
УИХ, Засгийн газраас баталсан бодлого, хөтөлбөрийн хүрээнд ойрын жилүүдэд Монгол Улсад “100 мянган айлын орон сууц”, 1800 км шинэ төмөр зам тавигдахын зэрэгцээ Тавантолгойн нүүрсний ордыг түшиглэн 380 квт-ын хүчин чадалтай цахилгаан станц, Улаанбаатар хотод Дулааны тавдугаар цахилгаан станц баригдана. Мөн бүх аймгийг Улаанбаатар хоттой хатуу хучилттай авто замаар холбохын зэрэгцээ нийслэлд хурдны зам тавигдана. Энэ бүхэнд мэргэжилтэй ажилтан хамгаас чухал болж байгаа тул чанартай ажиллах хүчнийг зах зээлд нийлүүлэх ажлыг Хөдөлмөрийн яам цаг хугацаатай уралдан бэлтгэх нь хамгийн чухал зорилт болж буйг онцоллоо. Түүнчлэн үндэсний мэргэжилтэй ажилтанг дэлхийн төвшинд хүрсэн сургалтын хөтөлбөрөөр бэлтгэж гаргах шаардлага бийг сануулж байна.
Хөдөлмөрийн яамны харьяанд Жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх бодлого давхар зангилагддаг. Аль ч улсад жижиг, дунд үйлдвэрлэл хөгжсөн нөхцөлд олон мянган ажлын байр шинээр бий болж тэр хэрээр улсаа импортод цохигдохоос сэргийлж чаддаг. Харин манайх үүн рүү тэмүүлэхийн тулд жижиг, дунд үйлдвэр байгуулагдсан цагт хөл дээрээ баттай зогстол нь төр татварын хөнгөлөлт эдлүүлэх замаар өсч томрох бололцоог бий болгох ёстой гэх зөвлөгөөг судлаач С.Тулга “Жижиг, дунд үйлдвэрлэлийн өрсөлдөх чадварыг сайжруулах боломж” илтгэл тавих үеэрээ онцоллоо. Бас монополиудад жижиг, дунд үйлдвэрүүд шахагдахаас төр нь хамгаалж байх ёстойг ч сануулав.
Тэгвэл Хөдөлмөр нийгмийн гурван талт хэлэлцээрийн дүнд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 194 мянган төгрөгт хүргэх шийдвэрийг Засгийн газраас гаргаад байгаа. Гэвч энэ шийдвэр хувийн хэвшлийн салбарт мөрдөгддөггүй. Үүнийг хэрхэн шийдэх боломж байна вэ гэдэгт судлаач Н.Аюуш “Цалин, хөлсийг үндэсний хэмжээнд тогтоохын тулд салбарын хэмжээний тариф сүлжээ барихад төвөгтэй. Түүний оронд аж ахуйн нэгж бүр өөрсдийн ажилчдын цалинг зохистой үнэлдэг шударга тогтолцоотой болох ёстой” гэж зөвлөж байна. Мөн судлаачид энэ асуудлын хүрээнд та үнэхээр чадвартай боловсон хүчин бол ажил олгогчдын хувьд үнэлээд ажиллуулах тул эхлээд энэ асуудлыг ажил олгогчтой сайн ярилцаж зөвшилцөн сонголтоо хийх ёстой” гэж байна.
“Ажилтай орлоготой Монгол хүн” онол практикийн бага хуралд оролцсон УИХ-ын гишүүн, Хөдөлмөрийн сайд Я.Санжмятав “Хөдөлмөрийн яам ирэх гурван жилийн бодлогоо тодорхойлохдоо шинжлэх ухаанд үндэслэж гаргахыг зорьж байна. Мөн хөдөлмөрийн салбарын ирээдүй ойрын гурван жилд ямар байх вэ гэдгийг эрдэмтэн судлаачдынхаа гаргасан тооцоо судалгаанд үндэслэж гаргахыг зорьж байна” гэдгээ онцоллоо.
Хөдөлмөрийн яам бие даан байгуулагдан ажилласнаар өнгөрсөн наймдугаар сард гаргасан дүнгээр бол 35 мянган иргэнийг тогтвортой ажлын байраар хангажээ. Үүн дээр 7500 мэргэжилтэй ажилтныг бэлтгэн гаргасан нь одоо бүгд өндөр цалин авч өрх гэрийнхээ амьдралыг авч яваа аж. Бэлтгэгдсэн мэргэжилтэй ажилтнуудын олонхи нь авто зам, барилга, уул уурхайн салбарт ажиллах хүчин болж очжээ. Их, дээд сургууль төгссөн залуусын 20-30 хувь нь ажлын байртай болдог бол мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвд суралцаж төгссөн залуусын 90 гаруй хувь нь шууд ажлын байртай болдогоороо давуу талтай. Үүнд бодлого хариуцсан яамных нь бодлого шийдвэр нөлөөлж, төгсөгчдөө суралцаж байх хугацаанд нь компанитай холбож, эргэх холбоотой ажиллах горимд шилжсэн нь үр дүн дагуулж байгаа гэдгийг судлаачид тэмдэглэж байлаа. Сануулахад, Хөдөлмөрийн салбарын долоо хоног арга хэмжээний хүрээнд есдүгээр сарын 25-нд Чингисийн талбайд “Хөдөлмөрийн салбарын нээлттэй хаалганы өдөр” зохион байгуулж Жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчдийн үзэсгэлэн худалдаа, “Монгол ур чадвар-Улаанбаатар 2013” мэргэжлийн тэмцээнд Мэргэжил, сургалт үйлдвэрлэлийн төвийн оюутан, суралцагчид Монголд анх удаа “World skills international” тэмцээний шалгуураар мэргэжлийн 4 төрөлд өрсөлдөх юм. Мөн тус арга хэмжээний үеэр Мэргэжил сургалт, үйлдвэрлэлийн төвийн суралцагчид ур чадвар шаардсан шоу үзүүлбэр үзүүлж сонирхуулах юм.
Харин есдүгээр сарын 27-нд Төрийн ордонд “Ажилтай, Орлоготой Монгол хүн” хөдөлмөрийн салбарын үндэсний чуулганыг зохион байгуулж, салбарын хэмжээнд тулгамдаж байгаа асуудал, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар хэлэлцэнэ.