БНСУ-ын өсвөрийн хөлбөмбөгчдийн холбоо Азийн 12 хүртэлх насныхны Фестивалийг аравдугаар сарын 3-6-нд Инчонь хотод зохион байгуулна. Соёл, спорт, аялал жуулчлалын яам, "”Их талын дуулиан” ТББ-аас энэхүү нэр хүндтэй тэмцээнд Монгол Улсыг төлөөлөн оролцох эрхийг Чингэлтэй дүүргийн 24 дүгээр сургуулийн дэргэдэх “ДМЮ” клубийн 11 хүртэлх насны багт олгоод байна. Тус баг энэ жил “Их талын дуулиан” ТББ-аас зохион байгуулдаг Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дорх футзалын “Дуулиан-2020” болон Монголын хөлбөмбөгийн холбооны гадаа талбайн УАШТ-д түрүүлсэн юм. Азийн өсвөрийн хөлбөмбөгчдийн Фестиваль Инчонь хотын Сонгдо дүүргийн LNG Sports Complex Park-т болох бөгөөд зохион байгуулагчид тивийн 42 улсад урилга илгээжээ. “ДМЮ” спорт клубийн баг тамирчдын Фестивальд оролцох зардлын тодорхой хувийг Б.Батзаяа захиралтай “Хүчит Чулуут” ХХК ивээн тэтгэж байна.
Д.НАНЖИД