Компанийн засаглалыг хөгжүүлнэ

Хуучирсан мэдээ: 2013.09.23-нд нийтлэгдсэн

Компанийн засаглалыг хөгжүүлнэ

Компанийн засаглалыг хөгжүүлэхэд ТУЗ-ийн гишүүд чухал үүрэгтэйг онцлов  

Монгол улсын “Компанийн тухай” хуульд 2011 онд нэмэлт өөрчлөлт орж түүнийг даган мөрдөж байгаа. Хууль шинэчлэгдсэнтэй холбогдуулан энэ хуулийн хэрэгжилт болон компанийн засаглалыг хөгжүүлэх сургалт Өмнөговь аймагт зохион байгуулагдлаа.    

Компанийн засаглалын гэрчилгээ олгох сургалт нь компанийн ТУЗ-ийн гишүүд, нарийн бичгийн дарга нарт удирдлагын ур чадваруудыг олгох зорилготой бөгөөд сайн засаглалын олон улсын зарчмуудыг оруулж өгсөн байна. Энэхүү сургалт нь үйл ажиллагаанаас илүүтэйгээр стратегийн болон хэтийн зорилгыг тодорхойлох мэдээлэл өгөхөд чиглэсэн агуулгатай байсан гэж зохион байгуулагчид онцолж байсан юм. Компанийн засаглалын сургалтанд Өмнөговь аймгийн орон нутгийн өмчит компаниудын ТУЗ-ийн гишүүд, сум орон нутгийн удирдлагууд хамрагдсан бөгөөд энэхүү сургалт нь Өмнөговь аймагт анх удаа болж байгаа гэдгээрээ онцлог болж байгаа юм.     

 Сургалтыг Өмнөговь аймгийн ИТХ, ЗДТГ-аас санаачлан Монголын мэргэшсэн нягтлан бодогчдын интститут, Сангийн яам, Санхүүгийн зохицуулах хороо болон Компанийн засаглалын үндэсний зөвлөлөөс хамтран зохион байгуулжээ. Сургагч багшаар Компанийн засаглалын үндэсний зөвлөлийн тэргүүн Д.Ганбаяр, ММНБИ-ийн багш Д.Эхбаяр, Сангийн яамны зөвлөх Б.Аюуш нар урилгаар ажилласан бөгөөд гурван өдрийн хугацаанд 14 сэдвээр оролцогчид номын дуу сонссон юм. Тухайлбал, компанийн засаглалын ач холбогдол, дэлхийн шилдэг туршлагууд, Монголын хууль эрх зүйн зохицуулалт, эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллагын зарчмуудад нийцсэн компанийн засаглалын тогтолцоог өөрийн компанид бий болгох арга зам зэрэг хичээлүүдийг нэрлэж болох юм.      

Сургалтаар ТУЗ-ийн үйл ажиллагааг үр өгөөжтэй удирдах, захирлуудын цайны урамшууллын бодлого болон гүйцэтгэх удирдлагыг хянах оновчтой тогтолцоо, хууль эрх зүйн хүрээнд мэдээллийн нээлттэй байдлыг ханган ажиллах, сонирхлын зөрчилтэй гэрээ хэлцлүүд ба хамааралтай талуудын асуудал, цаашлаад эрсдлийн удирдлага болон манлайлал зэрэг компанийн засаглалын ойлголтуудыг нарийвчлан авч үзсэн гэж зохион байгуулагчид хэлж байлаа.              





Энэхүү сургалтын гол онцлог нь оролцогчид шалгалт өгч, тэнцсэн тохиолдолд Санхүүгийн зохицуулах хорооны компанийн засаглалын зөвлөлийн дугаартай гэрчилгээ эзэмшсэн юм. Ингэснээр монгол улсын компанийн хуулийн дагуу аль ч компанийн ТУЗ-д сонгогдох эрхтэй болж байгаа юм.     

        С.НОМИН
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж