байхгүй” хэмээн тайлбарлах боллоо. Тэгэхээр нийтээрээ үнийн өсөлтөд “бууж өгчээ”?

-Монголбанкныхан “Үнэ өсөхийн хэрээр бид бодлогоо чангатгана” гэсэн бодлого баримталж байна. Хүүгээ өсгөж, зах зээл дээрх төгрөгийг улам ихээр татаж байгаа. Уг нь манай зах зээлд мөнгө хэрэгтэй. Гэтэл өчигдөр /уржигдар/ болсон онол-практикийн бага хурлын үеэр Монголбанкны ерөнхийлөгч 600 тэрбум төгрөг татаж авсан тухайгаа мэдэгдсэн. Манай улсын хувьд, бизнесийн улирал эхэлчихээд байхад тэр мөнгө уул уурхай, газар тариалан, барилгын салбарт зарцуулагдах ёстой биз дээ. Гэвч эсрэгээрээ, бүгдийг нь татаад Монголбанкны подвальд хураачихлаа. Миний практикаар бол, хавар гаргасан мөнгө барааны үнийг очиж “цохидоггүй”. Дээр дурьдсан салбаруудад л зориулагддаг. Гэхдээ хавар инфляци бага зэрэг өсдөг юм. Харин хоёрдугаар хагаст нь маш сайн буурч, жилийн 5-6 хувьтай гарч байсан түүхийг санаж байна. Ер нь инфляцийн талаар судалгаа хийх хэрэгтэй. Үнийн өсөлтийн 80-90 хувийг мах, гурил, будаа, элсэн чихэр гэх мэт тав, зургаахан барааны үнэ эзэлдэг. Тиймээс худалдааны зохион байгуулалтаа сайн хийхэд Засгийн газар туслах ёстой. Гэвч туслахгүй байна. Хар л даа. Манай улс 45 сая толгой малтай байж, 4-5 ам.доллараар нэг килограмм мах худалдан авч байна гэдэг бол худалдаа муугийнх биз дээ. Түүнээс биш мах багадсаных биш.

-Олон улсын валютын сан, Дэлхийн банкныхан энэ оны эцэст инфляци 27-30 хувьд хүрнэ гэж сэрэмжлүүлсэн. Таны прогноз олон улсын байгууллагынхны таамаглалтай нийцэж байгаа юу?

-Инфляци тэгтлээ өсөхгүй. Онцлог нь төсөв хэт үрэлгэн байна. Олон улсын валютын сангаас Монгол Улсын төсвийн талаар хэлсэн шүүмжлэлийг бид хүлээж авдаггүй мөртлөө Монголбанк руу чиглэснийг нь хүлээж аваад байгаа юм. Манай улсад нүүрлэсэн инфляцийн гол шалтгаан нь төсвийн зарлага хэтэрхий ихэссэнтэй холбоотой. Халамжийг хавтгайруулан цэцэглүүлэх боллоо. Энэ бол харанхуй шөнө мөнгө тарааж байгаатай л адил. Бүр хэнд мөнгө өгч байгаагаа ч мэдэхгүйгээр шүү. Ядахдаа өдрийн цагаар хэнд өгч байгаагаа мэдэхтэйгээ болно доо. “Тэр л арай ядуу юм байна. Түүнд мөнгө өгье” гэж харна. Харанхуйд бол хавтгайруулан тараана биз дээ. Сангийн яамныхан нүдээ аньчихаад мөнгө тарааж байна.

-Төрийн банкийг “Нэг удаагийн хэрэглээний банк” гэх болжээ. Тус банкийг хувьчлах тухай ярьж эхэллээ. Та юу гэж бодож байна вэ?

-Төрийн банкийг хувьчлах ёсгүй. “Олон овоот”-ын лицензийг борлуулж, хувь нийлүүлэгчдэд нь буцаагаад шилжүүлэх хэрэгтэй. 
    
-“Тавантолгойн талаар зөрчилдөөнтэй зүйлс байна” гэлээ. Яагаад тэгж санагдав?

-Гадаад, дотоодын операторуудыг сонгох, төмөр зам, Монголын хувийн хэвшлүүд түүнд ямар хэлбэрээр оролцох вэ гэдэг асуудал бий. Эдгээр нь нэг тийш шийдэгдээгүй байгаа. Хүмүүс, компаниуд, бүлэглэлүүдийн сонирхол илэрч, уг төсөл батлагдахыг гацааж байна.

-Ярилцсанд баярлалаа. Хууль тогтоох үйлст тань амжилт хүсье!

С.Баттулга.
Зохиогчийн эрх: “Улс төрийн тойм” сонин.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж