МАН-аас Монголбанкинд шалгалт хийх хүсэлт тавина

Хуучирсан мэдээ: 2013.09.23-нд нийтлэгдсэн

МАН-аас Монголбанкинд шалгалт хийх хүсэлт тавина

УИХ дахь МАН-ын бүлгийн ээлжит хуралдаанаар УИХ-ын ээлжит бус чуулганаар хэлэлцэж буй таван хуулийн төслийг хэлэлцсэн байна. Үүний дотор  Хөрөнгө оруулалтын тухай хуулийн төсөл, Хөрөнгө оруулалтын сангийн тухай хуулийн төсөл дээр санал, дүгнэлт боловсруулах ажлын хэсгүүд идэвх санаачилгатай ажиллаж, төслүүдийг товлосон хугацаанд байнгын хороогоор хэлэлцвэл ээлжит бус чуулганаар шийдэх боломжтой гэж үзэж буйгаа бүлгийн дарга Н.Энхболд хэлсэн.

МАН-ын бүлэг дээрх хоёр хуулийн төслийг зарчмын хувьд дэмжиж байгаа ч илүү боловсронгуй болгох, сайжруулах шаардлага байгааг онцоллоо. Тухайлбал, Хөрөнгө оруулалтын тухай хуулийн төслийн хувьд өрсөлдөх чадвартай байх ёстой. Энэ утгаараа Хөрөнгө оруулалтын тухай хуулийн төсөлд татварын орчныг тогтворжуулах агуулга орсныг МАН-ын бүлэг дэмжиж байна. Нөгөө талаас хөрөнгө оруулагчдын сонирхлыг татахуйц шинэ бүлэг нэмэх шаардлага байгаа аж. Хөрөнгө оруулалтыг 15 тэрбум төгрөгөөр хязгаарлах нь өрөөсгөл бөгөөд хөрөнгө оруулагчдыг том, жижиг гэж ялгах ёсгүйг УИХ-ын гишүүн А.Тлейхан хэллээ. Тэрбээр дээрх хуулийн төсөл дээр ажиллаж буй МАН-ын бүлгээс байгуулсан ажлын хэсгийг ахалж буй юм. Мөн нэг хууль дагаж том бүтэцтэй байгууллага байгуулдаг явдлыг зогсоох, үүний тулд хуулийн төсөлд тусгасан хөрөнгө оруулалтын асуудал хариуцсан агентлаг байгуулах шаардлагагүй, одоогийн бүтэцдээ багтааж ажиллуулж болно гэдгийг тэрээр онцоллоо. Хөрөнгө оруулалтыг цаашид тогтвортой байлгах үүднээс 1993 онд баталсан Гадаадын хөрөнгө оруулалтын тухай хууль, 2006 онд баталсан Ашигт малтмалтын тухай хуульд тусгасан хөрөнгө оруулалтын хугацаа, хөрөнгийн хэмжээний шалгуурыг хадгалах нь зүйтэй, өмнө нь гарч байсан хуулиудыг дордуулж болохгүй гэж МАН-ын бүлгийн гишүүд үзэж байгаа гэлээ. Үүнээс гадна хөрөнгө оруулалтууд зөвхөн Улаанбаатарт төвлөрөх биш хөдөө орон нутаг, бүс нутаг руу чиглэсэн байвал илүү урамшуулал, хөнгөлөлт эдлэх заалтыг уг хуулийн төсөлд оруулах саналтай байгаа аж.

Харин үлдсэн гурван хууль буюу Алтны худалдаанд ил тод байдлыг бүрдүүлэх тухай, "Урт нэртэй" хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн төслүүдийн талаар УИХ-ын гишүүд, олон нийт нэг ойлголттой болсны дараа намрын чуулганаар хэлэлцэх эсэхийг нь шийднэ гэж УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Н.Энхболд хэллээ. Ашигт малтмалын талаар төрөөс баримтлах бодлогын баримт бичиг батлагдсаны дараа эдгээр хуулийн төслийг хэлэлцвэл бодлогын нэгдмэл чанар хангагдах учиртай аж. Энэхүү гурван хууль байгаль орчинтой холбоотой асуудлыг зохицуулж байгаа.  Тиймээс МАН-ын бүлэг мөнгөнөөс илүү байгаль орчин, амьдрах орчинд ээлтэй байх зарчмыг баримтлахад илүү анхаарах ёстой гэсэн байр суурьтай байгаа аж.  "Урт нэртэй" хуулийн хувьд нөхцөл байдлыг сайн судалж, лицензийн асуудал яригдаж байгаа газар болгонд хүрч ажиллаж байж тодорхой шийд гаргах хэрэгтэй гэж үзжээ. Эл хуульд өөрчлөлт оруулах ажлын хэсэгт УИХ-ын гишүүдээс гадна сонирхогч бүх талын төлөөллийг оролцуулж, асуудлыг олон талаас нь ярилцах шаардлагатайг ч МАН-ын бүлгийн дарга хэлсэн юм.

УИХ дахь намын бүлгүүдийн дарга нар өнгөрөгч баасан гаригт УИХ-ын даргын зөвлөлийн хуралдааны үеэр цаашдаа парламентын үйл ажиллагааг хэвийн явуулахын тулд зарчмын томоохон өөрчлөлт оруулж байгаа хуулиудын төсөл, улс төрийн бодлого, шийдвэрийн баримтын талаар эхлээд зөвшилцөж ойлголцсоны үр дүнд шийдэж байхаар ярилцсан байна. Аль нэг талын хүчээр оруулж ирсэн хуулийн төсөл УИХ-ын байнгын хороо, нэгдсэн чуулганы хэлэлцүүлгийн үеэр бүдгэрэх, гол асуудлуудаасаа тойрох маягаар цаг их алдаж байгааг намын бүлгүүдийн дарга нар сануулжээ. Тиймээс аливаа төсөл яригдах үед бүлгүүд эхлээд ярилцаж болохыг нь дэмжиж, болохгүйг нь орхих зарчмаар цаашид ажиллах байх гэж найдаж буйгаа МАН-ын бүлгийн дарга Н.Энхболд илэрхийллээ. Ялангуяа ээлжит бус чуулганаар батлагдах боломжгүй гурван хуулийн төслийг энэхүү зөвшилцлийн зарчмаар шийднэ гэж харж байгаа гэв.

УИХ-ын даргын захирамжаар өнгөрөгч дөрөвдүгээр сард байгуулагдсан Монгол Улсын эдийн засгийн гадаад, дотоод орчин, хөгжлийн явц байдалд судалгаа дүгнэлт хийх, цаашид баримтлах чиг хандлага, даруй авч хэрэгжүүлэх арга хэмжээг тодорхойлох ажлын хэсгийн дүгнэлтийг маргааш Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар авч хэлэлцэх ажээ. Энэ ажлын хэсэг өдгөө хүндрэлд ороод буй эдийн засгийн нөхцөл байдлын талаар санал дүгнэлт гаргасан боловч УИХ өнөөг хүртэл энэхүү дүгнэлтийг хэлэлцээгүй байна. Дээрх ажлын хэсгийн дүгнэлтэд дурдсан сэрэмжлүүлэг, урьдчилсан сануулгууд МАН-ын бүлгээс удаа дараа гаргасан санал дүгнэлттэй олон талаараа давхцаж байгаа юм. Мөн МАН-ын бүлгийн дарга Н.Энхболд Монголбанкинд шалгалт хийх гарцаагүй нөхцөл байдал үүссэнийг ч хэвлэлийн бага хурлын үеэр мэдэгдлээ. МАН-ын бүлгээс төв банкны үйл ажиллагаа, "Чингис" бонд, үнэ тогтворжуулах хөтөлбөрийн зарцуулалтад шалгалт хийх хүсэлтийг хаврын чуулганы үеэс эхлэн УИХ-ын даргад тавьсаар ирсэн. Харин энэ удаа МАН-ын бүлэг УИХ дахь намуудын бүлэг, бие даагчдын зөвлөлтэй хамтран дахин санал тавихаар болсноо хэлсэн юм.  

Ш.ЧИМЭГ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж