Эрчим хүчний сайд М.Сономпил, Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаяр нар эрчим хүчний салбарт Хөгжлийн банкны санхүүжилтээр хийгдэж буй Амгалан дулааны станцын барилгын ажил, ДЦС-3 ХК-ийн 50 МВт-ын өргөтгөлийн бүтээн байгуулалтын явцтай танилцаж газар дээр нь ажиллалаа.
Улаанбаатар хотын ДЦС-3 ХК-ийн хүчин чадлыг 50МВт-аар өргөтгөх төслийг эхлүүллээ. Мөн №9 зуухыг сэргээн засварлах ажлыг 2014 онд дуусгах төлөвлөгөөтэйгөөр ажиллаж байна.
"ДЦС-3" цахилгаан станцын суурилагдсан хүчин чадлыг 50 МВТ-аар өргөтгөх төслийн ажил 2013.07.15-ны өдрөөс эхэлсэн бөгөөд 2013.12.25-ны өдөр дуусгаж, захиалагч талд хүлээлгэж өгөх гэрээтэй ажил үргэлжилж байна. Өнөөдрийн байдлаар тоног төхөөрөмж үйлдвэрлэлийн ажил 90%-тай ажил графикын дагуу явагдаж байгаа бөгөөд үйлдвэрлэж дууссан тоног төхөөрөмжүүдэд туршилт хийж эхний ээлжийн тоног төхөөрөмжийг ДЦС-4 станцад суурилуулахаар ачуулаад байна. “ДЦС-3” ТӨХК-ын суурилагдсан хүчин чадлыг 50 МВт-аар өргөтгөснөөр Төвийн бүсийн эрчим хүчний системийн хүчин чадал 50 МВт-аар, Улаанбаатар хотын дулаан хангамжын системийн хүчин чадал 75 Гкал/ц-аар нэмэгдэж, Хан-Уул, Баянзүрх дүүрэгт шинээр баригдаж байгаа барилгуудыг дулааны эрчим хүчээр хангах боломжтой болно. Энэхүү бүтээн байгуулалт хийгдсэнээр богино хугацаанд, бага зардлаар эрчим хүчний системийн чадлын дутагдлаас гарах боломжтой болж байгаа юм хэмээн Эрчим хүчний яамнаас мэдээллээ.