Мянганы сорилтын санг татан буулгав

Хуучирсан мэдээ: 2013.09.21-нд нийтлэгдсэн

Мянганы сорилтын санг татан буулгав

Засгийн газрын ээлжит хуралдаанаар өнөөдөр Мянганы сорилтын сангийн үйл ажиллагаа 2013 оны есдүгээр сарын 17-нд дуусгавар болж байгаатай холбогдуулан тус санг татан булгах шийдвэрийг гаргасан байна.

Монголын Мянганы сорилтын сан нь Монгол Улсын Засгийн газар, АНУ-ын Засгийн газар хооронд 2007 оны аравдугаар сарын 22-ны өдөр байгуулсан “Мянганы сорилтын гэрээ”-г хэрэгжүүлэхээр байгуулагдсан бөгөөд үйл ажиллагаагаа 2008 оны ес дүгээр сарын 17-ны өдрөөс албан ёсоор хэрэгжүүлж эхэлсэн юм байна. Удирдах зөвлөлийн даргаар Ерөнхий сайд, гишүүдэд Засгийн газрын зургаан гишүүн орж ажиллажээ. “Мянганы сорилтын гэрээ”-ний дагуу нийт 284,911,363 ам.долларын буцалтгүй тусламжийн санхүүжилтээс 95 орчим хувь буюу 270,660,000 ам.долларыг Монгол Улсад бодитоор оруулаад байна гэж холбогдох газрынхан тооцоо гаргажээ.

Мянганы сорилтын сан нь 2013 оны есдүгээр сарын 17-ны өдөр хүртэлх 5 жилийн хугацаанд хөрөнгийн эрхийн, хот орчмын бэлчээрийн, эрүүл мэндийн, цэвэр агаар, авто замын, мэргэжлийн боловсрол, сургалтын гээд нийт зургаан төслийн хүрээнд үйл ажиллагаагаа хэрэгжүүлжээ.

2014 онд олон улсын есөн тэмцээн зохион байгуулна

Монгол Улсад 2014 онд жүдо бөх, чөлөөт бөх, шатар, олс таталт, гандбол, тэшүүр, марафон гүйлт, үндэсний урлаг, спортын олон улсын чанартай есөн тэмцээн зохион байгуулах Засгийн газрын тогтоол гарлаа. Тухайн тэмцээний ач холбогдол, нийгэм, эдийн засгийн үр ашиг, хүрэх үр дүн, олон улсын спортын холбооны баталгаа, календарчилсан төлөвлөгөөнд тусгагдсан талаар спортын 7 холбоодоор танилцуулга хийлгэж, шаардлага хангасан жүдо бөхийн “Чингис хаан 2014” Гран-При тэмцээнийг 2014 оны 7 дугаар сард, жүдо бөхийн Зүүн Азийн аварга шалгаруулах тэмцээнийг 5 дугаар сард, Дэлхийн шилдэг эмэгтэй шатарчдын Гран-При тэмцээнийг 8 дугаар сард, чөлөөт бөхийн залуучуудын Азийн аварга шалгаруулах тэмцээн, Олс таталтын Азийн аварга шалгаруулах тэмцээн, Гандболын олон улсын тэмцээнийг тус тус 6 дугаар сард, тэшүүрийн олон улсын тэмцээнийг 2 дугаар сард зохион байгуулахаар төлөвлөж байна.

Дээрх тэмцээнүүдийг зохион байгуулахад шаардагдах зардлыг 2014 оны төсөвт тусган санхүүжүүлж, тамирчдын болон тэмцээний зохион байгуулалтын бэлтгэл ажлыг хангах арга хэмжээ авахыг Соёл, спорт, аялал жуулчлалын сайд Ц.Оюунгэрэлд даалгалаа.

ТОВЧХОН:

  • Тамхины хяналтын суурь конвенцийн “Тамхин бүтээгдэхүүний хууль бус худалдааг устгах протокол”-д нэгдэн орох, цаашид уг протоколд гарын үсэг зурах бүрэн эрхийг олгох талаар УИХ-ын холбогдох байнгын хороотой зөвшилцөхөөр тогтлоо.
  • Монгол Улсын Ерөнхий сайд Н.Алтанхуягийн Япон Улсад хийсэн албан ёсны айчлалын дүнг хэлэлцээд Үндэсний аюулгүй байдлын зөвлөлд оруулахыг Гадаад харилцааны сайд Л.Болдод даалгав.
  • Монгол Улсын Мянганы хөгжлийн зорилтуудын 2011-2012 оны хэрэгжилтийн талаарх Үндэсний тав дахь илтгэлийн төслийг зарчмын хувьд дэмжиж, УИХ-д танилцуулахаар тогтлоо.
  • “Хүүхдийн эрхийн конвенцийн Мэдээлэл хүргүүлэх журмын тухай Нэмэлт протокол”-д гарын үсэг зурах нь зүйтэй гэж үзэж, энэ ауудлыг УИХ-ын холбогдох байнгын хороотой зөвшилцөхөөр боллоо гэж Засгийн газрын Хэвлэл мэдээллийн албанаас мэдээллээ.
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж