Волейболчид Азийн АШТ-нд оролцлоо

Хуучирсан мэдээ: 2013.09.21-нд нийтлэгдсэн

Волейболчид Азийн АШТ-нд оролцлоо

Волейболын
эмэгтэйчүүдийн Азийн аварга шалгаруулах тэмцээнд оролцсон Монголын шигшээ өчигдөр Хонгконгийн багт 1:3-ийн харьцаагаар ялагдаж, XIV байр эзэллээ.

Тайландын Рачима хотноо энэ сарын 13-21-ний өдрүүдэд 17 дахь удаагийн Азийн аварга шалгаруулах тэмцээн боллоо. Тус тэмцээнд Азийн шилдэг 16 баг оролцсоноос Монгол улсын шигшээ хоёр хожил авснаар XIV байр эзэллээ. Тайланд тивийн аварга болж, Япон, БНСУ-ын багууд мөнгө, хүрэл медаль хүртлээ.

Монголын шигшээ "А" хэсэгт Тайланд, Австрали, Казахтаны багуудтай багтаж, хожил авч чадаагүй. Улмаар Хонгконг, Австрали, Индонезийн багуудтай "G" хэсэгт оноолт таарч, Хонгкогийг 3:1-ийн харьцаагаар хожиж, анхны хожлоо авсан. Хэсэгтээ гуравдугаар байраар шалгарсан Монголын шигшээ Мьянмарын багийг 3:0-ийн харьцаагаар хожсоноор тус тэмцээний XIII байрны төлөө тоглохоор болсон. Хонгконгийн багтай дахин таарсан Монголын шигшээ 3:1-ийн (25:20, 20:25, 25:23, 25:18) харьцаагаар ялагдал хүлээснээр тус тэмцээний XIV байрыг эзэллээ.
 
Тэмцээний гуравдугаар байрын төлөө БНСУ, БНХАУ шалгарсан бол алтан медалийн төлөө тэмцээний зохион багуулагч Тайланд, Японы багууд шалгарлаа. Азийн аварга шалгаруулах тэмцээнд 12 удаа оролцохдоо V байрт шалгарч байсан амжилтыг үзүүлж байсан тайландчууд анх удаа тивийн аварга боллоо. "А" хэсэгт Австрали, Монголын шигшээг хожиж шөвгийн наймд шалгарсан Тайландын баг "E" хэсэгт Япон (3:1), Вьетнам (3:0)-ыг хожиж хөгжөөн дэмжигчдээ дахин баярлуулсан. Тайландчууд хагас шигшээд шалгарах эрхийн төлөө Тайваний багтай тоглож 3:0-ийн харьцаагаар ялалт байгуулсан. Улмаар тэд 2011 оны мөнгөн медальт БНХАУ-ын багийг 3:2-ийн харьцаагаар ялалт байгуулснаар аваргын төлөө шалгаран үлдлээ. Шигшээ тоглолтод Тайланд 3:0-ийн харьцаагаар Японыг багийг хожсоноор алтан медаль хүртлээ. Японы багийн хувьд тивийн аваргад хамгийн олон удаа буюу долоон удаа түрүүлээд байгаа бөгөөд энэ жилийн тэмцээнд зөвхөн Тайландын багт хоёр удаа хожигджээ.

Хүрэл медалийн тоглолтод БНСУ Хятадыг 3:2 (13:25, 17:25, 25:21, 25:22, 15:11) буулган авснаар медалийн буухиагаа тасалсангүй. Азийн аваргад дөрвөн удаа түрүүлсэн Өмнөд Солонгосын тамирчид 2005 оноос хойш дараалан тав дахь хүрэл медаль хүртээд байна. 

Байр эзэлсэн дарааллыг танилцуулбал:

Алтан медаль: Тайланд
Мөнгөн медаль: Япон
Хүрэл медаль: БНСУ
Дөрөвдүгээр байр: БНХАУ

V байр:
Казахстан
VI байр: Вьетнам
VII байр: Тайвань
VIII байр: Иран
IX байр: Австрали
X байр: Индонези
XI байр: Энэтхэг
XII байр: Филиппин
XIII байр: Хонгконг
XIV байр: Монгол
XV байр: Шри Ланк
XVI байр: Мьянмар 

Хоёр жил тутамд болдог Азийн аварга шалгаруулах тэмцээнд Монгол улсын шигшээ анх удаа оролцож, хоёр хожил авснаар XIV байрт шалгарлаа.

Гэрэл зургийг ЭНД дарж үзнэ үү.

Ч.БОЛ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж