АНУ-д “Ираны” тэнгэр баганадсан барилгыг хураав

Хуучирсан мэдээ: 2013.09.20-нд нийтлэгдсэн

АНУ-д “Ираны” тэнгэр баганадсан барилгыг хураав

Нью-Йоркийн шүүх Ираны эсрэг авсан эдийн засгийн хориг арга хэмжээг зөрчин Ираны Засгийн газарт орлого оруулж байсан Манхэттен дахь оффисийн өндөр барилгын эздээс уг байрыг хураах талаар прокурорын тодорхойлтыг баталсан шийдвэр гаргажээ.

AFP агентлаг мэдээлснээр, Нью Йоркийн тав дахь өргөн чөлөөний 36 давхар байрыг худалдахаар төлөвлөсөн байна. Тэндээс орох орлогыг алан хядагчдын халдлагад хэлмэгдэгсдэд нөхвөр болгон хуваарилах ажээ. “Алан хядлагыг ивээн тэтгэгчдийн хөрөнгийг нь хураах том алхам” болсныг прокурораас онцолжээ. Гэхдээ байрны эздэд шүүхийн шийдвэрийг даван заалдах эрх бий аж.

Өндөр байшингийн албан ёсны эзэд нь Alavi Foundation ба Assa Corporation компани гэнэ. АНУ-ын эрх баригчдын үзэж буйгаар эдгээр компаниуд нь Ираны Засгийн газартай шууд холбоотой бөгөөд байрны түрээсийн мөнгийг Ираны Melli банкинд шилжүүлж байсан нь эдийн засгийн хориг арга хэмжээнээс гадна мөнгө угаахын эсрэг хуулийг зөрчжээ. Уг барилгыг 1970-аад онд Ираны шахын удирдаж байсан арилжааны бус Pahlavi Foundation сан бариулж, Melli банк санхүүжүүлжээ. 1979 оны Ираны хувьсгалаас хойш уг байр Alavi Foundation болон нэрээ өөрчилж Pahlavi Foundation сангийн мэдэлд үлджээ.

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж