“Жигүүр албан тушаалын тэмцэл биш”

Хуучирсан мэдээ: 2013.09.20-нд нийтлэгдсэн

“Жигүүр албан тушаалын тэмцэл биш”

МАН-ын залуус намаа шинэчлэхээр ярих болсон энэ цагт Ардчилсан намаас жигүүр төрөн гарч байна. Энэхүү жигүүрийг албан тушаалгүй хоцорсон ардчилагчид санаачилсан гэх хар байгаа ч тэд Засгийн газрыг ганхуулахын тулд байгуулагдаагүй гэж мэдэгдэж байна. Шинээр мэндлэн гарсан жигүүрт фракц болгоны төлөөлөл бий бөгөөд намын дүрэм, бодлогыг мөрдүүлэхийг гол зорилгоо гэж тодорхойллоо. Тиймээс одоогийн намын дүрмийг боловсруулсан гишүүддээ ч энэ жигүүрт нэгдэхийг санал болгосон байна. Энэ талаар хөндлөнгийн байр суурийг хүргэх үүднээс Ардчилсан намын үндсэн дүрмийг боловсруулагчдын нэг, Ардчилсан намын ҮЗХ-ны гишүүн, Гүйцэтгэх зөвлөлийн гишүүн асан Х.Ганболдтой ярилцлаа.

-Ардчилсан намынхан 1996-2000 оны түүхээ давтаж Засгийн газраараа оролдохоор жигүүр байгуулагдлаа гэх хар байна. Та үүнтэй санал нийлүүлэх үү. Хэний эрх ашгийг энэ жигүүр хамгаалах вэ?

-Нууж хаагаад яах вэ. Манай намд олон фракц бий. Тэдний төлөөллүүд энэ жигүүрт бий. Гэхдээ фракцууд бол ҮЗХ-нд л байдаг. ҮЗХ-ны 228 гишүүн л үзэл баримтлалаасаа хамаарч фракцад хуваагддаг. Түүнээс жирийн гишүүдийн дунд тийм фракц гээд байх юмгүй. Жигүүрийн тухай яривал фракцуудын гэхээсээ намын эгэл жирийн гишүүд, дэмжигчдээс санаачилсан. Фракцуудын төлөөллүүд бол сүүлд нь орж ирсэн. Иймээс жигүүр бол Засгийн газар болон намын удирдлагаар оролддог субьект биш. Зөвхөн намын гишүүд дэмжигчдийн зүгээс гаргасан санал санаачлагыг хэрэгжүүлэх, намын үндсэн дүрмийг хэрэгжүүлэхийн тулд намын удирдлага, түүний аппараттай нягт хамтран ажиллах зорилгоор байгуулагдсан гэж ойлгож болно.

-Ямар учраас танд хандсан юм?

-Ардчилсан намын Үндсэн дүрмийн авторуудын нэг нь гэдэг утгаар нь хандсан байх л даа. Бид энэ дүрмийг боловсруулаад намын III их хурлаар хэлэлцүүлж батлуулсан юм. Тиймээс энэ дүрмийн хүрээнд ярилцаач, намын ажил зогсонги байдалд орсон нь дүрмийн хямралаас шалтгаалж байна гэсэн томъёоллоор нэлээд хэдэн хүн уулзаж ярилцсан.

-Тэгвэл жигүүр намын дүрмээ өөрчлөхөөс ажлаа эхлэнэ гэж ойлгож болох уу?

-Надад хандахдаа намын ажил унаад байгаа нь дүрмийн хямрал уу эсвэл зохиомол өөр хүчин зүйлээс болоод байна уу гэсэн асуултыг тавьж байна л даа.

-Та алийг нь гэж үзэж байгаа юм?

-Мэдээж олон хүн олон санаа бодолтой  байгаа. Ер нь бол асуудлыг хоёр талаас нь ярьсан.

-Гендээ ч бий гоондоо ч бий л гэдэг шиг үү?

-2012 оны сонгуулийн өмнө буюу 2011 онд хуралдсан ҮЗХ-ны хуралдаанаар нэг асуудлыг хэлэлцсэн. Үндсэн дүрмээр бол жил бүр ҮЗХ-ны 228 гишүүний 30 хувь буюу 76 суудалд байнга цус сэлбэж, ротаци явуулж байх ёстой. Ингэснээр шинэ хүмүүсийг улс төрд орж ирэх боломжийг нээж өгдөг. Боловсон хүчний бодлогын хувьд байнга шинэчлэгдэх зорилготой гэсэн үг. Гэтэл тухайн жил удахгүй УИХ-ын сонгууль болох гэж байна. Тиймээс энэ удаадаа ротаци явуулах дүрмийн саналыг ҮЗХ-ны шийдвэрээр хойшлуулая гээд хойшлуулсан. Гэтэл энэ тогтоол өнөөдөр хүртэл хүчинтэй байгаа учраас ротаци явуулахгүй байна. Нэг ёсондоо Үндсэн дүрмийн царцалтыг зохиомлоор бий болгосон. Үүнээс болоод намыг шинэчлэх, нөхөн төлжих асуудал нь үгүй болчихсон гэж ойлгож болно. Амьд амьтнаар бол цусны эргэлт зогссон гэсэн үг шүү дээ. Энэ нам ротацийн ачаар орон нутагтай амьд холбоотой байсан. Жилд хоёр удаа намын бүх шатны хороо хуралдаад орон нутгийн санаа бодлыг ҮЗХ-нд танилцуулдаг, ҮЗХ-ны шийдвэр бодлогыг эргүүлээд танилцуулж, ажил хэрэг болгодог амьд холбоо гэсэн үг. Гэтэл 2011 оноос хойш хоёр ч жил энэ холбоос тасарсан. Ингэснээр анхан болон дунд шат ҮЗХ-ны эргэх хэлхээ болсон холбоос тасарсан. Энэ холбоог эргэн сэргээх хүлээлт хүмүүст үүссэн. Сонгуулийн дараа өөрийгөө шинэчлэх ёстой ҮЗХ шинэчлээгүй. Ингээд хуучин ҮЗХ-ны гишүүд Засгийн газраа байгуулахаас эхлээд бүх юмаа хийгээд явлаа. Ингэснээр нөгөөх 228 гишүүд маань энд тэндэхийн даргууд болон хувирсан. Нэг ёсондоо намын удирдах дээд байгууллагынхан өөрсдөө Засгийн газарт бүгд багтаад ажиллаж байгаа учраас түүнээс гадна талд юу болж байна гэдгийг харах тэнхэлгүй болоод нэг хэвээр хайрцаглагдчихлаа. Энэ хайрцгийг өөрчлөх ёстой. Төрийн албанд очсон хүмүүсийн сул орон зайнд ротацийн нөхөн сонгууль явуулах хэрэгтэй. Дээр нь манай дотоод бүтэц болох ҮЗХ, гүйцэтгэх зөвлөл, бодлогын зөвлөл, дүрмийн хороо буюу хяналтын хороо, дотоод сонгуулийн хороо гэж бий. Эднээс Дотоод сонгуулийн хорооны бүрэлдэхүүн байхгүй болчихсон.

-Яагаад. Дараагийнх нь сонгогдоогүй байхад өмнөх нь болих ёсгүй биз дээ?

-Дотоод сонгуулийн хороонд байсан хүмүүс төрийн албанд орчихсон. Төрийн албаны хуулиар тэдгээр хүмүүс намаас чөлөөлөгдөх ёстой. Энэ шалтгаанаар чөлөөлөгдөөд Дотоод сонгуулийн хороо үйл ажиллагаагаа явуулах чадамжгүй болчихсон. Үүнээс болоод дүрмийн дагуу явах ёстой үйл ажиллагаа гацсан. Гацаанаас гарах арга замыг жигүүрийн эдгээр нөхдүүд тавьж, ярьж байна. Тэдний хэлдэг ч үнэн. Дүрэм байна уу, байна. Хардаад байгаа нь ч зөв. Засаг руу орчихсон улс намын ажлыг явуулж чадахгүй орхигдуулаад байгааг ч бодолцох хэрэгтэй. Тиймээс судасны тасалдсан эргэлтийг хэвийн байдалд оруулах хэрэгтэй гэдгийг л яриад, яваа юм. Фракцуудын хувьд өөр өөрсдийнхөө төлөөлөл нь тэнд байгаа учраас төдийлөн дэмжихгүй, асуудалд арай өөрөөр хандана л даа. Энийг л шийдэхийн тулд л жигүүр гарч асуудал дэвшүүлсэн хэрэг. 

-Тэгэхээр гарцаа байхгүй засгийг биш юмаа гэхэд удирдлагаа сэлгэх талаар ярих нь л дээ. Ямар нэгэн байдлаар албан тушаалын асуудал ярих юм байна. Удирдлагуудын чинь зүгээс олон олон ашиг сонирхлууд бусдын хоол болох вий гэх болгоомжлол ч бий л байх, тийм үү?

-2000 оноос хойш ард түмэн биднийг хатуу шийтгэж итгэл үзүүлээгүй. 2004, 2008 онд итгэлийг хүлээх боломж байсан ч сонгуулийн луйвар болсон. Эрх барих хугацаандаа манайхан олон ч Засгийн газрыг сольсон. Засийн газарт  ажилласан нөхдүүд нь намаасаа салаад алга болсон. Нэг жишээ хэлье. 

1996 оны сонгууль болохоос өмнө Сүхбаатарын талбайн хажуугийн намын байранд багтаж ядсан олон гишүүнтэй байлаа. Харин сонгуулийн дараа бүгд ордонд ороод суучихсан. Намын байр руу ирэх хүнгүй болсон л доо. Энэ бол алдаа. Ямар алдаа вэ гэхээр бид төр барьж байх үедээ нам төрийн харилцааг орхигдуулсан.

-Намаа бүхнээс дээгүүрт тавиад байгаа учраас төрийн алба тааруухан байна гэсэн шүүмжлэл гардаг шүү дээ?

-Уг нь нам өөрөө мөрийн хөтөлбөрөө биелүүлэхийн тулд Их хурал, Засгийн газраа шахаж ажиллах ёстой. Нам бодлогоороо өөрийнхөө боловсон хүчнийг улс төрийн албан тушаалд байршуулдаг. Нөгөө нөхдүүд намын нэрээр улс төрийн болон төрийн албан тушаалд очингуутаа намынхаа бодлого, мөрийн хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлыг  умартдаг. Холбоогүй болдог. Тиймээс ч тийм яриа гарч байгаа. Үүнээс болоод намын нэр хүнд ч унасан. Эргэх холбоо ч байхгүй болсон. Үүний хохирол нь 2000 оноос хойш арав гаруй жил үргэлжилсэн. Ийм шалтгаанаар бид асуудлын гадна зогсоход хүрсэн. Ийм алдааг давтаж болохгүй. Энийг маш яаралтай засах хэрэгтэй. Тиймээс энэ жигүүрт 1996-2000 оны үед бүх шатны намын  аппаратад байсан нөхдүүд маш хүчтэй байр сууриа илэрхийлж байна. Гол нь өмнөх алдаагаа бид давтах гээд байна. 2012 оноос хойш намын хэдэн ажилтнууд л байрандаа байна. Нөгөө сайд, албан тушаалтнууд нь шагайхаа больжээ. Намын аппарат нь тэдэнд шаардлага тавьж чаддаггүй. Бүр эсэргээрээ намын аппарат нь ЗГ-ын ажлын алба шиг ажиллаж байна шүү дээ. Тийм байх ёсгүй. Бид эрх баригч намын аппаратын бүтэцтэй байх ёстой. Гэтэл өнөөдөр сөрөг хүчний бүтэцтэйгээр ажиллаж байна. Иймээс намын аппаратын бүтэцэд өөрчлөлт оруулах ёстой.

-Таныхаар тэр бүтэц ямар бүрэлдэхүүнтэй яаж ажиллах ёстой юм вэ?

 -Тэр бүтэц иргэдийн намд итгэл үзүүлсэн мөрийн хөтөлбөрийг биелүүлэхийг шаардаж, шахсан үйл ажиллагаа явуулах ёстой. Нөгөөтэйгүүр намаас албан тушаалд тавьсан боловсон хүчиндээ хатуу хяналт тавих ёстой.

-Хоёр бүтцийн асуудал яриад байгаа гэсэн үг үү?

-Тийм. Нэгдүгээрт, мөрийн хөтөлбөрийг шахсан, шалгасан, хянасан, үйл ажиллагааг нь үнэлдэг, дүгнэдэг нэг тийм бүтэц байх ёстой. Хоёрдугаарт, улс төрийн болон бусад төрийн албан тушаалтнуудыг намын нэрийн өмнөөс тавьсан нөхдүүдэд хариуцлагын асуудлыг тавьдаг бүтэц бий болох ёстой. Тэр хүн намын нэрийн өмнөөс албан тушаалд очсон л бол мөрийн хөтөлбөрийг биелүүлэхийн төлөө ажиллаж, түүнд нь дээрх бүтэц хяналт тавьдаг болно гэсэн үг. Ингэж ажиллахгүй сөрөг намын бүтцээр ажиллах нь буруу. Энэ асуудлыг л тавьж, ярина. Түүнээс биш хэвлэлээр гараад байгаа шиг албан тушаалын төлөөх тэмцэл биш шүү. Тийм асуудал огт байхгүй, ярих ч үгүй.

-Хариуцлага нэрээр солио, холио хийх юм биш биз дээ?

-Бид дэвшүүлсэн хөтөлбөрөө хэрэгжүүлж, 2016 онд ялалтаа баталгаажуулахын тулд хамтарч ажиллах ёстой. Тодорхой хэмжээний эрх мэдэлд очсон хүмүүс тэгэж бодож байгаа бол “Уучлаарай, тийм юм байхгүй шүү” гэдгийг хэлчихье. Харин та нөхдүүдтэй хариуцлага тооцсон, ажлаа хийхийг шахсан намын бүтэц бий болгож тэрүүгээрээ дамжуулан шахна аа. Асуудал гарвал хайр, найргүй ярина шүү л гэж байгаа юм. Үүнд л асуудлыг чиглүүлнэ. Нөгөөтэйгүүр намын дүрмийг царцааж болохгүй. Улс төрийн намын хууль гарахаар намын дүрмээ шинэчлэе гэсэн утгагүй юм ярихаа болих хэрэгтэй. Хэрэгтнийг шинэ хууль гарахаар яллая гэдэггүй биз дээ. Батлагдсан үндсэн дүрэм байгаа бол түүнийгээ л барьж ажиллах ёстой.

-Сүүлийн үед төрийн албыг төрлийн болголоо гэх үг их дуулдах боллоо. Намын төлөө явсан хүмүүсээ гадаа үлдээгээд садан төрлөө шургуульж байна гэж танай жирийн гишүүдийн амнаас олонтаа сонслоо. Энэ асуудалд жигүүр ямар байр сууриас хандах вэ?

-Дуугарна. 1996-2000 онд юу болсныг бүгд мэднэ. Манай намын нэрийн өмнөөс батлахгүй хүнийг бид Монгол Улсын төрийн сайдаар томилсон. Дараа нь намын гишүүний батлах өгсөн. Тэр хүн сайдаас буусныхаа дараа батлахыг хаяад явсан гашуун сургамж бидэнд бий. Би 23 жилийн турш энэ намын гишүүнээр явсан. Иймэрхүү маш олон тохиолдол бий. Хүний нэр дурдаад яах вэ. Ардчилсан намд гэнэт орж ирээд сайд болчихдог. Огт танихгүй хүн шүү. Тэгээд буцаад гараад явчихдаг тохиолдолд байсан. Одоо сайдын тушаалд арай ч байхгүй л дээ. Харин сайдаас доогуур томоохон албан тушаалд найз нөхөд, ах, дүү, хамаатан саднаа тавьчихсан юм бий. Тийм учраас жигүүрийн хувьд боловсон хүчний бодлогод энийг хандуулна. Бид бүх судалгааг гаргаж харна. Тэр хүмүүсийн өмнөөс Ардчилсан нам хариуцлага хүлээхгүй. Тэдгээрийг томилсон эрх мэдэлтэн хүлээх ёстой.

Л.НАРАНТӨГС
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж