МЗЭ-ийн удирдлагуудыг шүүмжлэв

Хуучирсан мэдээ: 2013.09.20-нд нийтлэгдсэн

МЗЭ-ийн удирдлагуудыг шүүмжлэв

Өнөөдөр болж буй Монголын зохиолчдын эвлэлийн Их хурал нийт гишүүдийн нээлттэй хэлэлцүүлгээр эхэллээ. Хоёр өдөр үргэлжлэх хурлын нээлттэй хэлэлцүүлэг “Монголын уран зохиолын хөгжлийн үндэсний хөтөлбөр” сэдэвтэй байлаа. Хурлыг Д.Нацагдоржийн нэрэмжит шагналт зохиолч Ц.Буянзаяа даргалан явуулсан бөгөөд өнөөгийн Удирдах зөвлөлийн гишүүд өнгөрсөн дөрвөн жилийн туршид боловсруулсан дээрх хөтөлбөрөө гишүүдэд танилцуулснаар эхэлсэн юм.

Энэ үеэр МЗЭ-ийн нийт гишүүдийн зүгээс өнгөрсөн жилүүдэд зохиолчдын төв байгууллагыг удирдсан хүмүүсийг ажлаа маш муу хийсэн гэсэн шүүмжлэлийг хэлж байлаа. Мөн ажлаа муу хийснээ нуухын тулд хөтөлбөр маягийн зүйл боловсруулсан болж, өөрсдийгөө хаацайлах гэж байна гэж үзэх хүмүүс ч байлаа. Тухайлбал, орчуулагч Ж.Нэргүй “Өнгөрсөн хугацаанд та нар Монголын утга зохиолыг булшилчихлаа. Тийм байж өнөөдөр утга зохиолоо хөгжүүлнэ гэж яриад сууж байгаа чинь огт таарахгүй зүйл. Тиймээс шинэ удирдлага сонгогдсоны дараа наад төсөл хөтөлбөрөө ярих хэрэгтэй” гэсэн юм.

“Хүүхдийн урлан бүтээх үндэсний төв”-д эхэлсэн нээлттэй хэлэлцүүлэг ийн нилээд ширүүхэн өрнөж өндөрлөв. Харин яг одоо МЗЭ-ийн Бага чуулганы гишүүд үргэлжлүүлэн хуралдаж байна.

Т.ДАРХАН
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж