Уулзалтын үеэр Ерөнхий консул Н.Анхбаяр Монгол Улсын нийгэм, эдийн засгийн өнөөгийн байдал болон тус Ерөнхий консулын газрын үйл ажиллагаа, консулын тойрог, түүний дотор Калифорни мужид амьдарч буй монгол иргэдийн ахуй байдлын талаар товч танилцуулж, хоёр талын харилцаа, хамтын ажиллагааг бүхий л салбарт, ялангуяа хөдөө аж ахуй, эрчим хүч, аялал жуулчлал, мэдээллийн технологийн салбарт улам эрчимтэй хөгжүүлэхийг зорьж байгаагаа илэрхийлэв.
Ассамблейн гишүүн Т.Аммиано Монгол Улсын түүх, соёлыг хүндэтгэж явдгаа дурдаад, манай улсын ардчилал, шинэчлэлийн талаар сонирхов. Тэд парламентын хамтын ажиллагааг идэвхжүүлэх үүднээс хоёр талын хууль тогтоогчдыг харилцан айлчлуулах, худалдаа, эдийн засгийн харилцаа өргөжүүлэх зорилгоор АНУ-ын Gаp, Levi"s зэрэг компаниудын салбарыг Монголд нээх зэрэг тодорхой асуудлаар хамтран ажиллахаар тохирлоо гэж Гадаад харилцааны яамнаас мэдээллээ.