Эвслийн зүгээс Хөрөнгө оруулалтын хууль, Хөрөнгө оруулалтын сангийн тухай хуулийг зарчмын хувьд дэмжиж байгаа бөгөөд зарим нэг зарчмын зөрүүтэй саналууд гаргаж, байнгын хороо болон хэлэлцүүлгийн явцад санал хураалгахаар бэлтгэж, ажлын хэсгийхэнд хүргүүлэхээр болжээ. Тодруулбал, хөрөнгө оруулалтыг бүс нутгаар нь ялгавартай хандах нь зүйтэй гэж үзсэн байна. Өөрөөр хэлбэл, Улаанбаатар, хөдөө орон нутаг гэсэн ангиллаар хандах нь зүйтэй. Ялангуяа орон нутгийн хөрөнгө оруулалтад анхаарал хандуулах цаг болсныг эвслийн бүлгийн гишүүд онцолж байна. Мөн хөрөнгө оруулалтын хэмжээ, салбараас нь хамаарч зөрүүтэйгээр зааж өгөх, салбарыг нь ил тод зарлах гэсэн санал гаргасан байна.
Мөн салбараас хамаарч 15 тэрбум төгрөгөөс дээш хөрөнгө оруулалт хийвэл татварын орчин нь өөр байх ёстой. Ялангуяа гадаадын хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, татварын орчныг тогтвортой байлгах итгэл өгөхийн тулд салбаруудаа ил тод зарлах ёстой гэж эвслийн бүлгийн гишүүд үзсэн байна. Тодруулбал, уул уурхай, төмөр зам, авто зам, эрчим хүчний салбар зэргийг тусгайлан зааж, хөрөнгө оруулалтын хэмжээ, татварын тогтвортой байдлыг зааж өгөх нь чухал гэж эвслийн бүлгийн гишүүд үзсэнийг Н.Батцэрэг дарга онцоллоо. 15 тэрбум төгрөгөөс дээш хөрөнгө оруулалт хийвэл дөрвөн төрлийн татварыг тогтворжуулах заалт байгааг эвслийн зүгээс дэмжиж байгаа юу гэсэн асуултад Н.Батцэрэг "Татварын төрөл зүйл дотор хамгийн гол төсвийн орлого бүрдүүлдэг нь аж ахуйн орлогын татвар, гааль, НӨАТ, уул уурхайн рояалти гэсэн татварууд бий. Үүнээс гадна олон төрлийн татварыг тогтворжуулъя гэсэн санал гаргавал эвслийн бүлэг дэмжинэ. 15 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийе гэвэл уул уурхай, эрчим хүчний салбарт бол бага мөнгө. Хүнсний салбар, хөдөө аж ахуйн салбарт хангалттай мөнгө. Гадаад, дотоодын гэж ялгахгүйгээр 15 тэрбум төгрөгөөс дээш хөрөнгө оруулалтад тогтворжуулалтын гэрчилгээ олговол дотоодын 15 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулах цөөхөн компани байгаа. Тэд нарт илүү ашигтай, орон нутагт таагүй нөхцөл үүсвэл амьдралаас үүдсэн ялгаатай байдал гарч ирнэ. Тиймээс 15 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтын салбараар нь буюу хөдөө орон нутаг, Улаанбаатар гэж бүс нутгаар нь ангилах нь зүйтэй гэсэн саналыг гишүүд гаргасан. Тиймээс ажлын алба үндэслэлээ судалгаатай болгох үүднээс ойрын өдрүүдэд ажиллана" гэлээ.