“Jet” англи хэлний сургуулийн ерөнхий захирал Цэрэндоржийн Чинзоригтой ярилцлаа. "Jet” англи хэлний сургууль нь энэ оны есдүгээр сараас эхлэн дэлхийд хүлээн зөвшөөрөгдсөн Кембриджийн англи хэлний хөтөлбөрөөр бүх сургалтуудаа явуулахаар болсон билээ. Уг сургуульд хамрагдаж суралцсанаар дэлхийн бүх улс оронд хүлээн зөвшөөрөгдсөн сертификаттай болж төгсөх юм. Ийм гайхмаар боломжийг “Jet” англи хэлний сургууль олгож байгаа юм аа. Тус англи хэлний төвийг мэдэхгүй хүн ховор билээ.
-“Jet” англи хэлний сургуулийг мэдэхгүй хүн бараг л үгүй болов уу. Танай сургууль олон улсын жишиг стандартын дагуу хичээл сургалтаа явуулдаг. Яриагаа сургуулийн тань үүх түүхээс эхэлбэл ямар бол оо?
-Бололгүй яах вэ. “Jet” англи хэлний сургууль маань 1995 онд байгуулагдсан. Агваансамдангийн Сүхбат гэж найзтайгаа хамтарч анх сургуулиа байгуулж байлаа. Сүхбатыг маань хүмүүс А.Сүхбат аваргатай андуурах нь бий. Овог нэр нь ижил л дээ. Сүхбатын аав Агваансамдан гэж хүн хуучин Гадаад явдлын яаманд орчуулагч, реферэнтээр ажилладаг байсан юм билээ. Үндсэндээ хэлний чиглэлийн хүн. Тэгээд Сүхбатад нөлөөлсөн хэрэг. Манай удамд ч гэсэн хэлний чиглэлийн хүмүүс бий. Ухаандаа, Чойжилын Чимэд гуай манай аавтай садан төрлийн хүн юм. Тэгэхээр удмын ген гэдэг зүйл надад хадгалагдчихсан байгаа юм. Түүнээс би чинь хэлнээс тэс өөр мэргэжил сонирхдог байсан.
Гэвч нэг л мэдэхэд хэлний мэргэжил рүү орчихсон байсан. Санаандгүй л орчихсон доо. Хэлэнд их сонирхолтой байжээ. Үндсэндээ хувь заяаны дуудлагаар хэлний мэргэжилтэй болж номын дууг нь сонссон хүн юм, би. Дараа нь сургуулиа байгуулсан ийм л түүхтэй. Энд нэг зүйлийг онцлоход, сургуулиа анх байгуулчихаад байж байхад “Өдрийн сонин” л зах зээлд биднийг таниулсан. Ерэн таван оноос хойш өнөөг хүртэл сургуулийнхаа тухай бүхий л мэдээ материалыг танай сониноор дамжуулж олонд хүргэж байна. Хоёр мянгаад оны үед энэ олон телевизийн суваг байсангүй. Танай сонин голлох байр суурьтай байлаа. Анхны элсэлтээрээ жар гаруй хүүхэд авсан юм. Басхүү өндөр амжилт байсан шүү. Сургуулийн бизнес гэдэг хэцүү. 2000 он хүртэл амаргүй байсан. Залуу ч байж алдаа оноо их байж дээ. Багш хүн бизнес хийгээд өндөр амжилтад хүрнэ гэдэг хэцүү юм билээ. Урлагийнхан шиг уяхан сэтгэлтэй хүмүүс байдаг юм уу даа. Нэг хүүхдийн эцэг эх орж ирээд “төлбөрөөсөө хөнгөлөөд өгөөч” гэхээр нь “тэг тэг” гээд л хөнгөлчихдөг. Ийм маягаар явбал мэдээж баларна. Тиймээс миний бие удирдлагын тусгай баг бүрдүүлсэн. 2002 оноос манай сургуулийн сургалтын төлбөр аль ч талаараа чангараад эхэлсэн. Түүнийгээ би Англид суралцсан цаг үетэйгээ холбодог юм.
-Англид таныг хоёр жилийн хугацаатай суралцсан гэдэг юм билээ?
-Нэг жил хагас орчим хугацаанд, үндсэндээ маш богино хугацаанд суралцсан. Дэлхийн өндөр хөгжилтэй оронд суралцаж эрдмийн зэрэг хамгаална гэдэг хувь хүний нүд нээгдчихэж байгаа хэрэг. Шал өөр ертөнц, сургалтын тэс өөр орчин угтаж байгаа шүү дээ. Монголд монгол багш нараар, Эрхүүд орос багш нараар, тэгээд Англид англи, франц багш нараар хичээл заалгачихаар хүнд их өөр болдог юм билээ. Олон багш нарын дундаас хичээл сургалтын өөр арга барилыг мэдрэхээс гадна харьцуулалт хийх боломж нээгдээд ирнэ. Англид суралцах хугацаандаа би нэг л зүйлийг сайтар мэдэрсэн.
-Тэр нь юу бол?
-Орчин үеийн заах аргазүйн систем. Орчин цагт хичээлийг маш энгийн, ойлгомжтой, товч байдлаар хүний тархинд суулгаж өгдөг болсон. Хуучин цаг шиг самбар дээр баахан зүйл бичвэл өнөөгийн хүүхдүүд түүнийг хуулж бичихгүй, уучлаарай л гэж хэлнэ. Нөгөө талаас харахад хэл өөрөө их төгс зүйл юм байна. Ж.Гэндэндарам гээд багш маань хэлдэг байсан. “Хэл, хүний бие эрхтэн хоёр шиг төгс бүтээл энэ дэлхийд байхгүй” гэдэг байсан. Нээрээ чиг үнэндээ. Хүний зүрхийг бүтээл гэж бодох юм бол дал, наян жил ажиллана гэхээр үнэндээ сод бүтээл байгаа биз дээ. Яг үүнтэй ижил ямар ч хэл сод бүтээл байдаг.
-“Jet” сургуулийн хувьд ерэн таван оноос хойш англи хэлээр дагнан хичээл сургалтаа явуулж байгаа. Үүний үр дүн юу вэ?
-Тийм ээ. Өөр хэл рүү ороогүй. Нэг зүйлээрээ дагнаад, түүндээ мэргэшээд явах нь зөв байх. Илүү үр дүнтэй. Тэгэхгүй олон хэл сурах юм бол хүн чинь тарамдаад эхэлнэ шүү дээ. Англи, солонгос, япон, герман хэлийг төгс эзэмшүүлнэ гэсэн сургалтын төвүүд манайд зөндөө байлаа шүү дээ. Гэвч одоо нэг чиг тийм төв алга байна.
-“Jet” англи хэлний сургууль маань олон зүйлээр Монголын боловсролын салбарт хувьсал хийж байгаа. Танай хамт олон олон улсын жишиг стандартад нийцсэн хичээл сургалтаа явуулдаг. Цаг ямагт шинэчлэгч байж чаддаг, үүнийг нууц гэвэл юу байх вэ?
-Миний бие багын л аливааг шинэчлэх дуртай хүн юм. Ерөөсөө л тийм зантай. Дээрээс олон улсын жишиг стандартыг цаг үргэлж дагаж, цаг үеэ мэдэрч байхгүй бол хэл чинь өөрөө үргэлж шинэчлэгдэж байдаг. Математик, физик ч юм уу бусад салбар хэвийн байдаг. Харин хэл бол өөр. Шинэчлэлийг л хүснэ. 2006 оноос GATES хөтөлбөрийг боловсруулж эхэлсэн. 1996-2008 оны хооронд өөрийнхөө бааз сууриар явсан.
-Танай сургалтын төвийг Кембриджийн тогтолцоонд шилжсэн гэж сонслоо. Энэ талаар манай уншигчдад дэлгэрэнгүй мэдээлэл өгөхгүй юу?
-Кембридж, Оксфорд зэрэг сургуулиуд сургалтаараа дэлхийд эхний аравт ордог, нэр хүндтэй сургуулиуд шүү дээ. Эдгээр сургуулийн сургалтын систем нь ерөнхий боловсролын дунд сургууль, их, дээд сургууль гээд бүх л түвшинд анхаарч ажилладагаараа онцлогтой. Европын орнуудад тогтсон боловсролын стандарт гэж байдаг. Тодруулбал, А1, А2, B1, B2… гэх зэрэг түвшингээр ангилна.
-Дэлхийн хичнээн орон Кембриджийн хөтөлбөрийг боловсролын системдээ ашигладаг юм бол?
-Хамгийн сүүлийн судалгаагаар дэлхийн бараг 130 гаруй улс Кембриджийн тогтолцоог мөрдөж байгаа гэсэн байдаг юм билээ.
-“Хобби”, “Элит” зэрэг ерөнхий боловсролын сургуулиуд Кембриджийн тогтолцоонд шилжээд багагүй хугацаа өнгөрлөө. Харин сургалтын төвүүдийн дунд энэ тогтолцоонд шилжсэн анхны төв бол танайх болж байна уу?
-Хоёр, гурван жилийн өмнө Ё.Отгонбаяр гуайг тухайн үеийн Боловсрол, шинжлэн ухааны сайд байх үед 30 орчим ерөнхий боловсролын сургууль Кембриджийн хөтөлбөрийг хэрэгжүүлж эхэлсэн. Одоо эдгээр сургуулийн хүүхдүүд төгсөөд гадаадын их, дээд сургуульд хэлний бэлтгэлгүйгээр сурах бүрэн боломжтой болсон байна шүү дээ. Гэтэл эдгээр сургуулиас гадна өчнөөн улсын болон хувийн ерөнхий боловсролын сургуулийн сурагчид энэ боломжийн гадна үлдэж байгааг мөн харж болно. Тиймээс манай сургалтын төв энэхүү тогтолцоог нэвтрүүлэхээр шийдсэн. Тэгвэл манайх Кембриджийн тогтолцоонд шилжсэнээр эдгээр олон зуун төгсөгчид маань дэлхийд хүлээн зөвшөөрөгдсөн хэлний мэдлэгтэй болж байна гэсэн үг. Энэ утгаараа бусад гадаад хэлний сургалтын төв дундаас илүү алхаж, маш том амжилтанд хүрч чадлаа.
-Тэгэхээр энэхүү Кембриджийн хөтөлбөрийн гол онцлог нь чухам юундаа байна вэ?
-Манай төвд сурснаар Кембриджийн их сургуулийн сертификаттай төгсөх бүрэн боломжтой. Та бүхэн анхан шатны ангид стандартын хичээлд сууна. Энэхүү ангиа төгсөхдөө шалгалт өгнө. Кембриджийн шалгалт өгдөг л дөө. Тэр шалгалтаа амжилттай өгчих юм бол “Jet” бус Кембриджийн сертификат олгоно гэсэн үг. Энэхүү сертификатыг авснаар та дэлхийд хэлний түвшнээрээ хүлээн зөвшөөрөгдсөн хүн боллоо гэж ойлгож болно. Та өөрийн орондоо гадаад хэлний сургалтын төв төгсөөд ажилд орох гээд гадаадад нэг компанид очлоо гэж бодоход аль нэг орноос ажилд орохоор өрсөлдөгч ирчихсэн байлаа. Ажил олгогч та хоёрын сертификатыг хараад энгийн сургалтын төв төгссөн сертификаттай хүнийг бус мэдээж Кэмбриджийн сертифкат барьсан хүнийг л ажилд авна шүү дээ. Тиймээс бид Монголынхоо англи хэлний хөгжлийг дэлхий нийттэй эн зэрэгцэхүйц болохоор зорьсон хэрэг. Тэрнээс биш манайдаа томоохонд тооцогдох ХУИС, МУИС зэрэг сургуулиудад гадаад хэл эзэмшлээ гэхэд гадны улс оронд хүлээн зөвшөөрдөггүй хэвээрээ л байгаа ш дээ.
-Кембриджийн хөтөлбөрт сургалтанд хамрагдсанаар өөр ямар давуу талууд бий болох вэ?
-Манай сургалтын төвд та бүхэн суралцаж, төгссөнөөр IELTS/TOEFL-ын шалгалт өгөх шаардлагагүй болно. Учир нь “Jet” сургалтын төвийн Кембриджийн хөтөлбөрийн сургалтанд хамрагдсанаар та бүхэн KET, PET, FCE, CAE гэсэн олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн шалгалтыг өгнө. Ангилал тус бүр өөр өөрийн онцлогтой.
-Тодруулахгүй юу?
-KET нь олон улсын А2 түвшний шалгалт бөгөөд суурьтай анханаас дунд шатны мэдлэгийг шалгана. Шалгалтын сертификат нь дэлхийн томоохон 100 гаруй улс орны төрийн болон хувийн байгуулагуудад хүлээн зөвшөөрөгддөг олон улсын сертификат. Харин PET бол олон лусын В1 түвшний шалгалт. Дундаас арай ахисан түвшин юм. Энэ хоёр шалгалтуудыг Европын холбооны хэлний стандартыг тогтоох хорооноос англи хэлний ерөнхий чадварыг илэрхийлсэн хэмээн үздэг. FCE нь В2 шатных бөгөөд дэлхийн 130 гаруй орны их дээд сургууль, ажил олгогчид төрийн болон хувийн байгууллагууд англи хэлний стандарт гэж тооцдог. Харин CAE нь олон улсын С1 түвшний шалгалт бөгөөд таны англи хэлний дээд түвшинг тодорхойлдог. Өөрөөр хэлбэл IELTS/TOEFL-ын шалгалттай ижил түвшинд үнэлэгддэг юм.
-Танай сургууль Кэмбриджийн эрхийг яаж олж авсан юм бэ?
-Бид энэ тогтолцоонд шилжихийн тулд хоёр жил судалгаа хийж, нэлээд их ажлыг хийлээ. Хамгийн гол нь манай талд багш нараа хэрхэн бэлдэх, мэргэжлийн багштай байх ёстой гэсэн шаардлагыг тавьсан. Тиймээс өнгөрсөн зун TЕSOL сургалтыг бэлтгэж эхэлсэн юм. Энэхүү сургалтыг гадаадын мэргэжлийн багш бэлтгэх American TESOL Institute-тай хамтарч хийсэн. Тус сургалтын дараа туршилтаар зургаан удаа тест авдаг юм билээ.
-TESOL зэрэгтэй багш нар гадаадын орнуудад хичээл заах бүрэн боломжтой байдаг байх аа?
-Тэгэлгүй яахав. Олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн сертификаттай болж төгсөнө. Кэмбриджийн журамд ч TESOL зэрэгтэй багш нар мэдээж хичээл заахыг тусгасан байдаг.
-Танай багш нарын хэдэн хувь TESOL зэрэгтэй вэ?
-Манай багш нарын 60 хувь нь TESOL зэрэгтэй. Анх Кэмбридж хөөцөлдөөд ирэхлээр TESOL зэрэгтэй багш байх шаардлагатай гэсэн. Тиймээс бид Америкийн TESOL байгууллагатай хамтран гадны мэргэжлийн багш нарыг авчирсан. Одоогоор 20 орчим багш нар ажиллаж байна.
-Мэдээж хуучин сургалтын төвийн хэлний түвшинд өөрчлөлт орсон биз?
-Би дээр дурдсан байгаа даа. Европын ангилалд бүрэн шилжсэн. Учир нь манай улс гадаад хэлний түвшинг тогтоохдоо анхан, дунд, гүнзгий шатных гэж бэлтгэдэг байсан бол одоо А1, В2, С1, С2 гэхчлэн есөн түвшинтэй болсон. Өмнөх тогтолцоо бол одоо хэт хуучирсан.
-Монголын гадаад хэлний боловсролын тогтолцоонд нэг ийм шинэчлэл хийх юмсан гэсэн бодол бий юу?
-Манай улсын гадаад хэлний мэдлэг олгох боловсролын тогтолцоо нуулгүй хэлэхэд их доголдолтой санагддаг.
-Одоо тэгэхээр хөгжих шатандаа орох ямар арга зам байна вэ?
-Боловсрол, шинжлэх ухааны яам боловсролын тухай хууль болон сургалтын системдээ шинэчлэл хийх хэрэгтэй байна. Яамнаас явуулж буй бодлого ихэвчлэн хэдэн сурах бичиг зохиох ажилд нь чиглэгддэг. Их, дээд сургуулийн сургалтын хөтөлбөр мөн адил сурч буй мэргэжилд нь анхаарч түлхүү хичээл заадаг. Гэтэл нийгэм, цаг үе хурдацтай хөгжиж байгаа үед хэлний мэдлэг маш чухал. Хэдий сайн мэргэжил эзэмшсэн байлаа гээд нэг ч гадаад хэлгүй бол амьдрал дээр ажлын байргүй л үлдэж байна. Их сургуульд долоо хоногт хоёр цаг англи хэлний хичээл ордог юм билээ. Зөвхөн нэг, хоёрдугаар курст л англи хэлний хичээл заадаг гэсэн. Ингэхийн оронд дөрвөн жил англи хэлний хичээлийг програмд нь түлхүү оруулж өгөх хэрэгтэй. Тэгвэл тухайн оюутан төгсөхдөө англи хэлний боловсролыг 60 хувь эзэмшинэ. Ерөнхий боловсролын сургуульд ч мөн адил. Маш сайн программ байх ёстой. Мөн түүнийг зааж чадах мэргэжлийн багш байх нь зүйн хэрэг. Харин энэ хоёрыг хүлээж авах чадвартай суралцагч байх нь хамгийн чухал шүү дээ. Ийм л гурван дүрэм байдаг. Ямар программ шаардлагатай талаар судалж байна. Их сургууль төгссөн хүн англи хэл дээр илтгэл бэлддэг, хүний ярьсныг ойлгочихдог, хуралд суучихдаг. Захиа биччихдэг байх хэрэгтэй. Гэтэл зөвхөн тексттэйгээ зууралдаад байна.
-Тэгвэл ерөнхий боловсролын сургалтад хэрхэн салхи оруулж болох бол. Та чинь нэлээд хэдэн жил багшилсан мэргэжлийн хүн шүү дээ?
-Ерөнхий боловсролын сургуулийн хувьд хүнд. Кэмбриджийн тогтолцоог нэвтрүүлж байна. Кэмбридж бол арай зэрэглэл өндөртэй сургалт. Тиймээс үүнтэй дөхүүлсэн стандарттай тогтолцоог бий болгох хэрэгтэй. Үүнийг нь шалгадаг хүмүүс хэрэгтэй. Манай харилцаа холбооны газар маш өндөр түвшинд ажлаа хийж байна. Гэтэл боловсролд хяналт тавь гэхээр манайхан мэргэжлийн хяналтад үүрэгдээд өгчихдөг. Гэтэл шал өөр асуудал шүү дээ. Өөрсдийн салбарынх нь мэргэжилтнүүд хянадаг, стандарт тогтоодог тогтолцоог хэрэгжүүлэх хэрэгтэй. Тэгэхгүй бол манайд стандарт байхгүй байгаа юм чинь юу хэлхэв. Манайхан ном бариад л байдаг. Ном бол зөвхөн наад захын асуудал. Тиймээс ядаж багш нараа TЕSOL зэрэгтэй болгох хэрэгтэй.
-Цаашид танай сургалтын төв өөр ямар ажлыг хийхээр төлөвлөөд байна вэ?
-Боловсрол, шинжлэх ухааны яаманд санал хүргүүлэхээр болсон. Зуны цагаар багш нарыг амраах зорилгоор семинар хийгээд сургалтад хамруулах зэрэг ажлуудыг хийхээр төлөвлөөд байна. Тэгвэл ерөнхий боловсролын сургуулиудын багш нарт маш том боломж нээгдэх юм шүү дээ. “JET” School of English” бол яг таны хүсэж байгаа тийм л газар юм. Биднийг зорин ирж байгаа оюутны тоо өдрөөс өдөрт өсөн нэмэгдэж байгаа нь бид жил ирэх тусам та бүхэнд илүү сайн мэдлэгийг илүү чадварлагаар, илүү үр дүнтэйгээр хүргэхийг хичээсэн бидний чармайлт талаар өнгөрөөгүйг илтгэн харуулж байгаа биз ээ.