Хийн буу ашиглан сүрдүүлсэн хэрэг өнгөрсөн амралтын өдрүүдэд хэд хэдэн удаа гарчээ. Тодруулбал, Чингэлтэй дүүргийн II хороонд автомашин шүргэлцсэнээс болж жолоочид нь маргалджээ. Маргааны үеэр ”Media Tech” ХХК-д хамгаалагч ажилтай 32 настай С гэгч залуу ОХУ-д үйлдвэрлэсэн хийн буу гаргаж, танхайрчээ. Чингэлтэй дүүргийн цагдаагийн I хэлтсийн цагдаа нар уг үйлдлийг таслан зогсоож хэргийг шалгаж эхэлсэн байна.
Мөн Хан-Уул дүүргийн III хороонд иргэн О-г үл таних “Соната” маркийн автомашинтай хүн буу гаргаж айлган сүрдүүлээд зугтаалаа” гэж мэдээлсний дагуу шуурхай эрэн сурвалжлан “Илд бамбай” харуул хамгаалалтын албанд ажилтай 51 настай эрэгтэй Б нь ХБНГУ-д үйлдвэрлэсэн “WALTHER” хийн буу ашиглан танхайрсныг олж тогтоожээ. Хэргийг тус дүүргийн цагдаагийн I хэлтсийнхэн шалгаж байгаа гэнэ. Энэ мэт байдлаар хийн бууг буруу зүйлд ашиглахгүй байхыг НЦГ-аас нийт харуул хамгаалалтын ажилтнуудад анхааруулж байна.
Д.ЖАРГАЛ