Казахстаны Алматы хотноо болох боксын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд 64 кг-ын жинд Гавьяат тамирчин У.Мөнх-Эрдэнэ эх орноо төлөөлөхөөр боллоо. Монголын боксын холбооноос өнөөдөр Эрдэнэт хотод зохион байгуулсан спаринг буюу сорилгод Гавьяат тамирчин У.Мөнх-Эрдэнэ ОУХМ З.Энхзоригийг 2:1 харьцаатай буулган авснаар дэлхийн аваргад өрсөлдөх эрхээ авсан байна. Ингэснээр 2013 оны боксын ДАШТ-д оролцох Монгол Улсын шигшээ багийн бүрэлдэхүүн бүтнээрээ тодорч байгаа юм.
Монгол Улсын шигшээ багийг бүрдүүлэх журам ёсоор энэ удаагийн ДАШТ-д 64 кг-ын жинд 2013 оны улсын аварга шалгаруулах тэмцээнд түрүүлсэн ОУХМ З.Энхзориг оролцох байсан юм. Гэсэн ч Гавьяат тамирчин У.Мөнх-Эрдэнэ Монголын боксын холбоонд ДАШТ-д оролцох хүсэлтэй байгаагаа илэрхийлэн, гомдол гаргаснаар З.Энхзориг, У.Мөнх-Эрдэнэ нарын хэн ялсныг явуулахаар шийдвэрлэсэн юм. Гэсэн ч эхний спаринг буюу сорилгод У.Мөнх-Эрдэнэ оролцохоос татгалзсан. Харин өнөөдөр болсон сорилгод У.Мөнх-Эрдэнэ ялснаар 64 кг-ын жинд Монгол Улсаа төлөөлөн оролцох эрхээ авлаа.
Б.БИЛЭГ