
“Чингис хаан банк “Монгол даатгал” компанийн салбаруудыг битүүмжилжээ” гэсэн мэдээллийн дагуу албаны эх сурвалжуудаас тодрууллаа. Интернетэд байрлуулсан мэдээлэлд “Чингис хаан банкны хадгаламж эзэмшигчдийн даатгалыг “Монгол даатгал” компани хариуцдаг бөгөөд компанийн захирлууд уг мөнгийг үрэн таран хийсэн асуудалд холбогдоод байгаа бололтой. Гэвч үүнийг Авлигатай тэмцэх газар болон хууль хяналтын байгууллагаас асуухад тодорхой мэдээлэл байхгүй байна” гэсэн байв. Тиймээс бид энэ талаар “Монгол даатгал” компаниас тодруулахад “Манай ямар ч салбарыг битүүмжлээгүй, үйл ажиллагаа нь хэвийн явагдаж байна” гэлээ. Даатгалын газрын дарга Б.Жавхлангаас мөн энэ талаар тодруулахад , “Энэ бол захиалгаар хийж байгаа ажил гэж бодож байна. Хууль журмын дагуу даатгалын компани өр зээл авах ёсгүй. Тийм ч учраас манайх ямар ч өр зээлгүй. Үүнд Санхүүгийн зохицуулах хороо зохих хяналт тавьж байдаг. Манайх 11 тэрбум төгрөгийн өөрийн хөрөнгөтэй. Үйл ажиллагааныхаа талаар вэб сайтдаа мэдэлсэн байгаа. Санхүүгийн байгууллага бол итгэлцлийн үндсэн дээр үйл ажиллагаагаа явуулдаг. Иймэрхүү захиалгын мэдээлэл байж болшгүй зүйл. Тийм учраас бид захиалагчийн нь олох талаар онцгой ач холбогдол өгч ажиллаж, дорвитой арга хэмжээ авах болно” гэв.
А.АНУ