Рианна Тайландын хуулийг зөрчжээ

Хуучирсан мэдээ: 2013.09.23-нд нийтлэгдсэн

Рианна Тайландын хуулийг зөрчжээ

Дуучин Рианна хит уран бүтээл болох “Diamonds” дуугаараа нэрлэсэн аялан тоглолтынхоо хүрээнд өнгөрсөн амралтын өдрүүдээр Тайландад зочилжээ. Барбадос гаралтай алдарт дуучин маань аялан тоглолтынхоо хажуугаар Тайланд улстай танилцах бяцхан аялал зохион байгуулж, энэ тухайгаа цахим хуудсаараа дамжуулан шүтэн бишрэгчдэдээ сонирхуулсан байна. Гэвч Рианна “Instagram”-д тавьсан зургаараа Тайландын хуулийг зөрчсөн гэдгээ бариад өгчихсөн байна. Рианна санамсаргүйгээр Тайландын нэн ховордсон “loris” /лори/ гэх амьтантай хамт авахуулсан зургаа цахим сүлжээнд байршуулсан аж. Гэтэл түүний энэ зургийг Тайландын албаныхан олж үзсэнээр асуудал үүсчээ. Учир нь Тайландад иргэд гадаадын жуулчдыг нэн ховордсон амьтантай хамт зургаа авахуулах боломжоор хангаж ашиг олох үйлчилгээг хориглодог аж. Тиймээс Тайландын Байгалийн баялаг хариуцсан албаныхан болон Пукет арлын захиргаа хамтран энэ хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулж, 16-20 насны хоёр тайланд хүнийг сэжигтнээр татан баривчлаад байгаа гэнэ. Харин дээрх зурагнаас болж дуучин Рианна хуулийн ямар нэгэн асуудалд орсон гэх мэдээлэл байхгүй байна.

Гэхдээ Рианнагийн эгдүүтэй авч мөхөх аюулд өртөөд буй бяцхан амьтантай хамт авахуулсан зургийг цахим ертөнцөд хэдийнэ 230 мянган хүн үзэж, "like” дараад байгаа аж.

Б.АНХТУЯА
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж