Шалгалтаар “Барс-1”, “Барс-2” захууд, Баянзүрх дүүргийн нутагт үйл ажиллагаа явуулж буй “Асралт” худалдааны төв, “Далай ээж” хүнсний зах, “Нарантуул” худалдааны төвийн гэр ахуйн барааны тасаг, “Гялгар” модны зах, “Меркури” худалдааны төв зэрэг газарт ноцтой зөрчил илэрсэн тул үйл ажиллагаа явуулах эрхийг нь түр болон бүрмөсөн цуцлах асуудал яригдахад хүрсэн юм. Шалгалтад бүдэрсэн тэдгээр газруудын нэг нь өнөөх “Нарантуул”-ын гэр ахуйн болон цахилгаан хэрэгсэл худалдаалдаг битүү зах. НЗДТГ-аас томилсон Ажлын хэсгийнхэн тус зах нь ямар ч зөвшөөрөлгүй болохыг илрүүлсэн байна. Энэ талаар Ажлын хэсгийн гишүүн, Нийслэлийн Онцгой байдлын газрын Гал түймрийн хэлтсийн ахлах байцаагч С.Эрдэнэбаяр “Тэр битүү зах мөн л барилгын зураг төсөл байхгүй, улсын комисс хүлээж аваагүй барилга юм билээ. Галын дохиоллын систем албан ёсоор тавигдаагүй, дотор усан хангамж ашиглалтын явцад эвдэрсэн. Мөн гадна усан хангамжгүй, цахилгааны асуудал зөрчилтэй. Түрээслэгчдэд төвлөрсөн агуулахгүй. Үйл ажиллагаа явуулах эрхийг нь түдгэлзүүлсэн байгаа” гэсэн юм.
Ингээд байдалтай танилцахаар “Нарантуул” худалдааны төвийг зорилоо. Гэтэл үйл ажиллагаа явуулах ямар ч зөвшөөрөлгүй зах хэвийн ажиллаж, үйлчлүүлэгч ч ихтэй байв. Зэргэлдээх хүнсний зах үнс нурам болтлоо шатаж, хэдэн тэрбумаар тоологдох хохирол амсч, 400-гаад түрээслэгч хохирчихоод байгаа нь тэдэнд огтхон ч сургамж болоогүй бололтой. Түрээслэгчидтэй уулзаж, удахгүй захыг хаах гэж байгааг дуулгатал тэд “Өө, захыг хаахгүй гэсэн. Захыг долоо хоног хааж, багагүй засвар хийсэн. Бид ч өндөрсгөж зассан лангуунуудыг бүгдийг нь буулгасан. Мөн лангуу бүр гэрэлтүүлэг тавьж байгаа. Захыг хаахгүй тул санаа амар байж болно гэж захын удирдлагууд хэлсэн” гэцгээж байв. Мөн шатах, нурах нь хамаагүй амьдралыг нь залгуулж байгаа тул захын үйл ажиллагааг нь зогсоовол эцсээ хүртэл тэмцэх болно гэж түрээслэгчид үзэж байгаа бололтой. Захын удирдлагуудаас ямар учраас улсын комисс хүлээж аваагүй, үйл ажиллагаа явуулах зөвшөөрөлгүй барилгад худалдаа эрхлүүлж байгааг тодруулах гэсэн боловч “Энэ талаар мэдээлэл өгөхгүй” гэдэг хариулт өглөө.
Ямартай ч хэд хоног хааж, өндөрсгөсөн тавцанг буулгаж, гэрэлтүүлэг нэмсэн ч захыг хаах эсэх асуудлыг Нийслэлийн удирдах ажилтны шуурхай хуралдаанаар хэлэлцэж шийдвэрлэх юм.