Үнэлэмжтэй сэтгүүлч, үнэ цэнэтэй сэтгүүлзүйн төлөө

Хуучирсан мэдээ: 2013.09.20-нд нийтлэгдсэн

Үнэлэмжтэй сэтгүүлч, үнэ цэнэтэй сэтгүүлзүйн төлөө

-Уншигч, үзэгч тухайн үйл явдал, баримтыг тухайн сэтгүүлчийн нүдээр харах болдог. Үүнд л сэтгүүлчийн хариуцлага оршдог учраас юуг яаж харах вэ, хэрхэн ойлгох вэ гэдэг үнэлэмж хамгийн чухал-

Монголын сэтгүүл зүйн салбарт хамгийн нэр хүндтэй үйл явдал болох Ц.Балдоржийн шагналт сэтгүүлчийг зарлах арга хэмжээ өчигдөр боллоо. Монголын анхны чөлөөт, хувийн өдөр тутмын сониныг үүсгэн байгуулагч, орчин цагийн сэтгүүл зүйн оюун санааны эцэг гэгддэг Ц.Балдорж агсны нэрэмжит шагналыг залуу сэтгүүлч энэ удаад хүртсэн юм.

“Өнөөдөр” сонинд тав дахь жилээ ажиллаж буй залуу сэтгүүлч Ж.Тэгшжаргал шагнал гардах мөчид хэлсэн сэтгэгдэлдээ “Миний өмнө энэ шагналыг авсан сэтгүүлчид бүгд салбартаа хүлээн зөвшөөрөгдсөн мундгууд байсан” гэж хэлсэн нь санамсаргүй зүйл биш. Түүнээс өмнө энэ алдрын тавцанд хүрсэн, хүлээн зөвшөөрөгдсөн сэтгүүлчид ерээд оноос хойшхи чөлөөт нийгэмд сэтгүүл зүй хэрхэн хөгжиж, хаана хүрснийг тодорхойлох хэмжээний сэтгүүлчид гэдгийг хүлээн зөвшөөрнө. Гэхдээ өнөөдөр сэтгүүлчдийн цоо шинэ, дараагийн үе гарч ирлээ” гэдгийг ч бас хүлээн зөвшөөрөх хэрэгтэй болох нь. Сэтгүүл зүйд үе солигдож байна, харин тэднийг дагаж ирэх өөрчлөлт нь юу байх бол?!

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж тэргүүн шагналтныг зарлаж, өргөмжлөлийг нь гардуулах үеэрээ анхаарал татахуйц нэгэн санааг сэтгүүлчдэд хаяглан илгээсэн нь сэтгүүл зүйн хөгжил хаашаа яаж явж байгааг бидэнд сануулах шиг болсон юм. Тэрбээр, “Сэтгүүлч хүн өөрийн үнэлэмжтэй байх хамгийн чухал. Үнэлэмж дээрээ бат зогсч буй сэтгүүлчийг хэн ч, хааш нь ч өөрийн эрхээр хөдөлгөж чадахгүй” гэсэн үнэн боловч хатуухан үг унагалаа. Нийгмийг мэдээллээр удирдаж байгаа өнөөдрийн эрин зуунд сэтгүүлчид тодорхой хэсгийнхний эрх ашигт үйлчилж байна гэсэн шүүмжлэлийг энд сануулсан төдийгүй үүнийг хэрхэн хаах арга замыг тэр ийнхүү тодорхойлов. Монголын сэтгүүл зүй өнөөдөр өөрийн үнэлэмжтэй байж чадаж байна уу, тэр үнэлэмж нь чухам юу вэ гэдэгт хариулт гаргаж, хөгжлийнх нь хэм хэмжээг илэрхийлэх ёстой арга хэмжээ бол Ц.Балдорж сангийн шалгаруулалт учраас Ерөнхийлөгч энэ үгийг хэлэх ёстой газарт нь, хэрэгтэй хүмүүст нь хандаж хэлсэн хэрэг.

Монголын чөлөөт сэтгүүл зүйн хөгжилд ердөө хорин жилийн түүх бий. Харин үзэл сурталжсан сэтгүүл зүйд үүнээс ч урт түүх бий. Нийгэм маань тогтолцооны шилжилт хийснээс хойшх хорин жилд Монголын сэтгүүл зүй ямар эрх зүй, үнэлэмж, ёс суртахууны хэм хэмжээг чигээ болгож ирэв гэдэг асуулт өнөөдөр нийгмийг хамарсан маргаан, мэтгэлцээний сэдэв болсон нь үнэн. Өмнөх нийгэмд энэ салбарын гүйцэтгэж байсан үүрэг, итгэл үнэмшил, эрх зүйн ойлголт нь бүхэлдээ хувирсан ч тэр хоосон орон зайг юугаар нөхөх чигээ олохгүй хөөсөрч явсан үе сэтгүүл зүйд бий. Тэрхүү хоосорсон орон зай дээр шинэ үнэлэмж, чиг зүг тогтох явцыг нэг хэсэг зах зээлийн зарчимд даатган хаяж үзсэн ч, эрэлт, нийлүүлэлтийн зарчмаар үнэ нь тогтчихдог энгийн нэг бараа биш болохыг нь төдөлгүй ойлгоцгоож эхэлсэн юм. Учир нь хэвлэл мэдээллийн эрх чөлөө нь иргэдийн эрх чөлөө, ардчиллын баталгаа болдог учраас энэ салбарын харилцааг хуульчлах, тэр тусмаа хуулиар хамгаалах шаардлагатай гэж үздэг.

Хэвлэл мэдээллийн хэрэгслийн мэдэх, мэдээлэх эрх чөлөө нь хуулиар хамгаалагдлаа ч эцсийн дүндээ юуг мэдэж, яаж мэдээлэх вэ гэдэг сонголтыг сэтгүүлч л хийдэг. Уншигч, үзэгч тухайн үйл явдал, баримтыг тухайн сэтгүүлчийн нүдээр харах болдог. Үүнд л сэтгүүлчийн хариуцлага оршдог учраас юуг яаж харах вэ, хэрхэн ойлгох вэ гэдэг үнэлэмж хамгийн чухал. Тэрхүү үнэлэмж нь өнөөдөр нэг өөр, маргааш бүүр өөр болж хувирдаг, хэн нэг хүний хүсч шаардсанаар өөрчлөгддөг, гэрэл сүүдрийн байрыг нь сольж хардаг байж болохгүй. Энэ бол нэгдүгээрт үнэлэмжийн, хоёрдугаарт ёс зүйн хэмжигдэхүүн. Тэгэхээр сэтгүүлзүйд тулгамдаж байгаа олон асуудал хуулиар шийдэгдэхээс илүү хувь сэтгүүлчдийн үнэлэмжтэй байх эсэхээс, тэрэндээ тууштай байх ёс суртахуунаас үлэмж хамаарна гэсэн үг.

Өнөөдөр сэтгүүлзүйн хөгжил, төлөвшилд дутагдаж байгаа асуудлуудын нэг нь үнэхээр ч Ерөнхийлөгчийн хэлснээр “сэтгүүлчийн үнэлэмж” юм биш байгаа гэх бодол, эргэцүүлэл өчигдрийн арга хэмжээний зочдод төрсөн байх. Сэтгүүлч хүн, сэтгүүл зүй үнэлэмжтэй байж чадахгүй бол нийгэм маань бүхэлдээ яг л тийм үнэлэмжгүй, ёс зүйгүй, хоосон, замбараагүй төлөвт шилжинэ. Чухам ийм л учраас сэтгүүлчийн үнэлэмж, ёс суртахуун гэх ойлголт зөвхөн бидний хэрэг явдал төдий зүйл биш юм. Сүүлийн жилүүдэд нийгмийг хамарсан маргаан мэтгээний талбар болоод байгаа манай салбарт үнэлэмж байгаа эсэх, байгаа бол тэр нь ямар итгэл үнэмшилд суурилсныг хэмжих хэмжүүр, шүүмж судлал улам илүү хөгжөөсэй. Үүнд Ц.Балдорж сангийн шалгаруулалт цаашид ч голлох үүргийг гүйцэтгээсэй гэж хүсэх байна.

З.БОРГИЛМАА
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж