Ч.Гансүхийн ямар ч данснаас 17 тэрбум илрээгүй гэв

Хуучирсан мэдээ: 2013.09.23-нд нийтлэгдсэн

Ч.Гансүхийн ямар ч данснаас 17 тэрбум илрээгүй гэв



Татварын ерөнхий газрын Хяналт шалгалтын хэлтсийн дарга Ч.Гансүх нарыг өнгөрөгч нэгдүгээр сараас  АТГ-т шалгаж, олон тэрбум төгрөг хувьдаа  завшсан үндэслэлүүд тогтоогдсон талаар мэдээлсэн. Тэгвэл өнөөдөр Ч.Гансүхийн өмгөөлөгч А.Ундрах, Б.Гансүх нар сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ. Өмгөөлөгчдийн зүгээс “Хэргийн мөрдөн байцаалтын ажиллагаа найман сар үргэлжлэхэд ямар ч 17 тэрбум төгрөг, нууц амрагийнхаа дансанд  байршуулсан таван тэрбум төгрөг тогтоогдоогүй. Энэхүү мэдээлэл  нь огт үндэслэлгүй, ташаа  болохыг  хэлье. Мөн хэвлэл мэдээллийн хэрэгслээр бичсэн бусдаас их хэмжээний хахууль авсан асуудал ч тогтоогдоогүй” гэсэн юм.

АТГ-аас Ч.Гансүхэд холбогдох хэргийг  шалгаж дууссаны дараа Нийслэлийн шүүхээс Чингэлтэй дүүргийн шүүхэд харьяаллыг тогтоосон юм. Харин ЧД-ийн шүүхээс хэргийг дахин шалгах  шаардлагатай гэж үзээд нэмэлт мөрдөн байцаалтад буцаасныг улсын яллагч эсэргүүцэж, эсэргүүцэл бичсэн. Энэхүү эсэргүүцлийг дахин хэлэлцээд ЧД-ийн шүүхээс гаргасан нэмэлт мөрдөн байцаалтад буцаах захирамж үндэслэлтэй гэж үзээд улсын яллагчийн эсэргүүцлийг хүлээж аваагүй билээ. Ингэснээр хэрэг мөрдөн байцаалтад шилжээд байгаа юм.

Ч.Гансүхийн эрүүл мэндийн байдал муудсан гэв

Түүний өмгөөлөгчдийн зүгээс өнгөрсөн хугацаанд Ч.Гансүхийн биеийн байдал муудаж байгаа учир батлан даалтад гаргах хүсэлтийг байнга тавьсаар байгаа ч хүлээж аваагүй байна. Одоогоор чихрийн шижин, даралт ихсэх өвчин хоёрдугаар үедээ орж, бие нь хатангирших явцад орсон гэнэ. Ч.Гансүхийг анх Төв аймагт  байрлах хорих ангид аваачсан ч Дархан-Уул, Зүүнхараа, Цагдан хорих 461 дүгээр анги гээд нийт дөрвөн хорих ангид шилжүүлсэн  нь хүний эрхийг зөрчиж, эрүүдэн шүүж байгаа хэлбэр болохыг Хүний эрхийн үндэсний комиссоос дүгнэсэн гэдгийг Ч.Гансүхийн өмгөөлөгчид мэдээлэв.

Ч.Гансүхийн өмгөөлөгчдийн хувьд түүний тодорхой үйлдлүүдийг буруутгаж байгаа ч хэвлэл мэдээллээр гарсан шиг олон арван тэрбум төгрөг завшсан зүйл тогтоогдоогүй, улсад нэг ч төгрөгийн хохирол учруулаагүй гэдгийг хэлэхийг хүссэн гэлээ.

С.ОТГОН
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж