
АНУ-ын зүгээс Венесуэлийн Ерөнхийлөгч Николас Мадурогийн онгоцыг Атлантын далай дээгүүрх өөрийн агаарын орон зайд нэвтрүүлэхээс татгалзжээ. Венесуэлийн Ерөнхийлөгч Николас Мадуро Гадаад хэргийн сайдын хамт өчигдөр Хятадад айлчлахаар хөөрсөн боловч АНУ-ын зүгээс түүний онгоцыг агаарын орон зайгаараа дамжин өнгөрөхийг зөвшөөрөөгүй байна. АНУ-ын зүгээс одоогоор Венесуэлийн ерөнхийлөгчийн онгоцыг ямар шалтгаанаар нэвтрүүлээгүй талаар хариу мэдэгдэл хийгээгүй байгаа юм. Үүнээс үүдэн Венесуэл болон Латин Америкийн бусад орнууд Николас Мадурогийн онгоцыг агаарын орон зайдаа нэвтрүүлээгүй хэрэгт дургүйцлээ илэрхийлсэн байна. Николас Мадуротой ижил байдалд орж байсан Боливийн Ерөнхийлөгч Эво Моралес АНУ-ын үйлдэлд хариу болгон удахгүй Нью-Йорк хотноо болох НҮБ-ын Ерөнхий Ассамблейн хурлыг Латин Америкийн орнуудын бойкоттлох хэрэгтэй хэмээн мэдэгджээ.
Боливийн Ерөнхийлөгч Эво Моралесийн хувьд өнгөрсөн долдугаар сард түүний зорчиж явсан онгоцыг Франц, Португал улсууд агаарын орон зайдаа нэвтрүүлэлгүй буцааж байсан юм.
Б.АНХТУЯА