Т.Ганболд: Нөхөн олговоргүй, ордгүй үлдэх гээд байна

Хуучирсан мэдээ: 2013.09.23-нд нийтлэгдсэн

Т.Ганболд: Нөхөн олговоргүй, ордгүй үлдэх гээд байна

УИХ-ын ээлжит бус чуулганаар  алтны салбартай холбоотой хоёр ч хуулийн төсөл хэлэлцэж байна. Ялангуяа Монголын алтны салбарын үйл ажиллагаанд сөргөөр нөлөөлсөн, эдийн засгийн хүндрэл үүсэх бас нэгэн шалтгаан болоод буй Гол мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуулийг дагаж мөрдөх журамд өөрчлөлт оруулах асуудлыг ээлжит бус чуулганаар хэлэлцэх явцад багагүй шүүмжлэл гараад буй. Тиймээс Монголын алт үйлдвэрлэгчдийн холбооны тэргүүн, “Алтандорнод Монгол” компанийн  ерөнхий захирал Т.Ганболдтой уулзаж, ярилцлаа.

-УИХ-ын ээлжит бус чуулганаар зарим хуульд өөрчлөлт оруулахаар хэлэлцэж байна. Ялангуяа урт нэртэй хуулийн зарим зүйл заалтад өөрчлөлт оруулах асуудал уул уурхайнхны анхаарлын төвд байгаа. Тэгэхээр урт нэртэй хуулийн дагаж мөрдөх журамд өөрчлөлт оруулах төслийн талаар та юу гэж бодож байна?

-Эдийн засагт нэмэр болохын тулд Засгийн газраас өргөн барьсан хуулийн төслүүдийг УИХ-ын ээлжит бус чуулганаар хэлэлцэж байна. Чуулганаар хэлэлцэж буй, эдийн засагт хүлээлтийн байдал үүсгээд байгаа нэг хууль нь урт нэрт. Манай салбартай холбоотой хуулийг УИХ-ын ээлжит бус чуулганаар хэлэлцэж байгаагийн хувьд ч урт нэртэй хуульд ямар өөрчлөлт орж байна вэ гэдэгт анхаарал тавихаас өөр аргагүй юм. Тиймээс хуулийг дагаж мөрдөх журамд өөрчлөлт оруулах хуулийн төсөлтэй сайн танилцсан. Эндээс бид нэг л зүйлийг олж харсан. Аль ч Засгийн газрын үед гардаг нийтлэг нэг дутагдал ч энд ажиглагдаж байна. Засгийн газрын сайдууд нь зөв сайхан юм ярьж, хуулийн өөрчлөлтүүдийг гэгээлгээр хардаг. Гэтэл нөгөө дунд, доод шатны мэргэжилтнүүд нь  удирдлагуудынхаа төсөөлж байснаас тас  эсрэг хуулийн төсөл боловсруулдаг явдал аль ч Засгийн газрын үед харагддаг.  Дунд, доод шатныхны боловсруулсан төслөөс болоод эдийн засаг, нийгэмд багагүй хор хохирол учирдаг. Энэ байдал урт нэртэй хуулийг өөрчлөх явцад гарч л байна.

-Тэгэхээр урт нэртэй хуульд оруулах өөрчлөлт нь өмнөхөөсөө дээрдээгүй гэсэн үг үү?

-Бидний хүлээж байсан өөрчлөлт гэвэл урт нэртэй хуулийн уршгаар таг гацсан ордуудыг эдийн засгийн эргэлтэд оруулах, үлдсэн нөөцийг нь олборлуулж, нөхөн сэргээлт хийх явдал. Ингэвэл төр нуруун дээрээ үүрсэн нөхөн олговор гэх хэдэн их наядын үүргээс сална. Аль аль талдаа ашигтай хувилбар гэж бодож байна. Гэтэл нөгөө дунд, доод шатны хүнд сурталтнуудын боловсруулсан хуулийн төсөл нь “А” лицензтэй компаниудаар нөхөн сэргээлт хийлгэх замаар үйл ажиллагааг нь сэргээх, тэгэхдээ заавал холбогдох төрийн байгууллагаас зөвшөөрөл авсан байх шаардлагатай гэсэн байна лээ. Бас нэг яам, агентлагуудын үүдийг сахих хэрэгтэй болж байгаа юм. Зөвшөөрөл авахын тулд шүү дээ. Уул, устай, модтой байна гээд нөгөө нөхөр үзвэл энэ салбарт өч төчнөөн хөрөнгө оруулсан компанийн эзэн хохироод үлдэх болоод байна.

-Нөхөн олговор ч үгүй үлдэх нь байна шүү дээ?

-Харин тийм. Тэгэхээр компаниуд зөвшөөрөл авахын тулд нөгөө л яамны болон агентлагуудын дарга нарын үзэмжээр шийдэгдэх болно. Тэгэхээр хуулийн журамд өөрчлөлт оруулах гэж байгаа юм бол дахин хэн нэгнээс зөвшөөрөл авдгийг болиулах ёстой.  Нөгөө талаар хайгуулын лицензтэй нөхдүүдийн асуудал бас ойлгомжгүй байгаа. Ашигт малтмалын салбарт эрэл хайгуул хийнэ гэдэг асар их хөрөнгө мөнгө шаарддаг. Энэ хуулийн төсөл энэ хэвээр батлагдвал компаниуд нөхөн олговоргүй, улс орон татваргүй, алтгүй, нөхөн сэргээлт үгүй хоцорно. Компаниудын орхисон талбайд хууль бус олборлогч нар бичил уурхайн нэрийн доор сүйтгээд явна. Юун нөхөн сэргээлтийн асуудал манатай үлдэх болно. Доод, дунд шатныхныхаа боловсруулсан хуулийн  төслийн алдааг манай улстөрчид олж хардаг ч юм уу бүү мэд. Олж хараасай гэж л найдаж байна.

-Алт олборлогчид яагаад нөхөн сэргээлтээ хийдэггүй юм бэ?

-Сүүлийн 20 жилийн хугацаанд байгаль орчинд алтны салбараас учруулах хор хохирлын талаар судалж үзсэн л дээ. Яг алт олборлогчдын буруугаас болсон уу гэвэл эргэлзээтэй л юм билээ. Ерээд оны үед алтны зарим компаниуд нөхөн сэргээлтийн ажлыг орхигдуулсан явдал байдаг. Энэ нь техник тоног төхөөрөмж, санхүү болон зах зээлийн дутагдлаас үүдэлтэй. Хоёр дахь нь улс төрчдийн боловсруулсан гэнэтийн ашгийн 68 хувийн татвар юм. Үүнээс үүдээд Монголбанкинд тушаадаг алтны хэмжээ эрс буурч, алтны худалдаа далд хэлбэрт орж, нөхөн сэргээлт эзэнгүй хаягдсан. Гуравдугаарт, алдарт энэ урт нэртэй хууль байна. Хэвийн ажиллаж байсан компаниудын үйл ажиллагаагаа зогсоосноос болоод нөхөн сэргээлтийн ажил ч бас таг зогссон. 

-Алтны олборлолтоос болоод байгаль экологи сүйтгэгдлээ, гол мөрний ус ширгэлээ гэсэн шүүмжлэл багагүй гардаг?

-Энэ их өрөөсгөл ойлголт. Гол мөрөн алтны салбараас болж ширгэсэн гэхээсээ дэлхий дулаарал, байгаль орчны өөрчлөлтөөс болсон гэвэл шинжлэх ухааны дүгнэлтэд илүү ойртох байх. Алтны салбарт орчин үеийн техник, технологи хэрэглээд, нөхөн сэргээлтийг нь цаг тухайд нь хийгээд явбал байгаль экологид нөлөөлөлгүй гэдэг нь дэлхийд батлагдсан зүйл юм билээ. Монголын нийгэмд алтны салбарыг харлуулах гэсэн “пи-ар” их явагдсан. Хэвлэлээр ч их “бөмбөгдсөн” шүү дээ.

-Алтны салбарын эдийн засагт үзүүлэх үр өгөөжийн талаар сонирхуулаач. Зарим хүн Монгол Улс алтгүйгээр хөгжинө гээд байдаг юм билээ?

-Аль ч улс орны мөнгөн тэмдэгтийн баталгаа нь алт байдаг. Валютын нөөц багассан үед алтны нөөцөө нэмэгдүүлэх замаар эдийн засгийнхаа асуудлыг шийдвэрлэдэг. Тэгэхээр Монгол ч гэсэн энэ дүрмийг сонгох ёстой. Анхны Ерөнхийлөгч П.Очирбат гуайн хэрэгжүүлсэн “Алт” хөтөлбөрийн үр дүнд Монголбанк цагтаа жилд 28 тонн алт авч байсан. Гэтэл 2012 онд гуравхан тонн алт тушаагдсан. Өнөөдрийнх шиг валютын ханш савалгаатай байгаа үед алтны салбараа хөгжүүлэх нь ухаалаг арга байх болно. Урт нэртэй хуулийг өөрчилсөн шиг өөрчлөөд бүх алтны компаниудад эрх тэгш боломж олгож чадвал эдийн засгийн хүндрэлүүдээ шийдэх боломж байна.

Зарим хүмүүсийн үзэж байгаагаар дан мал аж ахуйгаар Монгол Улс хөгжих боломжтой гэж ярьдаг. Үүнтэй санал нэг биш байна. Гэхдээ өнөөдөр Монголд бэлчээрийн төлбөр төлөхгүй, татвар төлөхгүй, төрөөс тэтгэлэг авдаг, малаа алдвал нөхөн төлбөр авдаг давхар уул уурхайн компаниудаар тэтгүүлдэг хамгийн эрсдэлгүй, өндөр ашигтай, давуу эрхтэй бизнес энэ л байна.

-Бизнесмен хүний тань хувьд асуух нэг асуулт байна. Өнөөгийн эдийн засгийн хүндрэлээс гарах хамгийн хялбар арга юу вэ?

-Маш сайн ажиллах. Дэлхийн эдийн засгийн түүхээс харж байхад тааламжтай, таатай цаг үе гэж байгаагүй юм билээ. Байнга л хүндрэлтэй, асуудалтай байсан. Тэр болгоныг давж гарах бодлогыг зөв боловсруулах нь чухал болохоос  эдийн засгийн хүндрэлийг давахад нэг Засгийн газрыг нөгөөгөөр нь солихдоо биш. Бид дор бүрнээ ажлаа маш сайн хийх хэрэгтэй байна. Яагаад заавал бүтээн байгуулалтынхаа ид оргил, ачаалалтай үед амралт, зугаалга, найр наадам гээд явах ёстой гэж. Энэ их баяр наадам, зуслан, ан аялал гэдэг ойлголтоосоо салж, дор бүрнээ өглөө эрт босч, ажлаа чин сэтгэлээсээ хийж чадвал эдийн засгийн хүндрэлээс амархан гарчих байх.

Ж.ЭРХЭС
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж