УИХ дахь МАН-ын бүлэг өчигдөр нээлттэй хуралдаж, Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаяр, Уул уурхайн сайд Д.Ганхуяг, Монголбанкны ерөнхийлөгч Н.Золжаргал, Үндэсний статистикийн хорооны дарга З.Мэндсайхан нарын мэдээллийг сонслоо.
Энэ үеэр УИХ-ын гишүүн, Ерөнхий сайд асан Сү.Батболд сайд Н.Батбаяраас дараах асуултыг асуусан юм. Тэрээр “2013 онд улсын төсөвт 7.4 их наяд төгрөг төлөвлөгдсөн. Хэдийгээр “Чингис” бонд бол энэ Засгийн газрын үед орж ирсэн ч гэсэн өмнөх Засгийн газрын суурин дээр босгосон мөнгө. Зарим хүмүүс өмнөх Засгийн газар юу ч үлдээгээгүй гэх мэтээр улс төржиж байна. Үнэн хэрэгтээ манай Засгийн газар 2012 оны тавдугаар сард босгосон 580 сая ам.долларын бондыг Хөгжлийн банкинд үлдээсэн. Мөн Засгийн газрын үйл ажиллагааг дэмжсэн гурван их наяд төгрөгийн урсгалууд үндсэндээ эдийн засаг уруу орж ирсэн. Ийм их хэмжээний мөнгөний урсгал, орлого аль ч Засгийн газрын түүхэнд байгаагүй. Хамгийн том боломжийг энэ Засгийн газарт олгосон шүү дээ. Энэ нь дотоод талаас өмнөх Засгийн газарт бурууг нялах ямар ч шалтаг шалтгаан алга байна. Нөгөө талаас гадаад зах зээл руу бурууг чихэх үндэс ч алга. Гадаад нөхцөл байдал өмнөх жилүүдийн дундажтай харьцуулахад гайгүй байна. Америкийн эдийн засаг сүүлийн гурван жилд өсөх хандлага уруу орлоо гэж томоохон уулзалтууд дээр яригдаж байгаа. Европын эдийн засаг сааралттай байгаа ч энэ онд бага ч гэсэн тогтворжих хандлагатай. Хятадын эдийн засгийн өсөлт энэ жил хүлээгдэж байгаагаар 7.5 хувьтай байна, хэрэглээ, тэр дотроо нүүрс авалт буураагүй. Ийм эерэг өгөгдөхүүнтэй байхад манай улсын эдийн засаг одоогийн байдлаар 11.7 хувийн өсөлттэй байна.
Хэрвээ Монгол Улс 2011, 2012 онд ийм их хэмжээний орлоготой, тухайлбал, 7.4 их наяд төгрөгийн төсөвтэй, 1.5 тэрбум ам.долларын “Чингис” бондтой, Хөгжлийн банкны 580 сая.ам.долларын бондтой, дээр нь Монголбанк гурван их наяд төгрөгийн Үнэ тогтворжуулах хөтөлбөрөөр дэмжлэг үзүүлсэн бол манай эдийн засаг 30 хувийн өсөлттэй байх боломжтой байсан гэж эдийн засагчид тооцсон байна лээ. Гэтэл яагаад өнөөгийн Засгийн газар ийм мөнгөөр хэмжигдэх хөтөлбөрүүд хэрэгжүүлж байгаа мөртлөө эдийн засаг хүндрээд байна вэ. Тэгэхээр одоо нүүрлээд байгаа эдийн засгийн хямрал Засгийн газрын бодлогын алдаанаас үүдэлтэй юм биш үү” гэлээ. Түүний асуултад Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаяр “Засгийн газрын алдаанаас болоогүй” хэмээн тайлбарлаж байв.