Б.Ассад хамгаалалтад гарсан цэргүүдтэй уулзжээ

Хуучирсан мэдээ: 2013.09.21-нд нийтлэгдсэн

Б.Ассад хамгаалалтад гарсан цэргүүдтэй уулзжээ

Дэлхийн халуун цэг болоод буй Сирийн
иргэний дайныг Монголын сэтгүүлчид анх удаа газар дээрээс нь 
сурвалжилж байна. Eagle телевизийн гадаад мэдээний тоймч Х.Уламбаяр,
зураглаач А.Билгүүн нарын халуун цэгээс ирүүлсэн шуурхай мэдээлэл,
сурвалжлагыг хүлээн авна уу.


Сирийн Ерөнхийлөгч Б.Ассад өчигдөр /09.20/ Дамаск хотын хамгаалалтад гарсан армийн дайчидтай уулзжээ. Сүүлийн хэдэн сарын турш босогчид нийслэл хотын захын дүүргүүдэд сайтар бэхжсэн ба Барууны болон Арабын орнуудын тусламж цутган орж ирсээр байгаа бололтой. Тэд Дамаскийн Жобар, ЭльМайдан зэрэг нэлээд хэдэн дүүрэгт хяналтаа тогтоохоор оролдож байгаа төдийгүй зарим тохиолдолд нийслэлд халдлага үйлдэх болжээ.



Сирийн эрх баригчид өөрсдийн страгегийн сүүлчийн "түшиц" газар буюу төв штабаа авч үлдэхийн байдгаа "шавхаж" байгаа гэсэн. Дамаск хот нь нийт 15 дүүргээс бүрддэг ч олонх нь босогчдын дайралтад өртсөөр буйг төв телевизээр нь мэдээлсээр байх юм. Босогчид Дамаск руу орох, гарах гарцыг хаахаар хэдэн сарын турш байлдсаар байгаа боловч Ассадын хуурай зам болон агаарын хүчин тэдэнд ямар ч боломж олгохгүй байхаар тулалдсаар байгаа гэнэ.


Хэрвээ Ассад Дамаскийн гол гол гарцуудыг "алдсан" тохиодолд бусад мужуудад дайтаж буй түүний арми хүнд цохилтод орох төдийгүй танк, хуягт, нисэх болон хөлөг онгоцууд шатахуун хүргэж өгөхөд туйлын бэрх болно гэж нэгэн сайтад бичжээ. Биднийг Дамаск өөд өгсөхөд Сирийн армитай нэгдэхээр Ливаны "Хезболлах", Ираны "Хувьсгалт гвард"-ийн таних тэмдэг бүхий багахан хэмжээний цэргийн цуваа таарсан. Мөн Оросын цэргийн сургагч нар ч цөөнгүй тоогоор Дамаскт байдаг гэх юм билээ.



Юутай ч Сирийн Ерөнхийлөгч Б. Ассад одоо хэр нийслэл хотдоо байгаа ба босогчдын эсрэг байр сууриа "өөрчлөөгүй" гэж ойлголоо. Мөн тэрээр өнгөрч буй 7 хоногт Сири улсыг "Химийн зэвсэг дэлгэрүүлэхгүй байх конвенц"-д нэгдсэн болохыг зарлаж, нэг жилийн дотор уг зэвсгийн нөөцөө устгалд оруулахаар "амласан". Гэхдээ энэ нь Дамаск нөөцөө шууд устгаад эхэлнэ гэсэн үг биш болохыг мэдэгдэхийн хамт дайснууддаа хэд хэдэн "болзол" тавьж буйгаа уржигдар нэгэн ТВ-д өгсөн ярилцлагдаа товч дурьджээ.








Зураглаач А. Билгүүн

Сэтгүүлч Х. Уламбаяр

Эль-Шагур дүүрэг, Дамаск хот, Сири улс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж