Microsoft корпораци, Nokia компанийн гар утасны зах зээлийг 7,2
тэрбумаар худалдан авсан юм. Үүнээс хойш тус компанийн зохиогчийн эрх
болоод технологийн шийдлүүд нь Microsoft-ын тэмдэгт дор хүрэх аж.
Энэ
жил дэлхийн зах зээлийн гол тоглогчид нэгдэх, том компани нь худалдан
авах тохиолдол ажиглагдаж байна. Хэвлэл мэдээллийн салбарт алдарт
Amazon.com Вашингтон Пост сонинг худалдаж авсан. Технологийн алдарт
Microsoft корпораци, Финляндын гар утасны томоохон компани болох Nokia-г
худалдан авч томоохон шуугиан тарив. АНУ-ын гар утасны зах зээлийн том
тоглогч гэгдэх Verizon Communication компани, Их Британийн Vodafone-ын
45 гаруй хувьцааг худалдан авлаа. Энэ бүх байдлыг дэлхийн эдийн
засгийн тогтворгүй байдал болоод зах зээлийн олон талын өсөлттэй холбон
тайлбарлах магадлал өндөр байгаа юм. Хэдийгээр эдгээр компаниуд нь
салбартаа томоохон гэгдэх ч сүүлийн хэдэн жилийн ашиг орлогын баланс
нь алдагдсан тул ийнхүү нэгдэх, эсвэл ашиг сайтай компани руу зарахаас
өөр сонголт үлдээгээгүй байж болох талтай.
Одоогоос
яг долоо хоногийн өмнө Америкийн алдарт Verizon Communication компани,
Европод гар утасны зах зээлд тэргүүлдэг Vodafone компанийн 45 хувийн
хувьцаа болох 130 тэрбум долларын хувьцааг худалдан авав. Энэ нь Их
Британи даяар шуугиан тарьсан ч үүнийг компанийн алдагдал хэмээн
гүйцэтгэх захирал нь ярьжээ. Он гарснаас хойш энэ хоёр компани хэлэлцээ
хийнэ хэмээн тааварлаж байсан ч ийнхүү өнгөрсөн долоо хоногт наймаа
эцэслэгджээ. Хэдийгээр 45 хувийн хувьцааг худалдан авсан ч Verizon
компани европийн холбоонд татвар төлөхгүй аж. Vodafone компани одоогоос
хоёр жилийн өмнө татвараас зайлсхийсэн хэргээр сэжиглэгдэж, Их
Британийн татварын албанд мэдүүлэг өгч байсан билээ. “Бид хувьцаагаа
зарахаас өөр сонголт байгаагүй. Учир нь сүүлийн гурван жилийн туршид
бидний ашиг буурсан. Хөрөнгө оруулагчдын итгэл суларсан. Тиймээс энэ бол
томоохон алхам болж хувирлаа. Бид бүх хувьцаагаа худалдаагүй болохоор
бүрнээрээ Verizon-ых болсон гэж ойлгох нь ташаа ойлголт юм” гэж
Vodafone компанийн Гайя Лоренс ярьжээ. Энэ наймаа болохоос ердөө хоёрхон
сарын өмнө тус компани Германы кабелын Kabel Deutschland компанийг 7,7
тэрбум еврогоор худалдан аваад байсан билээ. Хоёр саяар тоологдох
хэрэглэгчтэй Германы кабелийн энэхүү компани алдагдалтай ажиллаж
байгаа гэж үзэн Британийн компанид зарагдсанаа мэдэгдсэн юм. Европийн
холбооны ихэнх улсад зах зээлээ өргөжүүлсэн Vodafone компанийн бараг тал
хувь Сэм авгийн эх орон руу шилжсэн нь томоохон үйл явдлын нэг байлаа.
Алдарт
Microsoft корпораци Финляндын Nokia-г худалдан авсан нь томоохон
дуулианы нэг байлаа. Гэхдээ одоогоор зөвхөн гар утасны зах зээлийг нь л
авч байгаа аж. Microsoft-ын тусламжтайгаар Nokia компани программ
хангамжийн чиглэлээр европод тэргүүлэх группыг байгуулахаар төлөвлөж
байгаа ажээ. Технологийн салбарын акулуудын нэг Microsoft корпораци,
Nokia компанийн гар утасны зах зээлийг 7,2 тэрбумаас худалдан авсан юм.
Үүнээс хойш тус компанийн зохиогчийн эрх болоод технологийн шийдлүүд нь
Microsoft-ын тэмдэгт дор хүрэх аж. Харин тус Nokia компанийн 35 мянган
ажилтан Microsoft руу шилжих юм байна. Ийнхүү хоёр компанийн шилжилт
2014 оны эх гэхэд эцэслэгдэх юм. “Энэ бол Nokia компанийн хувьд том
боломж. Хувьцаа, эзэмшигч, ажилчид, тэдний гэр бүлд ямар ч хохирол
учрахгүй. Сүүлийн жилүүдэд Nokia хэр их алдагдалтай ажилласныг дэлхий
нийт мэднэ. Харин одоо бол алдагдалтай ажиллахгүй гэдгийг баттайгаар
хэлэх байна” гэж Microsoft корпорацийн гүйцэтгэх захирал Стив Балмер
ярьжээ. Алдарт Microsoft компани ирэх нэгдүгээр сараас шинэ төрлийн гар
утас худалдаанд гаргахаа төлөвлөсөн бөгөөд Nokia-гийн сүүлийн загвар
дээр Microsoft-ын программ хангамжийг нэмж сайжруулан гаргах аж. Мөн
цаашид Microsoft корпораци зөвхөн гар утсанд зориулан зохиогдсон
программ гаргахаар төлөвлөсөн бөгөөд 2014 оны сүүлээр худалдаанд гарах
аж.
Энэ
бол хэвлэл мэдээллийн салбар дахь томоохон наймаануудын нэг. Магадгүй
шинэ зуун гарснаас хойшхи хамгийн шуугиантай наймаа ч байж болох юм.
Amazon.com бол шинэ эрин үеийн томоохон брендүүдийн нэг. Шинэ бизнесийг
ашиглаж яаж баяжиж болохыг Жеф Безос бэлхнээ харуулсан. Гэтэл АНУ-ын
сонины зах зээлд 135 жилийн туршид эзэгнэсэн Вашингтон Пост сонин, нэн
шинэ бизнестэй сүй тавьсан нь томоохон сенсаци дэгдээсэн. Хэдийгээр eBay
сайт томоохон сонинуудыг худалдан авах төлөвлөгөө боловсруулж байсан ч
ирээдүйд учирч болох эрсдэлээ тооцоолон худалдаж аваагүй юм. Жеф Безос
135 жилийн түүхтэй Вашингтон Пост сонинг 250 сая доллароор худалдан
авсан билээ. Сүүлийн 80 жилийн туршид энэ алдартай сониныг Греммийн гэр
бүл эзэмшиж байсан учир Безосын энэ үйл явдал олны анхаарлыг татаад
байна. “Өнгөрсөн он жилүүдийн туршид манай гэр бүл энэ сониныг эзэмшиж,
шинэ, шуурхай, мэргэжлийн өндөр төвшинд бэлтгэсэн материалаар олон
нийтэд хүргэхийг хүсч ирсэн. Чин сэтгэлийн угаасаа л энэ ажлыг хийдэг
байлаа. Харин одоо энэ сонин шинэ өнгө төрхөөр олон нийтэд хүрэх цаг нь
болсон” гэж Вашингтон Постын гүйцэтгэх захирал Дональд Гремм ярьж
байсан юм. Жеф Безосын хэвлэлийн төлөөлөгчийн ярьснаар ойрын хоёр сарын
хугацаанд эзэмшлийн асуудал бүрэн шийдэгдэнэ. Энэ хооронд тус сонины
бүх удирдлага Жеф Безост шилжих юм. Түүний мэдэгдэж байгаагаар хуучин
ажилчдыг халах ямар ч ажиллагаа явагдахгүй бөгөөд менежментийн хэлтсийг
байгуулж, интернетээр тараагдах хувилбарыг давхар гаргахаар болжээ.
Ингэснээр тэр дэлхийн 25 гаруй хэлээр орчуулж, болон тухайн улсынх нь
үйл явдлыг оруулсан тус тусдаа байх хэлбэрээр интернэтэд байрлуулах аж.
Түүний тооцоолж буйгаар ойрын дөрвөн жилийн хугацаанд алдагдлаа нөхөж,
ашиг авчрах боломжтой юм байна.
Ийнхүү томоохон нэгдэлүүд
өрнөсөөр байна. Энэ нэгдэл дунд бас нэгэн мэдээлэл байгаа нь Солонгосын
алдарт Samsung компани, Америкийн Motorola-тай нэгдэх тухай яриа юм.
Хэдийгээр аль, аль компаниуд үгүйсгэсэн мэдээлэл хийсэн ч Motorola
компанийн худалдааны зах зээл 30 гаруй хувиар хумигдсан нь гашуун үнэн
билээ. Энэ жилийн тухайд онцолж ярьвал энэ наймаанууд хамгийн том
наймаа гэж нэрлэж болохоор байгаа юм. Европийн холбоонд томоохонд
тооцогддог тээврийн байгууллагууд хоорондоо нэгдсэн нь бас л
онцлууштай сэдэв. Шинжээчид энэ төрлийн нэгдлүүд ирэх жилүүдэд ч
үргэлжилнэ гэж тааварлаж байгаа юм.
Эх сурвалж: "NEWS WEEK" сонин №029