Эрх зүйн шинэчлэлийн бодлогын хүрээнд Сэлэнгэ, Дархан-Уул, Орхон, Булган, Өвөрхангай, Архангай, Хөвсгөл, Төв зэрэг төвийн бүсийн найман аймгийн хууль сахиулах байгууллагуудын удирдлагууд, албан хаагчдад шинээр батлагдсан Цагдаагийн албаны тухай, Тахарын албаны тухай, Гэрч хохирогчийг хамгаалах тухай хуулиар сургалт, УИХ-д өргөн барихаар бэлтгэж байгаа Гэмт хэргийн тухай, Зөрчлийн тухай, Захиргааны ерөнхий хуулийн төслүүдээр хэлэлцүүлэг зохион байгуулав.
Хууль зүйн яамны Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга О.Алтангэрэл “Эрх зүйн шинэчлэл орон нутагт” сургалт, хэлэлцүүлгийн үеэр эрх зүйн шинэчлэлийн хүрээнд цаашид орон нутагт баримтлах бодлого, чиглэлийн талаар танилцуулга хийхдээ “Нийгэмд болон иргэнд гэм хохирол учруулсан бол хариуцлага заавал үүрэх учиртай. Энэ бол эрүүгийн хариуцлагын зарчим. Харин буруутай хүмүүсийг заавал шоронд хорьж, татвар төлөгчдийн мөнгөөр дулаан байранд тэжээх шаардлагагүй гэж үзсэн учраас Эрүүгийн болон Эрүүгийн байцаан шийтгэх тухай хуулийг өөрчлөхөөр Гэмт хэргийн тухай, Хууль сахиулах үйл ажиллагааны тухай, Зөрчлийн тухай хуулийн төслүүдийг боловсруулсан” гэдгийг онцлов. Мөн Хууль зүйн яамны Дотоод хэргийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах хэлтсийн дарга Г.Оюунболд Гэмт хэргийн тухай хуулийн төслийн танилцуулгыг хийхдээ одоогийн мөрдөж буй Эрүүгийн хууль нийгмийн харилцааг зохицуулахдаа учир дутагдалтай байгаа. Харин эдгээр хуулиудыг шинэчилсэнээр гэмт хэрэг үйлдсэн этгээд, хэрэг зөрчил гаргасан иргэн хэнд ч тэр ял оноохдоо заавал хорих биш, хийсэн хэрэгт нь тохирсон ял оноодог болно. Хүүхдийг заавал хорьж шийтгэхгүй байх, Хийсэн хэрэгт нь тохирсон ял оноох зэрэг зүйл заалтууд орж байгаа гэв.
Хоёр өдрийн сургалтанд хамрагдаж, эрх зүйн шинэчлэлийн бодлого, чиглэлтэй танилцсан орон нутгийн хууль сахиулагчид уг сургалт, хэлэлцүүлгийг зохион байгуулж байгаад нь талархал илэрхийлээд, хууль эрх зүйн орчны шинэчлэл хийгдэх нь зайлшгүй тулгамдсан асуудал байсан гэдэгтэй санал нэг байна. Тухайлбал, зөрчлийг гэмт хэрэг болгон шийтгэж байгаа нь ардчилсан нийгэмд байж болохгүй үйлдэл гэдгийг онцлоод Зөрчлийн тухай хуулийн төслийг санал нэгтэйгээр дэмжиж байсан юм.