Ерээд оныхон “хүчирхэг” хэвээр

Хуучирсан мэдээ: 2013.09.22-нд нийтлэгдсэн

Ерээд оныхон “хүчирхэг” хэвээр

Монголын зохиолчид Улаанбаатар хотноо хоёр өдөр чууллаа. Анх байгуулагдсан цагаасаа хойш 15-р их хурлаа тэд ийн хийсэн нь энэ юм. Эхний өдөр буюу энэ сарын 20-нд “Үндэсний утга зохиолын хөгжлийн асуудал” сэдэвт нээлттэй хэлэлцүүлэг зохион байгуулж, “гал” намжаасан болохоор хоёр дахь өдрийн хурал хүмүүсийн ярилцаж байсан шиг тийм ч ширүүн уур амьсгалтай өрнөөгүй. Тиймээс өнгөрсөн жилүүдэд зохиолчдыг толгойлсон хүмүүсийн төлөвлөгөө амжилттай хэрэгжсэн гэсэн үг.

Их хурлын хоёр дахь өдрийн хурлыг яруу найрагч, шүүмж судлаач Ү.Хүрэлбаатар удирдан явуулсан бөгөөд Удирдах зөвлөл, Хяналтын зөвлөлүүд дөрвөн жилийн хугацаанд хэрэгжүүлсэн ажлаа нийт гишүүддээ тайлагнасан юм. Харамсалтай нь, Удирдах зөвлөлийн тайланд “Болор цом”, “Алтан өд” зэрэг уламжлалт болоод шинээр явуулсан тэмцээн, хэн нэгэн уран бүтээлчийн насны ой зэргийг тэмдэглэсэн гэдгээс илүү гавьтай зүйл байсангүй. Харин Хяналтын зөвлөлөөс “МЗЭ одоогоор 248 сая төгрөгийн үндсэн хөрөнгөтэй. Гүйцэтгэх захирал нь 530 мянга, ажиллагсад нь 200-300 мянган төгрөгийн цалинтай, төчнөөн төгрөгийг түүнд зарцуулсан” гэх зэрэг урьд өмнө байгаагүй санхүүгийн ил тод тайланг нийт гишүүддээ танилцуулсан юм.

Тооллогын комисс батлах, хэсэг завсарлах, хэдэн зохиолчдоо буцааж хуралд нь оролцуулах, санал хүсэлт илэрхийлэх зэрэг хуралд оролцогсдыг “залхаах” арга үргэлжлэн хэрэгжсээр өчигдөр 17:00 цагийн үеэс сонгууль болж эхэлсэн. Яруу найраг, үргэлжилсэн үг, орчуулга гэх мэт долоон Үндэсний төвөөрөө хуралдаж, Үндэсний төвийн есөн гишүүн буюу Бага чуулганы гишүүдээ эхлээд сонгов. Энэ үеэр харин зарим нэг хүний жинхэнэ үнэн төрх, амбиц илэрч эхэлсэн гэхэд болно. Хэд гурваараа булан бараадан шивнэлдэж, нүд ирмэлцэх нь энгийн зүйл болов. Яруу найрагч Ц.Хулан гэхэд л Бага чуулганы гишүүнд нэрээ дэвшүүлж, мандатаа өргөсөн гишүүдийг өөрөө давхар тоолон, “Надад санал өгөөгүй хүн хэн байна, Алив өргөөч” гэж харагдав.

Ингээд Бага чуулганы гишүүдийн нэрс гарч, улмаар ирэх дөрвөн жилд МЗЭ-ийн Удирдах зөвлөлд хэн хэн байх нь тодорч эхэлсэн. Энэ үеэр Үндэсний төв бүрээс удирдах зөвлөлд тус бүр хоёр гишүүн байсныг яруу найргийн үндэсний төвөөс гурав байх шийдвэрийг гишүүдийн олонхийн саналаар баталсан. Тийм болохоор яруу найргийн төрлөөс яруу найрагч Б.Галсансүх, Б.Ичинхорлоо, Ш.Лхамноржмаа нар сонгогдсоноос Б.Ичинхорлоо үндэсний төвийнхөө тэргүүн болсон юм. Харин удирдах зөвлөлийн бусад гишүүдээр Ү.Хүрэлбаатар, Б.Галаарид, Б.Баярсайхан, Ц.Түмэнбаяр, Б.Золбаяр, Д.Галбаатар, О.Сундуй, Г.Ганболд Л.Одончимэд, О.Чинбаяр, Ж.Нэргүй нар сонгогдон, ирэх дөрвөн жилд МЗЭ-ийг удирдан ажиллахаар боллоо.

Ингээд МЗЭ-ийн Удирдах зөвлөлийн даргад өрсөлдөх хүмүүсийн нэрийг заалнаас нэр дэвшүүлж эхлэв. Г.Мэнд-Ооёо, П.Батхуяг, Ц.Хулан, Ц.Буянзаяа, Жа.Баяржаргал гэсэн таван хүнийг нэр дэвшүүлсэнээс Соёлын гавьяат зүтгэлтэн, яруу найрагч Г.Мэнд-Ооёо хуралдааны танхимд байгаагүйгээс олонхийн саналаар түүнийг нэр дэвшигчээс хассан. Тиймээс үлдэсн дөрвөн нэр дэвшигч дарааллын дагуу өөрсдийн мөрийн хөтөлбөрөө танилцуулсан юм. Эхлээд яруу найрагч Ц.Хулан мөрийн хөтөлбөрөө танилцуулж, 50 зохиолчийн орон сууц, Зохиолчдын ордон, ахмадын сувилалын газар, зэргийг сүндэрлүүлж, дор хаяад таван орны хэлээр гадагш болон дотогш нь орчуулга хийдэг Орчуулгын редакц, зохиолчдыг хөдөлмөрийн дэвтэртэй болгох, Г.Сэр-одын нэрэмжит шагналаас эхлээд бүх шагналын дагалдах мөнгийг нилээдгүй хэмжээгээр нэмэх гэх зэрэг ажлууд хийхээ амлав. Харин түүний дараагаар мөрийн хөтөлбөрөө танилцуулсан П.Батхуяг, Ц.Буянзаяа нарын мөрийн хөтөлбөр арай амьдралд ойр байсан гэхэд болно. Зохиолчдын боловсролд илүү анхаарч, залуусыг гадаадад сургах ажлыг эхлүүлэх, “Утга зохиол урлаг” сонин, “Цог” сэтгүүл зэрэг МЗЭ-ийн төв хэвлэлүүдийг чанаржуулж, цахим хэлбэрт оруулах, гадаад дотоодын Төрийн болон Төрийн бус байгууллагуудаас хөрөнгө санхүү босгох гээд олон зүйлийг хийхээр тусгажээ. Мөн яруу найрагч Жа.Баяржаргалын мөрийн хөтөлбөр ч гэсэн амьдралаас хол зөрүүтэй байгаагүй гэдгийг хэлэх хэрэгтэй ч тийм сайн боловсруулаагүй нь илт байсан. Магадгүй түүнийг 90-ээд оныхон буюу үеийнхэн нь санал хуваалгах зорилгоор нэр дэвшүүлсэн байхыг үгүйсгэхгүй.

Ингээд Улаанбаатар хотод хөл хөдөлгөөн намжиж эхэлсэн 23:00 цагийн үед санал хураалт эхлэв. Бүх гишүүд хуралдааны танхимаас гарч, нэг нэгээрээ орж ирж саналаа нууцаар өгсөн юм. Харин санал хураалтын дүн гарахад 90-ээд оныхон “хүчирхэг” хэвээрээ гэдгээ батлав. Мөн энэхүү хүчээ хөрөнгө мөнгөөр ч зузаатгасан гэдгээ нотолж Ховд, Говьсүмбэр, Дархан-Уул зэрэг аймгуудын зохиолчдын зардал, байрлах газрыг нь даан авчирч, хуралд оролцуулсаны ашиг гарсан гэхэд болно. Санал тооллогын дүнгээр яруу найрагч Ц.Буянзаяа 96 хүний санал авч, МЗЭ-ийн Удирдах зөвлөлийн даргаар сонгогдсон бол Ц.Хулан 77, П.Батхуяг, Жа.Баяржаргал нар тус бүр 16 хүний санал авсан байлаа.

Ийнхүү хоёр хоног эвлэрэхдээ эвлэрч, эвдрэхдээ эвдэрч хуралдсан Монголын зохиолчид ирэх дөрвөн жил “Үндэсний утга зохиолыг хөгжүүлэх” эрхмүүдээ сонгож, нэг хэсэгтээ нам жим байхаар боллоо. Харин одоо бидэнд МЗЭ-ийн удирдлагаар сонгогдсон эрхэм уран бүтээлчдэдээ ажлын өндөр амжилт хүсч, хэрхэн ажиллахыг харах л үлдлээ.

Одоо МЗЭ-ийн Удирдах зөвлөлийн дарга санал оруулж, Удирдах зөвлөл хэлэлцснээр Гүйцэтгэх захирлыг томилно. Өдгөө тус байгууллагын Гүйцэтгэх захирлын албыг  яруу найрагч Г.Мөнхцэцэг хашдаг билээ.

Т.ДАРХАН
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж