Сүүлийн хоёр томоохон тэмцээнд ялагдал хүлээгээд байсан “Челси” клуб прьемер лигийн тавдугаар тойргийн тоглолтын хүрээнд “Фулхэм” клубтэй тааран тоглож, 2:0-ийн харьцаагаар хожсоноор хүснэгтийг тэргүүлж эхэллээ. Тоглолтын эхний үед ямар ч гоол ороогүй бөгөөд 52 дахь минутад Оскар гоол оруулж онооны харьцааг нээсэн бол эцсийн цэгийг 84 дэх минутад Жон Терригийн дамжуулалтаар Жон Оби Микель гоол оруулж, багаа ялалтад хөтөлжээ. Сүүлийн үед Их Британийн хэвлэлүүдээр “Онцгой нэгэн” рүү таагүй үг шидэцгээж байсан билээ. “Бид ялалт байгууллаа. Гэхдээ энэ бол “Челси”-гийн шилдэг тоглолт биш. Бид үүнээс илүү амжилтыг гаргаж чадна. Цаашид биднийг хүнд сорилтууд хүлээж байгаа” хэмээн “Челси” клубын ерөнхий менежер Жозе Муриньёо ярьжээ. Нэг ч ялагдалгүй хүснэгтийг тэргүүлж, багийнхаа түүхэнд 1994 оноос хойшхи онцгой амжилтыг үзүүлж байсан “Ливерпүүл” клуб “Саутхемптох” клубт 1:0-ийн харьцаагаар хожигдсоноор хүснэгтийг Челси” клубтэй хамт 10 оноогоор тэргүүлж байна. Хүснэгтийн тэргүүллийн төлөө хамгийн хүчтэй өрсөлдөгчид болох Манчестер хотын хоёр клуб өнөө орой хоорондоо тулна.
Б.СYX