Монголын талаар гадны хэвлэлүүд ингэж дүгнэв

Хуучирсан мэдээ: 2013.09.20-нд нийтлэгдсэн

Монголын талаар гадны хэвлэлүүд ингэж дүгнэв

Монголын хөрөнгө оруулалтын орчин сайжрах нь гэсэн хүлээлт гадныхны дунд хэдийнэ бий болжээ. Барууны хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр үүнтэй холбоотой мэдээлэл ч гарсаар байна. Тэдгээрээс товчлон хүргэе.

“Wall Street Journal”

Монголчууд одоогоос жил га­руйн өмнө баталсан гадны хөрөнгө оруулалтын хязгаарлах хуулиа өөрчлөхөөр чармайж байна. Үүн­тэй зэрэгцээд олон улсын зах зээл дээр түүхий эдийн үнэ унаж бай­гаа болон байгалийн баялагтай хол­боотой үндсэрхэг үзлийн нө­лөө сөрөг үр дагавар авчрах вий хэ­мээн болгоомжилж байгаа аж. Гадны хөрөнгө оруулалтыг хяз­гаарлах хууль батлагдсаны да­раа Хятад, Австрали тэргүүтэй гадны хөрөнгө оруулагчдыг уул уурхай, эрчим хүчний салбар дахь үндэсний эрх ашгаа хамгаалахаар ийм алхам хийсэн юм. Харин одоо гарах гэж буй өөрчлөлтийн ачаар Азийн Монгол уул уурхай, харилцаа холбоо, санхүүгийн сал­бар дахь гадны хөрөнгө оруу­лалтад тавхих хязгаарлалтаа сулруулах боломжтой. Гэхдээ Хятад тэргүүтэй орны Засгийн газ­рын хөрөнгө оруулалттай ком­паниудтай хамтрахдаа бас л на­рийн хяналт хийх аж.

Өнгөрсөн оны тавдугаар сард гадаадын хөрөнгө оруулагчид Мон­голд 75 сая ам.доллараас дээш хөрөнгө оруулалт хийвэл Зас­гийн газраас зөвшөөрөл авахыг хуульчилж өгсөн юм. Уг хууль батлагдахаас ердөө нэг сар орчмын өмнө Хятадын төрийн мэдлийн компани Монголын Овооттолгойн ордыг эзэмшдэг “Саусгоби Сэндс”-ийн хувьцааны 60 хувийг 920 сая ам.доллараар худалдаж авах санал тавьж байв. Гэвч уг хуулийн өөрчлөлтөөс болж энэ хэлэлцээр батлагдаагүй. Уул уурхайн орлого Монголын эдийн засгийн гуравны нэгийг эзэлдэг. Гэвч өнгөрсөн оны мөн үеийнхтэй харьцуулахад тус улс дахь гадны хөрөнгө оруулалт 32 хувиар буурчихаад байна. Үүнтэй холбогдуулан “Mongolian Metals & Mining Research”-ын шинжээч Дэйл Чой “Монголын эрх баригчид хөрөнгө оруулагчдыг эргэн дуудаж байгааг уг хуулийн төсөл харуулж байна” хэмээн дүгнэжээ.

“Global Post”

Монголын байгаль орчны төлөө тэмцэгч есөн хүн Төрийн ордон руугаа буудсан гэх шалтгаанаар баривчлагджээ. Тэд бол “Гал үндэс­тэн” холбоотын тэргүүн нар юм. Уул уурхайн салбар дахь хянал­тыг сулруулахыг эсэргүүцэн Мон­голын парламентын ордон руу дайрах орох гэсэн боловч хам­гаалагч нар тэднийг зогсоосон байна. Энэ үед буун дуу ч сон­согдсон байна. Монголд уул уурхайн салбар хурдацтай тэлж байгаа боловч энэ хэрээрээ байгаль орчныг бохирдуулж буй асуудал нэмэгдэх болсон. Өнгөрсөн жил Улаанбаатарт гадаадын хөрөнгө оруулалтыг хязгаарлах хууль бат­лагдсанаас хойш хөрөнгө оруу­лалтаас олох орлого буурсан нь өөрчлөлт хийх цаг болсныг нотолж байлаа.

“Bloomberg”

Монголын Засгийн газар га­даадын шууд хөрөнгө оруулалтыг нэмэхээр чармайж байна. Тус улсад энэ оны эхний хагас жилийн байдлаар хөрөнгө оруулалт 42 хувиар буурсан аж. Түүнээс гадна Монголын Засгийн газар болон “Рио Тинто” компанийн харилцаа хурцадмал байгаа юм. Энэ он гарснаас хойш тус улсын мөнгөн тэмдэгтийн ам.доллартай харьцах ханш 18.3 хувиар суларчээ. Харин “Хөрөнгө оруулагчид тогтвортой байдлыг хүсч байна” хэмээн “ING Groep NV”-ийн төлөөлөгч Ховард Ламберт ярьсан байна. Энэ удаагийн өөрчлөлтөөр уул уурхай, санхүү, харилцаа холбоо нь стратегийн ач холбогдолтой салбарт багтахаа болих гэнэ. Энэ тохиолдолд дээрх салбаруудад гадны хөрөнгө оруулагчид орох боломжтой юм… Ямартай ч энэхүү хуу­лийн өөрчлөлтийг хүлээж бай­гаа компаниудын нэг нь “Ми­цубиши” билээ.

“Ройтерс”

Монголчууд гадны хөрөнгө оруу­лалтыг дэмжиж эхэллээ. Шинэ хуулиа батлагдвал өнгөрсөн оноос хэрэгжиж эхэлсэн Стратегийн салбар дахь гадны хөрөнгө оруулалтыг хязгаарлах хуулийг орлох юм. Уг хуулиас болж Монгол дахь гадны хөрөнгө оруулалт огцом буурсан билээ. Одоогийн байдлаар стратегийн салбарт 33 буюу түүнээс дээш хувийн хө­рөнгө оруулалт хийх компаниуд Засгийн газраас зөвшөөрөл авах ёстой байгаа. Төрийн өмчийн компани мөн л Засгийн газрын зөвшөөрөлгүйгээр, цаашилбал парламентын дэмжлэгийг авах­гүйгээр 49 хүртэлх хувийн хө­­рөн­гө оруу­лалт хийх боломжгүй. Харин шинэ хууль нь төрийн мэд­лийн компаниудын оролцоог хязгаар­лах боловч зарим талаараа хөрөн­гө оруулалтын орчинг зөөллөх аж.

Т.ЭЛИСА

Эх сурвалж: "УЛС ТӨРИЙН ТОЙМ" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж