
“Нарантуул” олон улсын худалдааны төвийн хүнсний зах өнгөрсөн наймдугаар сард галд өртөж, олон зуун түрээслэгч ажлын байраа алдсан юм. Мэргэжлийн байгууллагуудын зүгээс тус захыг галын аюулгүй байдлыг хангаагүй, мөн холбогдох зөвшөөрлийг авалгүйгээр үйл ажиллагаагаа эрхэлсэн нь эрсдэл үүсэхэд нөлөөлсөн гэж урьдчилсан байдлаар үзсэн ч тус захын түрээслэгчид босс Ш.Сайхансамбуугаа өмөөрч, “Бид энэ захын хүчинд ажилтай, амьдралтай явсан юм. Та муусайн юмнууд юу мэддэг юм бэ. Бидэнд ажлын байр чухал байна, нийлээд хөрөнгө гаргахад хүнсний захыг дор нь барина” гэж нийслэлийн эрхтэн дархтануудыг загнаад авчээ.
Үнэхээр ч наймаачдын хувьд “Нарантуул” зах амьжиргааных нь эх үүсвэр болдог аж. Зарим нэг нь бүр түхийсэн орлого ч олдог байж мэдэх гэнэ. Зөвхөн хоолны газрынх нь нэг өдрийн орлого 1 сая төгрөгөөс доош буудаггүй тухай түрээслэгч нар ярьж буй юм. Мөн тэрбум төгрөгтэй наймаачин ч байсан гэх яриа чих дэлсээд авлаа. Ийм хэмжээний орлоготой ажлын байрыг төр нь иргэддээ бий болгож өгч чадаагүй байхад нөгөө муу хэлүүлээд зүхүүлээд суудаг УИХ-ын гишүүн асан Ш.Сайхансамбуу тэрбумтан төрүүлчихсэн байна гэхээр бахархмаар биш гэж үү.
Г.ШАРХҮҮ