Муу охиныг шүтэн бишрэгчид нь улам хайрласаар

Хуучирсан мэдээ: 2013.09.23-нд нийтлэгдсэн

Муу охиныг шүтэн бишрэгчид нь улам хайрласаар

Дина Лохан гэж жүжигчнийг та мэдэх үү. Түүнийг мэдэх хүн одоо цөөрсөөр байгаа гэдэгт эргэлзэхгүй байна. Дина бол Линдсей Лоханы ээж. Цагтаа бас л “хатуу самар” байсан гэдэг. Харин өнөөдөр бол муу охины муу ээж гэдгээрээ л тэрбээр өндөр нэрд гарч буй нэгэн. Линдсей Лоханы эцэг болох Майкл эхнэр, охин хоёроос эмээдэг нэгэн. Учир нь тэд олон нийтийн дунд байнга хэрэг түвэгт орооцолдож, болж бүтэхгүй бүхэнд нэр нь холбогдож байдаг. Товчхондоо, эх нь хээр алаг бол хүү нь шийр алаг гэдэг шиг. Гэр бүлийн тогтсон сайхан харилцаагүй Лоханы гэр бүлийн бодит үнэн энэ. Жүжигчин ээжийн авъяаслаг охин өөрийн амьдралыг өсвөр насандаа л дэлхийд харуулан, урлагийн ертөнцөд хөл тавьсан ч өнөөдөр бүдрэхгүй алхаж үл чадна. Хар тамхи, архидан согтуурхал, танхай, зээлийн төлбөр, татвар гэх мэт хууль зөрчсөн олон удаагийн хэрэгтэй. Мөн Линдсей Лохан Дина Лохан нарын торгуулийн хуудас нийлээд 100 ширхэг  хол давсан. Гэсэн хэдий ч өнөөдөр тэд олны дунд алдар, нэртэй хэвээр байгаа.

Хамгийн сүүлд л гэхэд Дина Лохан цагдаагийн ажилтнуудад баривчлагдаж ээлжит паппарацид өртсөн. Лонг-Айлэндийн зам дээр согтуугаар машин жолоодож бай­гаад цагдаагийн хараанд өр­төж, улмаар баривчлагдах үедээ цаг­даагийн ажилтнуудыг эсэр­гүүц­сэн талаар нь мэдэгдсэн. Өдгөө 50 настай Динаг цагдаагийн ажилт­нууд тайвшрахыг шаардсан боловч “Би Линдсейгийн ээж байна. Та нар намайг гэрт минь хүргээд өг. Би маргааш торгуулиа төлнө” хэмээж байжээ. Хэргийг цагдаагийн ажилтнууд зохих газарт нь шилжүүлсэн бөгөөд түүнд оногдуулах торгуулийн хэмжээг удахгүй тогтоох юм.

“Томоогүй” хочит Линдсей Лохан өөрөө мөн л согтуугаар жолоо барьж, өнгөрсөн хоёрдугаар сард торгуулийн хуудас авч, жолоо барих эрхээ хасуулаад байсан юм. Өнгөрсөн онд Линдсей аав Майкл руу залган ээжийнхээ талаар гомдол мэдүүлсэн байдаг. Тэрбээр өмнө нь ч гэр бүлийн амьдралаа хэнээс ч нуухгүй, олон нийтийн дунд шууд л утсаар ярин уйлж байсан удаатай. Энэ талаар нь АНУ-ын “TMZ” сайт дэлгэрэнгүй мэдээлж байсан бөгөөд аавтайгаа ярьсан утасны бичлэгийг нь олон нийтэд дэлгэж байсан юм. Линдсей ээжийнхээ талаар аавдаа “Тэр чиний хараал идсэн хүүхдүүдийг авч хэлэлцэхгүй байна. Тэр миний машинд байсан хүн бүрийг заналхийлж, намайг баривчлуулах гэж цагдаа руу залгасан. Ямар гэгчийн хараал идсэн хүн гэж ийм байдаг байна аа” хэмээн уурласан аж. Хэрүүлийн гол учир нь мөнгө байж. Линдсей утсаар ярьж байхдаа “Би түүнээс надаас зээлсэн 40 мянган ам.доллароо эргүүлэн өгөхийг хүссэн боловч тэр над руу уурлаж эхэлсэн. Надаа ойрын үед хүнд байгааг та мэдэж байгаа биз дээ. Ээж яагаад үүнийг ойлгохгүй надтай ингэж харьцах ёстой гэж” хэмээн бухимджээ.

Энэ бүхэн нь тэдний гэр бүлийн халуун дулаан уур амьсгал анхнаасаа л байгаагүй гэмээр сэтгэгдэл хэн бүхэнд төрүүлж байв. Наад зах нь төрсөн эхийгээ цагдаагийнханд хар тамхи хэрэглэсэн талаар ярьж байсан нь үүнийг батална. Гэхдээ дараа нь залруулсан байдаг. Ингэхдээ хэнэг ч үгүй “Би ээжийгээ хар тамхи татсан гэж худлаа хэлсэн” хэмээн ярьсан нь бас л олныг бухимдуулж орхисон. Мөн “Би Лохан байхыг хүсэхгүй байна” гэж хэлсэн нь бүр ч дургүйцлийг нь хүргэсэн удаа бий.

Тэр ч бүү хэл, Линдсей Лохан Хит Лежерийн үхлийн гэрч байсан талаар ээж нь ярьсан нь хэрүүлийн алим болжээ. Дина Линдсейг 2008 оны нэгдүгээр сард жүжигчин Хит Лежерийг хар тамхи хэтрүүлэн хэрэглэснээс болж нас барах үед дэргэд нь байсан талаар ярьж бөөн асуудал үүсгэсэн аж. Албаныхан энэ талаар Линдсейгээс асуухад хүлээн зөвшөөрсөн юм. Хэвлэлүүд ч энэ мэдээллийг төрсөн охиноо яагаад ийнхүү хэрэгт хутгах гэж оролдсон, асуудалд ийм байдлаас яагаад хандсан талаар нь онцолж байв.

Эцэг, эх нь охиноо хар тамхинаас болж ийм байдалд орох вий гэж эмээсэндээ түүнд ийнхүү сэрэмжлүүлэг өгөх үүднээс ярьсан талаар мэдэгдсэн. Харин энэ нь Линдсейг гэр бүлийнхнээс нь улам бүр хөндийрүүлэх хангалттай шалтгаан болж байв. Өдгөө 30 хүрээгүй, ид хийж бүтээдэг насан дээр хар тамхи хийгээд элдэв асуудалд орооцолдох болсон Линдсейгийн хувь тавилан өөрөөр эргэж эхлэв. Кино найруулагч, зохиолчид ч түүнд уран бүтээлийн санал тавихаа больсон. Эцэг нь охиноо “Хар тамхи хэрэглэсээр байх юм бол би түүнтэй харилцаа холбоогоо таслахаас өөр сонголтгүй болно. Хар тамхи түүнийг яг л 100 настай хөгшин эмгэн шиг харагдуулж байна” хэмээн ярьсан. Энэ үгэнд гомдсон Линдсей нэг хэсэг эцэгтэйгээ холбоогоо таслаад байсан. Эх нь түүнд төвэг удахаас өөр тусламж үзүүлж чадахгүй болох хэрээр Дина Линдсей хоёрын харилцаа тааруу болсоор байгаа.

Залуугаасаа хар тамхи хэрэглэн, өөрийн гоо сайхан, нэр хүндээ алдсаар байгаа Линдсей Лохан эмчилгээнд хэсэг явсан. Мөн найз залуутай болохыг хүсэхгүйгээр барахгүй гэр бүлийн тогтсон амьдрал, амьдралын зөв хэмнэлд орохгүй байгаад эцэг Майкл нь ихэд санаа зовж буй талаар ярьдаг аж. Хэрэв тэр гэр бүлтэй болж, ээж болох юм бол Майклийн зүгээс тусалж дэмжихээ амласаар байгаа гэх. Энэ жилийн хувьд Линдсей хэрэг түвэгт орооцолдохгүй өнгө­рөөж байгаа ховорхон жил гэдгийг ч хэвлэлүүд онцолсоор байна. Байнга л түүний талаар муу мэдээ хэвлэлээр гарахаас бус нэг ч удаа сайн мэдээлэл гараагүй байгаа. Дэлхийн шоу бизнесийн салбарт түүний талаар “уналтанд орсон” гэдгийг янз бүрийн паппараци өгүүлсээр байна.

Линдсей Лохан ч өөрийгөө бусдад сөрөг байдлаар хариулсаар байгаа нь дээрх бүх асуудалд нөлөөлсөн. Өнгөрсөн сард л гэхэд тэрбээр Кристен Стюардыг нэгэн телевизийн шоунд орох үеэрээ доромжилжээ. “Бүрэнхий” киноны Беллагийн дүрийг бүтээсэн Кристен Стюардыг “Тэр өөрийнхөө сэтгэл хөдлөлийг ингэж гаргасанд би баяртай байна. Би түүнд үнэхээр хайртай. Би түүний шүтэн бишрэгч. Яагаад гэрэл зурагчдад дургүй байдгийг би хамгийн сайн ойлгож байгаа. Учир нь гэрэл зурагчин түүнийг эхнэртэй эрийн тэвэрт байгаа зургийг дарчихсан шүү дээ” хэмээн доромжилсон байна. Ингээд шоуны үеэр танхимд байсан хүмүүс инээх ч биш, уурлах ч биш сонин байдалд орсон байна.

Энэ мэтчилэн Линдсей Лоханы эргэн тойронд “муу ёр шүгэлсэн” мэт таагүй асуудал эргэлдсээр байна. Гол нь Линдсей Лоханы гэр бүлийн харилцаа түүнийг ийнхүү уналтад ороход нөлөөлсөөр байгаа бололтой. Ээж, аав нь гэр бүлээ цуцлуулж, хувийн амьдрал нь хар тамхинд бүдгэрч, уран бүтээлийн санал ирэхээ байж, санхүүгийн гачигдалд ороод байгаа түүнийг ямар ирээдүй хүлээж байгаа нь нууц хэвээр үлдсэн. Өөрийн таагүй үйлдлүүдээс болж хэвлэлийнхний ярих, онцлох сэдэв болсоор байгаа түүний хувьд өөрчлөлтийг өөрөөсөө эхлэх хэрэгтэй болоод байгаа юм. Түүнийг амьдралаа шинээр эхлэхэд эцэг нь тусалж дэмжихээ амлаад байгаа. Энэ бүх  хар бараан мэдээллийн эзэн болсон түүнийг америкчууд төдийгүй дэлхийн өнцөг булан бүрт байгаа шүтэн бишрэгчид нь хүндэлсээр байгаа нь сонин.

Б.БААТАР

Эх суравлж: "УЛСТӨРИЙН ТОЙМ" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж