Гишүүн болсноос оюутан болсон нь дээр

Хуучирсан мэдээ: 2013.09.20-нд нийтлэгдсэн

Гишүүн болсноос оюутан болсон нь дээр

Оюутнууд бусдаас илүү хангамж, тэтгэмжтэй болж байна. Ажилгүй хүмүүсийг бодвол сардаа 70 мянган төгрөгийн сул цалин авчихна. Намар хичээл эхлэх цагаар эрүүл мэндийн үнэгүй үзлэг шинжилгээнд хамрагдана. Нийтийн тээврээр үнэгүй зорчино. Ер нь үнэгүй гэсэн юм болгоныг оюутнуудад өгч байна. Эрүүл мэндийн сайд Н.Удвал оюутнуудыг харьяалал харгалзалгүй эмнэлгийн тусламж, үйлчилгээ үзүүлэх хуваарь гаргаж баталсан аж. Одоо Л.Гантөмөр сайд оюутнуудыг сургалтын төлбөрөөс нь чөлөөлчихдөггүй юм байх даа. Хөөрхий хэдэн муу оюутан маань эрдэм ном суръя гэхээр мөнгөгүй, дээр нь бие муутай хэцүүдээд байгаа юм. Гэтэл УИХ-ын гишүүдийг тэдэнтэй зэрэгцүүлээд хар даа. Хөөрхий хэдэн гишүүд маань цөөхөн хэдэн төгрөгийн цалингаа ардаа барих уу, урдаа барих уу гэдгээ мэдэхгүй хэцүүхэн л байдаг юм билээ. Хуулийн төсөл санаачиллаа гээд төсвөөс уг нь хэдэн төгрөг төсөвлөдөг нь хүрэхгүй “шар махтай нь хатаана”. Төр түшилцдэгийг нь бодож байр орон сууцны хөнгөлөлт эдлүүлж, орон сууцтай болгодог ч байр нь жижигхэн, хотын төвийн А зэрэглэлд биш болохоор тэдэнд маань ажилдаа ирж очих гэж бөөн чирэгдэл болж байна. Жаахан хүүхдүүд Их хурлын гишүүн болно гэх биш оюутан болно оо гэцгээдэг болсон гэнэ билээ. Оюутан хүнд төр засаг хайр хишгээ харамгүй зориулдаг гэдгийг мэдчихэж л дээ. Энэ намрын ургац, тариа хураалтад оюутнуудыг дайчлан оролцуулж байгаа ч өдрийн 20 мянган төгрөгийн хөлсөөр ажиллуулж байгаа юм гэсэн. Өвлийн бэлтгэлийн ид ажилд үнэ хөлс гэхгүйгээр гар бие оролцож болохгүй. Улс баян, ургац арвин байгаа юм чинь хэдэн оюутанд хөрөнгө мөнгө цацахад юу нь болохгүй гэж. Оюутнууд жил бүрийн намар сар орчим хугацаанд хөдөө хөхөрч, гадаа гандаж, тариа, ногоо хурааж болоод л байсан юм гэж зарим нь тэднийг гомдоож магадгүй. Шинэ цагийн оюутнуудын хангамж тэтгэмж өөр байхаас аргагүй. Тэд УИХ-ын хэдэн “ядуу” гишүүд шиг тансаг хаус, үнэтэй машин, чамин гар утас хэрэглэдэг биш. Үсрээд л “ай-пад”, “айфон”-оор гангарч, нийтийн байр, айлын хажуу өрөөнд толгой хоргодож байгаа юм чинь. Хэдэн жилийн дараа Монгол Улс хэтийдсэн их эрдэм чадалтай боловсон хүчинтэй болох гэж байгаа болохоор харж үзэхээс яах билээ.

Б.ОЮУНГЭРЭЛ

Эх сурвалж: "УЛС ТӨРИЙН ТОЙМ" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж