Хөрөнгө оруулалтын хуулийг дэмжиж байна уу?

Хуучирсан мэдээ: 2013.09.20-нд нийтлэгдсэн

Хөрөнгө оруулалтын хуулийг дэмжиж байна уу?

Өнгөрсөн лхагва гаригт хуралдсан УИХ-ын ээлжит бус чуулганаар Хөрөнгө оруулалтын тухай хуулийн төсөл хэлэлцэгдэж гишүүдээс дэмжлэг хүлээснээр анхны хэлэлцүүлэгт шилжээд байгаа юм. Энэхүү төсөлд УИХ-ын гишүүд ямар байр суурь баримталж буйг онцлоё.

М.Батчимэг: Үндэсний хөрөнгө оруулалтаа татах бодлого байх ёстой

-Аливаа улс орны хувьд хөрөнгө оруулалтын бодлого нь эдийн засгийн өсөлтийг хангах, хөгжлийг дэмжих, аюулгүй байдлыг хангах арга хэрэгсэл байдаг. Мөн гадаадын хөрөнгө оруулалтыг улс орнууд капитал татах, ноу хау татах, технологи татах гээд өөртөө байхгүй зүйлийг татах зорилгоор хөрөнгө оруулалтыг дэмждэг. Төсөлд энэ тухай тухайлсан чиглэлээр хөрөнгө оруулалт татах бодлого онцолж харагдахгүй байгаа.

Хоёрдугаарт,
үндэсний хөрөнгө оруулалтаа татах том бодлого байх ёстой.  Манай иргэд өөрсдөө хөрөнгө оруулаад, ажлын байр бий болгоод, өөрсдөө үр ашгийг нь хүртээд явж болох салбар дээр 100 мянган ам.долларын босго тавьчихаар гадаадын дуртай орны хүн орж ирээд дансанд хэдэн төгрөг байршуулж ашиг олчихоод буцаад гараад явчихвал яах вэ.  Тухайлбал, үйлчилгээний салбар, монголын иргэд ашиг олж бизнес хийж болох салбар дээр гадаадын хөрөнгө оруулалт гэхэд хэцүү бизнес их цэцэглэх болсон. Тийм учраас үндэсний хөрөнгө оруулалтаа яаж хамгаалах юм бэ гэдгийг босгоор нь тодорхой үе шаттай зохицуулалт хийх ёстой. Хэрвээ энэ хууль Хөрөнгө оруулалтын тухай хууль юм бол. Үүнийг ярих ёстой.

Гуравт,
энэ хуулийн төсөлтэй холбогдож байгаа дутагдал бол цаг хугацаагаар нь ангилаад өнөөдөр бүртгэсэн хөрөнгө оруулалт, өчигдөр бүртгэсэн хөрөнгө оруулалт гээд Тогтвортой байдлын баталгаа олгоно, олгохгүй гэдэг ялгаа гарч ирэх нь. Нэгэнт л бид Хөрөнгө оруулалтын орчноо тогтворжуулна гэж байгаа бол одоо байгаа хөрөнгө оруулалтад ч тогтвортой байдлын баталгаа олгох ёстой. Татвар хөнгөлөх тухай ярихгүй байгаа. Хууль боловсруулж байгаа агентлаг, яамныхан хөрөнгө оруулалтынхаа судалгааг гаргаж ирээд өнөөдрийг хүртэл сүүлийн 15 жилийн хугацаанд 15 тэрбум төгрөгөөс дээш хэчнээн хөрөнгө ямар хөрөнгө оруулалт бүртгэгдчихээд ямар хүндрэл учраад байгаа юм бэ гэдэг тодорхой судалгааг хэлэхгүй байгаа. Энийгээ судлаад шийдэхийн төлөө ажиллаач ээ. Тэр цагт дотоодын хөрөнгө оруулалтаа тогтворжуулах, хамгаалах, гадаадын хөрөнгө оруулалтад илүү баталгаа олгосон нааштай шийдэл болно гэж харж байна.

Дөрөвт,
гадаадын төрийн өмчит компанийн хөрөнгө оруулалтын асуудал байна. Стратегийн ач холбогдолтой салбарт гадаадын хөрөнгө оруулалтыг зохицуулах тухай хуульд гадаадын хөрөнгө оруулалтад болгоомжтой ханддаг. Яагаад гэвэл үндэсний аюулгүй байдал, эдийн засгийн өрсөлдөөний тухай  асуудал байдаг учраас. Гэтэл одоогийн энэхүү төсөлд гадаадын хөрөнгө оруулалтын асуудлыг эсрэгээр нь бүр сулруулаад оруулаад иржээ гэж үзэж байна. Шалгуур гэж байгаа дөрвөн нөхцөл нь бүх хөрөнгө оруулалтад нийцэхээр ерөнхий нөхцөл. Бүх улс орнууд гадаадын төрийн өмчит хөрөнгө оруулалтыг эдийн засгийн эрх ашгийн үүднээс улстөрийн шийдвэр гаргах замаар хаалттай хэлэлцэж шийдвэрлэдэг. Манайд энэ дархлаа алга.

А.Бакей: Гадаад, дотоод гэж ялгаварлахгүй гэсэнд эргэлзэж байна

-Эдийн засгийн өсөлтийг дэмжих, эдийн засгийн өсөлтөд түлхэц өгөх хамгийн гол хууль бол Хөрөнгө оруулалтын хууль. Хөгжлийн суурь хууль гэж  томъёолж болно. Тийм учраас суурь хуульдаа салбарын бусад хуулиуд захирагдана гэдгийг хэлэлцэх явцад тодотгох ёстой. Зохицуулалтыгн хувьд салбараар ялгахгүй гадаад, дотоод хөрөнгө оруулагчаар ялагварлахгүй гэж тунхагласан. Гэхдээ энэ асуудалд эргэлзэж байна. Салбараар ялгахгүй байх нь зөв юм уу, буруу юм уу. Эдийн засгийн салбарыг авч үзэхээр хөрөнгө оруулалтын багтаамжаар ялгаатай байгаа. Уул уурхай, төмөр зам, авто зам зэрэг салбарууд асар их хэмжээний хөрөнгө шаардаж байж хөгжил ирдэг. Ийм салбараа хөрөнгө оруулалтын багтаамж багатай салбартай харьцуулаад бүгдэд ижил нөхцөлөөр хандах нь хэр оновчтой вэ. Хөрөнгө оруулалтын эргэн төлөгдөх хугацаа зарим салбарт 50-100 жил шаарддаг. Хөөрнгө оруулалтын эргэн төлөгдөх хугацаагаар нь ч босгоны хэмжээг салбараар ялгавартай тогтоох ёстой.

Хоёрт, гадаад, дотоодын хөрөнгө оруулагчийг ялгаварлахгүй гэж байна. Өнөөдөртөө хэрэгтэй л байх. Гэхдээ Монгол Улсын эдийн засаг жижиг, онцлогтой эдийн засаг. Үндэсний аюулгүй байдал гэж бид байнга ярьдаг. Ижил нөхцөлд гадаадын болоод дотоодын хөрөнгө оруулагчийг нэг  талбарт тавьчихаад дотоодын хөрөнгө оруулагч нар гадаадынхантай өрсөлдөж чадах уу. Мэдээж чадахгүй. Ийм байтал үзэл баримтлалын хувьд зөв үү, буруу юу?. Өнөөдөр хөрөнгө оруулалт буурсан нь зөвхөн хууль эрх зүйн орчинтой холбоотой гэж үзэх нь буруу, өөр олон хүчин зүйл байгаа. Тийм учраас гадаад, дотоодын хөрөнгө оруулалтад хандах хандлагаа үндэсний эрх ашгийн үүднээс, үндэсний эдийн засгийн хөгжлийн үүднээс эргэж харах. Монголчуудын өөрсдийн хийж чадах зүйлээ бүгдийг гадаадын хөрөнгө оруулалтын талбарт алдаад, үндэсний  компаниуд гадаадын хөрөнгө оруулалтын туслах чанартай ажлыг гүйцэтгээд явчих вий гэсэн эргэлзээ төрж байна. Тийм учраас энэ эрсдлээс хамгаалах заалт тусах ёстой. Шинэ салбарыг хөгжүүлэх, шинэ технологи нэвтрүүлэхэд хөрөнгө оруулалтыг татах чиглэлд заалт дутуу байна.

Л.Энх-Амгалан: Өнөөдөр үйлчилж байгаа хуулиас муутгаж болохгүй

-Хөрөнгө оруулалтын тухай хууль нь өнөөдөр хүчин төгөлдөр үйлчилж байгаа Хөрөнгө оруулалтын тухай хууль, Ашигт малтмалын тухай хуулиудаас муудаж болохгүй. Тухайлбал, Монголын Засгийн газар Оюутолгой компанийн хөрөнгө оруулагч нартай 30 жилийн гэрээ байгуулж, мөн 10-аад нэр төрлийн татвараас чөлөөлчихөөд дотоодын компанитайгаа дөрвөн нэр төрлийн татвараа тогтворжуулаад, 10-н жилийн гэрээ хийвэл дэмжих биш бүр муутгаж байгаа хэрэг. Хэрэв Оюутолгойтой барьцана гэвэл. Тэгэхээр өмнө байсан хуулиасаа заалт нь илүү сайжирвал хөрөнгө оруулалтыг жинхэнэ утгаараа татаж, дэмжинэ гэж харж байгаа.

Хоёрдугаарт, Шинэчлэлийн Засгийн газар өнөөдрийг хүртэл хөрөнгө оруулалтын салбараа тодорхой болгоогүй. Ирээдүйд хөрөнгө оруулалтын салбараас уул уурхай юу, аж үйлдвэр үү, аль эсвэл мал аж ахуйн салбараа дэмжих үү гэдэг тодорхойгүй байна. Тэгэхээр Хөрөнгө оруулалтын тухай хуульдаа энэ асуудлыг тодорхойлж, бодлого хэрэгжүүлэх ёстой. Цахилгаан станц, төмөр зам зэрэг дэд бүтцийн салбарт хөрөнгө оруулалт хийхэд ашгаа урт хугацааны дараа өгдөг.  Тийм учраас удаан хугацаанд хөрөнгө оруулалтаа нөхдөг төслүүдэд хөрөнгийн хэмжээ нь их байх учраас хугацаа нь урт байх ёстой гэх логикийг мөрдөх ёстой болов уу.

Ч.Хүрэлбаатар: Хэлэлцэх асуудлаа буруу эрэмбэлээд байна

-Яарч хэлэлцсэн, хагас дутуу хэлэлцэж баталсан хуулийн төслүүд алдаа авчирдаг. Эхлээд үүссэн нөхцөл байдлаа ярьж энэ асуудал дээр ямар бодлогын арга хэмжээ авах вэ гэдгээ ярьсан бол илүү онох байсан. Тэгээд холбогдох хуулийн өөрчлөлтөө хийсэн бол онох байсан. Хөрөнгө оруулалтын тухай хуулийн төсөлд олон сайхан санаа бий, гэхдээ бид эрэмбийг нь буруу явуулаад байна.

Г.ДАРЬ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж