
Сургалтын нээлт есдүгээр сарын 23-ны 09.30 цагт Монголын үндэсний музейд болох бөгөөд есдүгээр сарын 27-ныг хүртэл үргэлжлэх ажээ. Музейн үндэсний сургагч бэлтгэх энэхүү сургалт нь “Музейн тогтвортой хөгжлийн чадавхийг дээшлүүлэх нь” Японы итгэлцлийн сангийн санхүүжилтээр ЮНЕСКО-гийн төслийн хүрээнд болж байгаа цуврал дөрвөн сургалтын гурав дахь нь юм байна.
Музейн сан хөмрөгийг гал усны аюул, байгалийн гамшиг болон хүнээс шалтгаалах сөрөг нөлөөллөөс хамгаалж, урьдчилан сэргийлэх нь аливаа музейн шийдэх ёстой асуудлын нэг байдаг. Тиймээс уг сургалт музейн эд зүйлсийн хулгай, гэнэтийн халдлага, байгалийн нөхцөл байдлаас үүсэх эрсдлээс хэрхэн сэргийлж, хамгаалахад чиглэх ажээ.
Цуврал сургалтын үр дүнд олон улсын нэр хүндтэй сургагч багш нараар хичээл заалгасан Монголын музей болон соёлын салбарын 20 мэргэжилтэн хөдөө орон нутгийн музейн боловсон хүчинд мэдсэн сурснаа түгээж, Монголын музейн хөгжлийг олон улсын түвшинд хүргэхэд хувь нэмэр оруулах талаар албаныхан онцоллоо. Үндэсний сургагч бэлтгэх гурав дахь сургалтыг БНЧУ-ын Соёлын яамны музей ба галлерей, Соёлын хөдлөх өвийг хамгаалах газрын дарга асан ЮНЕСКО-гийн сургагч багш, олон улсын нэр хүндтэй мэргэжилтэн Павел Жирасек удирдан явуулна.Үндэсний сургагч бэлтгэх сургалтыг дүүргэсэн мэргэжилтнүүд энэ ондоо багтан хөдөө нутагт очиж сургалт явуулах аж.
“Музейн тогтвортой хөгжлийн чадавхийг дээшлүүлэх нь” төсөл нь музейн хөгжлийг дэмжин манай улсад хэрэгжүүлж буй хамгийн том төсөл бөгөөд Монголын музейн холбогдох стандарт, дүрэм журмыг олон улсын шинжээчээр дүгнүүлж зөвлөгөө авах, ЮНЕСКО-гийн музейн холбогдолтой гарын авлагуудыг орчуулж хэвлүүлэх, Монголын музейн менежментийн практик гарын авлагыг боловсруулах болон Монголын Үндэсний музейн Сургалт арга зүйн төвийн үйл ажиллагааг идэвхжүүлэх зэрэг олон ажлыг төслийн багийнхан хийж гүйцэтгэхээр ажиллаж байна.