
Нийслэл хотод энэ жил олон газарт зам засварын ажил өрнөж байгаа. Яг одоогийн байдлаар Яармаг, Дарь-Эхийн автозамыг хэсэгчлэн хааж, хучилтын ажил хийж байна. Үүнтэй холбоотойгоор дээрх чиглэлүүдэд үйлчилдэг том оврын автобусууд тал үнээр үйлчилж эхлээд байгаа юм. Учир нь иргэд гэрээс ажил, ажлаас гэр хүрэх зуурт өмнөхөөс хоёр дахин өндөр үнэ төлөх учир ийн шийдсэн байна. Гэтэл зам засч, хэсэгчлэн хаасныг хувийн машинтай хүмүүс овжноор ашиглан хэт өндөр үнээр иргэдэд үйлчлэх болжээ. Өдрийн цагаар нэг хүнийг 500-1000 төгрөгөөр зөөж буй бол өглөө болон үдэш оройн цагаар 1500-2000 төгрөгийн ханш тогтоосон байна. Ялангуяа Сансрын колонкийн буудлаас Дарь-Эхийн чиглэлд такси үйлчилгээ эрхлэгч хувийн машинтай хүмүүсийн хувьд зам хаасныг далимдуулан нэг удаагийн явалтаар багадаа 3000 төгрөг, цаашлаад 5000 төгрөг олж байгааг олзонд хэт шунасан хэрэг болж байна хэмээн иргэд бухимдаж байна. Зам засваргүй ч өвлийн хүйтэнд мөн л ингэж өндөр үнэтэй үйлчилгээ үзүүлдэг ажээ. Мөн Бөмбөгөр худалдааны төвөөс Зуун айл хүртэл хүн тус бүрийг 1000 төгрөгөөр тээвэрлэдэг жижиг тэрэгний үйлчилгээг зохицуулдаг, хариуцдаг газар байгаа эсэхийг ч иргэд лавлаж байлаа.
Д.ЦЭЦЭН