Төсөвт тодотгол хийх эсэхийг ЗГ шийдэх ёстой гэв

Хуучирсан мэдээ: 2013.09.23-нд нийтлэгдсэн

Төсөвт тодотгол хийх эсэхийг ЗГ шийдэх ёстой гэв

УИХ дахь Ардчилсан намын бүлэг өнөөдөр хуралдаж, үндсэн хоёр асуудлыг хэлэлцсэн байна. Бүлгийн хуралдааны талаарх мэдээллийг АН-ын бүлгийн дарга Д.Эрдэнэбат өглөө.

Хуралдааны эхэнд ээлжит бус чуулганаар хэлэлцэж буй таван хуулийн төслийн явц ямар байгаа талаар ажлын хэсгийн мэдээллийг сонсчээ. Хөрөнгө оруулалтын тухай хуулийн төслийг боловсруулах ажлын хэсгийн танилцуулснаар хугацаа бага байгаа ч үр дүнтэй ажиллахыг чухалчилж байгаа аж. Тэр утгаараа ажлын хэсгийнхэн хувийн хэвшлийнхэнтэй уулзаж, санал бодлоо солилцсон байна. Үүнээс гадна тус хуулийн ажлын хэсэгт 60 гаруй зарчмын зөрүүтэй санал хэлэлцэгдэж байгаа учраас дахин нягталж, хуралдах шаардлагатай байгаа юм байна. Тиймээс ажлын хэсэг хуралдсаны дараа АН-ын бүлэг ээлжит бус хурал зарлаж,  дахин сонсох нь зүйтэй гэдэгт саналд нэгджээ. Түүнчлэн Хөрөнгө оруулалтын тухай хууль, Хөрөнгө оруулалтын сангийн тухай хууль, Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийг цаашид хэлэлцэж батлах  шаардлага байгаа талаар бусад улс төрийн намуудтай ойлголцолд хүрч буй гэдгийг АН-ын бүлгийн дарга хэллээ. Харин Алтны ил тод байдлын тухай болон урт нэртэй хуулийн төслийн хувьд яаран шийдвэр гаргах бус, бусад нам, эвслийн бүлгүүдтэй сайтар харилцан ойлголцох ёстой гэдэгт бүлгийн гишүүд санал нэгдсэн байна. Ойлголцол гэдэг нэрийн дор цаашдын эдийн засгийн өсөлт болоод төрийн бодлогыг алдагдуулж болохгүй гэдгийг Д.Эрдэнэбат гишүүн онцолсон юм.

Мөн өнөөдрийн бүлгийн хуралдаанаар Монгол Улсын эдийн засгийн өнөөгийн нөхцөл байдлын талаар Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаярын мэдээллийг сонсчээ. Эдийн засгийн хөгжлийн сайдын мэдээлэл дээр үндэслэн Ардчилсан нам 2014 онд эдийн засагт орох бодит өөрчлөлтийн асуудлаар хэд хэдэн даалгавар авч байгаа гэж үзсэн байна. Нэгдүгээрт, Төсвийн шинэчлэл зайлшгүй хэрэгтэй. Ээлжит чуулганаар 2014 оны төсвийн талаар хэлэлцэнэ. Төсөв хэлэлцэхээс өмнө 2013 оны төсвийн гүйцэтгэлд тодотгол хийх зайлшгүй шаардлага байгаа эсэхийг Засгийн газар шийдвэрлэх ёстой гэв.

Хоёрдугаарт, өнгөрсөн жилүүдэд байсан ДНБ-ий өсөлтийн үнэ нь төсвийн орлого байна гэж хуульчилсан нь нийгэмд хэр бодитой туссан бэ гэдгийг тооцож үзэх хэрэгтэй гэнэ. 2013 оны төсвийг 2012 оныхтой харьцуулахад  ДНБ-ий өсөлт 40 гаруй хувиар нэмэгдсэн. Тиймээс төсвийн орлого, зарлага хэр бодитой байсан эсэх, энэ хийсвэр өсөлт нь төсвийн зарлага, орлого, тэнцвэртэй байдалд хэрхэн нөлөөлсөн болохыг зайлшгүй тооцож үзэх шаардлагатай гэдэгт  бүлгийн гишүүд байр сууриа нэгтгэжээ. Түүнчлэн 2013 оны хөрөнгө  оруулалт хэр бодит туссан, ажлын гүйцэтгэл ямар байна, хөрөнгө оруулалтаар барьж буй зарим барилгууд олон жил саатаж,  үр ашиггүй болсон хэрнээ төсөвт өртгөөс  хоёр дахин илүү үнээ нэхэмжилж байна, эдгээр обьектуудын жагсаалтыг Засгийн газар гаргаж өгөх хэрэгтэйг бүлгийн гишүүд анхааруулсан байна.

Мөн 2014 оны хөрөнгө оруулалтыг  нийгмийн, бодит эдийн засгийг дэмжих  гэж хоёр ангилж үзэх нь зөв гэж бүлгийн гишүүд үзэж, бодит эдийн засгийг хангах нь бидний нэн чухал зүйл гэдгийг онцолжээ. Мөн ЖДҮ-ийн татвар хөнгөлөлттэй холбоотой 243 татварын хөнгөлөлтийг эдэлдэг. Тиймээс Эдийн засаг хөгжлийн яам ЖДҮ-ийг хөгжүүлэх татварын орчны асуудлаар Сангийн яамтай хамтарч хуулийн төсөл боловсруулах нь зүйтэй гэж АН-ын бүлгийн гишүүд санал нэгдсэн гэлээ. Хуралдааны дараа Ардчилсан намын бүлгийн дарга Д.Эрдэнэбат сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариулт өгсөн юм.

-Урт нэртэй хуулиар зөвшилцөнө гэсэн. Яг ямар асуудлыг авч үзэж байгаа вэ?

-Урт нэртэй хуулийг дагаж мөрдөх журмын тухай хууль нь хэрэгжихгүй  их удсан. Энэ хууль хэдэн улс төрийн намын тухай хууль биш. Хууль буй болсноос хойш нийгэм, эдийн засагт гарсан эерэг, сөрөг зүйлийг дүгнэж үзэх шаардлагатай. Энэ хуулиас шалтгаалсан эдийн засгийн болон байгаль экологийн сөрөг үр дагавар байна. Нийгэм, иргэдийн хооронд мэдээлэлгүйгээс болсон хуваагдал ч мөн бий. Монголчууд бид цөөхүүлээ. Энэ  хуулиас болж бид хэн нэгнийхээ турхирч болохгүй. Бүлгийн хуралдаанаар мөн энэ асуудлыг авч хэлэлцсэн. Энэ хуультай холбоотойгоор ард түмнээ хоёр хувааж болохгүй. Гагцхүү үйлдлийн буруу зөрүүг зөв дүгнэж үзэх нь зүйтэй гэж үзсэн. Үүнийг дагасан хууль бус далд эдийн засгийн үр дагавар маш өндөр байгаа учраас нухацтай авч үзэх шаардлагатай гэж Ардчилсан намын бүлэг үзсэн.

-Өнөөгийн эдийн засгийн байдалд Ардчилсан намын бүлэг ямар дүгнэлт өгч байна вэ. Эдийн засгийн хөгжлийн сайдыг огцруулах тухай яриа гарсан байна?

-Хэн нэгэн сайдыг огцруулахаар ажил сайжрахгүй. Бодлогын сайн, мууг ярих ёстой. Хөрөнгө оруулалт тасарсан эрсдэл бидэнд ирсэн. Харин үүнийг далимдуулсан  улс төрийн ашиг хонжоотой Ардчилсан нам эвлэрч чадахгүй. Үүнийг далимдуулж хэн нэгнийгээ цавчихыг хүлээн зөвшөөрөхгүй.  Нөхцөл байдлыг бодитой харж үзэх шаардлагатай.

-Төсөвт тодотгол хийх шаардлагатай юу. Татварын тухай багц хуулийг хэлэлцэх үү?

-Төсөвт тодотгол зайлшгүй хийнэ гэдэгт санал нэгдэж байна. Ялангуяа өнгөрсөн оны хөрөнгө оруулалтаар хийж чадаагүй зүйлийг бид хасах ёстой. Хасалтаар 500-гаад тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт шийдэгдэх  байх.
 

Ш.ЧИМЭГ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж