НҮБ-ын Ерөнхий Ассамблей ба Монгол Улс

Хуучирсан мэдээ: 2013.09.22-нд нийтлэгдсэн

НҮБ-ын Ерөнхий Ассамблей ба Монгол Улс

НҮБ-ын Ерөнхий Ассамблейн  68 дугаар чуулган өнөөдөр эхэлнэ. Есдүгээр сарын 22-27-ны өдрүүдэд үргэлжлэх тус чуулганд Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж тэргүүтэй төлөөлөгчид оролцож байна. НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 68 дугаар чуулганд 102 улс төрийн тэргүүний, 49 улс Засгийн газрын тэргүүний, 42 улс Гадаад хэргийн сайдын түвшинд оролцохоо мэдэгдээд байгаа юм.

Энэ удаагийн чуулганд Монгол Улс өөрийн санаачилсан гурван тогтоолын үндэсний хэрэгжилтийг тайлагнаж хэлэлцүүлэх юм байна. Үүнд, “Бичигтэн болох НҮБ-ын арван жил”-ийн үндэсний илтгэл, “Нийгмийн хөгжилд хоршооллын үүрэг” үндэсний илтгэл, Хөдөөгийн эмэгтэйчүүдийн аж байдлыг сайжруулах тухай илтгэлүүд багтжээ. Мөн чуулганы үеэр Монгол Улс 2015 оноос хойшхи хөгжлийн зорилтууд, Тогтвортой хөгжлийн зорилтууд, Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөгжлийг дэмжих тухай асуудлуудын талаархи хэлэлцүүлэгт идэвхтэй оролцохоор төлөвлөсөн байна.

Түүнчлэн Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Нью-Йорк хотноо ажиллах хугацаандаа
НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ки Мүн-тэй уулзах, АНУ-ын
Ерөнхийлөгч Барак Обаматай хамтран “Ардчилал хөгжиж байгаа  улсууд дахь
иргэний нийгмийн байгууллагууд” сэдэвт хэлэлцүүлгийг удирдах,  Нью-Йоркт
төвтэй Олон улсын Энх тайвны хүрээлэнгээс зохион байгуулах ”Ардчилал ба
түншлэл” арга хэмжээнд үндсэн илтгэгчээр оролцох гэхчлэн олон чухал
уулзалт, арга хэмжээнд оролцох юм.

Монгол Улсын Ерөнхийлөгч  НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 68 дугаар чуулганы үеэр маргааш буюу есдүгээр сарын 23-ны өдөр Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн асуудлаарх Ерөнхий Ассамблейн өндөр хэмжээний уулзалт, “Хөгжлийн үйлсэд хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн оролцоо ба  олон улсын болон бүс нутгийн  хамтын ажиллагаа, түншлэл” дугуй ширээний хэлэлцүүлэгт оролцоно. Харин есдүгээр сарын 25-ны өдөр Мянганы хөгжлийн зорилтуудыг эрчимжүүлэх асуудлаарх НҮБ-ын Ерөнхий Ассамблейн Тусгай арга хэмжээ, есдүгээр сарын 26-ны өдөр Олон улсын Энх тайвны хүрээлэнгээс зохион байгуулах арга хэмжээ, Цөмийн зэвсгийг хураах асуудлаарх Ерөнхий Ассамблейн өндөр хэмжээний уулзалт, НҮБ-ын Ерөнхий Ассамблейн  Бүгд хуралдаанд оролцож, үг хэлэх ажээ.

Өнгөрсөн удаагийн 67 дугаар Ерөнхий Ассемблейгаар манай улсын хэлэлцүүлж батлуулсан “Монгол Улсын цөмийн зэвсэггүй статусын тухай” цөмийн зэвсэгтэй 5 гүрний хамтарсан Тунхаглал болон Монгол Улсын Тунхаглал, мөн Ардчиллын боловсролын асуудлаархи “Хамтын нийгэмлэгийн ололт амжилтууд ба дэлхийн сорилтууд” тунхаглал олон улсын дэмжлэг хүлээж байсан билээ.

НҮБ-ын Ерөнхий Ассамблейн  68 дугаар чуулганыг NEWS агентлагийн тусгай сурвалжлагч Д.НАРАНТУЯА сурвалжилж байна.
Б.ЭНХ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж