
Нийгэм эдийн засгийн байдал өсөн дэвжихийн хэрээр түүнийг дагасан сөрөг талууд аль ч нийгэмд бий болдог. Өмнөговь аймгийн хувьд иргэдийн санааг зовоож байгаа нэг том асуудал нь архи согтууруулах ундаанаас үүдэлтэй аливаа сөрөг үр дагаврууд байдаг. Тиймээс үүнтэй тэмцэх зорилгоор 2009 онд аймгийн Засаг даргын захирамжаар долоо хоног бүрийн Лхагва гарагийг архи, согтууруулах ундаа худалдаалахгүй өдөр байхаар тогтсон юм. Харин энэ чиглэлээр авах арга хэмжээг үргэлжлүүлж Өмнөговь аймгийн Цагдаагийн газар болон ЗДТГ-ын Хууль зүйн хэлтсээс хамтран уулзалт хэлэлцүүлэг зохион байгууллаа. Тодруулбал, Өмнөговь аймгийн хэмжээнд архидан согтуурахаас сэргийлэх, архидалтын шалтгаан нөхцөлийг арилгах чиглэлээр ямар арга хэмжээ хэрэгжүүлэх талаар санал солилцож энэ чиглэлээр аймгийн хөтөлбөр боловсруулахаар шийдвэрлэсэн юм. Энэ ажилд иргэний нийгмийн байгууллагын төлөөлөл мөн хамрагдах бөгөөд энэхүү эхлэх болгож хөтөлбөр боловсруулах ажлын хэсэг байгуулахаар болсон юм.
Хамгийн гол нь орон нутагт архидан согтуурахаас сэргийлэх, архидалтыг багасгахад зөвхөн холбогдох байгууллагууд биш иргэдийн оролцоо хамгийн их байгааг онцлох хэрэгтэй. Тиймээс энэ чиглэлээр олон нийтэд чиглэсэн ямар үйл ажиллагаа байж болох талаар иргэдийн саналыг авахаар болсон юм. Тодруулбал архидалтыг бууруулах чиглэлээр ямар арга хэмжээ байвал үр дүнтэй байх талаар иргэдийн санал бодлыг аймгийн ЗДТГ-ын 70530001, мөн Цагдаагийн газрын 70533321, 70533221 утсаар авах юм байна.
С.НОМИН