Замын-Үүд дэх Гаалийн газрын гаалийн улсын байцаагч нар өнгөрсөн долдугаар сарын 15-нд УБТЗ-ын суудлын вагон депогийн вагоны үйлчлэгч Х нь Эрээн-Улаанбаатар чиглэлийн галт тэрэгний өөрийн ажлын өрөөндөө 90 хайрцаг буюу 1080 ширхэг мэс заслын утас нуун, хууль бусаар хил давуулах гэж байсныг илрүүлсэн байна. БНХАУ-д үйлдвэрлэсэн уг мэс заслын утас нь Эм эмнэлгийн хэрэгслийн тухай хуулийн 3.1.5 дахь заалтад “эмнэлгийн хэрэгсэл” гэсэн ангилалд багтдаг бөгөөд гагцхүү тусгай зөвшөөрөлтэй аж, ахуй нэгж импортолж, хилээр нэвтрүүлэхийг зөвшөөрдөг юм байна.
Тиймээс вагоны үйлчлэгч Х-гийн үйлдлийг Төмөр Замын цагдаагийн хэлтсийн Мөрдөн байцаах тасаг, Тээврийн прокурорын газар эрүүгийн хэрэг үүсгэж шалгажээ. Шалгалтаар учирсан хохирлын хэмжээ эрүүгийн хэрэг үүсгэх хэмжээнд хүрээгүй тул хэрэгсэхгүй болгож захиргааны арга хэмжээ ногдуулахаар болсон байна. Эл хэргийг Гаалийн байгууллагад буцаан шилжүүлжээ.
Д.ЦЭЭНЭ