Б.Сэргэлэн: Би сонголт хийхдээ зүрхээ сонсдог

Хуучирсан мэдээ: 2013.09.20-нд нийтлэгдсэн

Б.Сэргэлэн: Би сонголт хийхдээ зүрхээ сонсдог

“Тод арт” агентлагийн захирал Б.Сэргэлэнг дугаарын зочноор урилаа. Тэрбээр бидний урилгыг талархан хүлээж авсан юм. Байгуулагдсан цагаасаа эхэлж соёл урлагийн амьдралтай өдөр тутам хамт байж, энэ салбарын мэдээллийг олон нийтэд түргэн шуурхай хүргэж ирсэн хэмээгээд манай хамт олонд ажлын амжилт хүссэн юм. Тэрбээр нэмж “Танай сониноос анзаарснаа хэлэхийг хүсч байна. Соёл урлагийн мэргэжлийн байгууллагуудын менежерүүдийг их сайн дэмждэг. Санаачилсан, зохион байгуулсан, олон нийтэд хүргэх гэсэн ажил болгоных нь талаар цааргалалгүй мэдээлж ирсэн. Үнэнийг хэлэхэд хэвлэл мэдээллийн байгууллага бүр ийм биш, худал үнэн дуулиан шуугиан хөөх нь элбэг. Тэгэхээр “Өдрийн шуудан” сонин нийгэм, хувь хүний соёл хөгжилд их хувь нэмэр оруулдаг” гэсэн юм. Бид ийн ярилцлаа. 

-Таныг цаг үетэй уралдан бүтээж явдаг, ажил хэрэгч эмэгтэй, тиймээс ойн баярын дугаартаа ярилцлага авъя хэмээн онцоллоо.

-Баярлалаа. Нэлээд ташуур өгсөн үнэлгээ байна. Би хичээж л явна.

-Сүүлийн үед та өмнөхөөс өөр Сэргэлэн харагдаад байх боллоо. Илүү чөлөөтэй болсон ч юм шиг. Ямар учиртай вэ?

-Намайг театрын менежерээр ажиллаж байхад хүмүүс балетчин гэж хардаг байсан юм. Харин театрын захирлын ажлыг өгснөөс хойш менежер гэж хараад байгаа юм уу гэж бодох болсон. Аливаа юм бүхэн цаг хугацааг дагаж өөрчлөгддөг. Тэр жамаар өөрчлөгдсөн байж магадгүй ээ.

-Таныг урлагийн менежер гэж хэн байх ёстойг харуулж чаддаг удирдах ажилтны нэг гэж боддог. Төрийн ажлаас арай өөр талбар, орон зайд та өнөөдөр ямар тоглолт хийж явна вэ?

-Нэлээд ширүүн асуулт байна. Би санаж бодсон, төлөвлөснөө л хийж явна. Өөрийн жижигхэн байгууллагатай болсон. “Тод арт” гэж урлагийн менежмент, зуучлал эрхлэх агентлаг байгуулсан. Гадаад, дотоодын байгуулага, хүмүүстэй хамтарч ажиллаж байна. Өнөөдөр гэхэд маш сайхан хүмүүстэй нэгдээд нийгмийн амьдралыг урлагийн нүдээр харж, өөрчлөн зохион байгууулах, бодлого боловсруулагч, шийдвэр гаргагчдад санаа өгөх, олон нийтэд ч амьдралаа өөрөөр харах боломж олгох “Урбан номадс” төслийнхөнтэй хамтарч ажиллаж байна.

-Тэд хамтаръя гэдэг санал тавьсан уу?

-Тэгсэн. Урлагийн мэдрэмжтэй, олон нийттэй харилцаж чадах менежер байна уу, холбож өгөөч гэхэд нь Урлагийн зөвлөлөөс намайг санал болгосон байсан. “Урбан номадс” төслийн хүрээнд явагдаж байгаа таван өөр, тэгсэн хэрнээ нэг уур амьсгаатай төслүүдээс би их юм олж мэдэж байна. Герман, Монголын энэ сайхан уран бүтээлчид, мэргэжилтнүүдтэй хамтарч ажиллаж байгаадаа баяртай байна. Дашрамд хэлэхэд энэ төслийн хамгийн онцлох нь гэж хэлж болох арга хэмжээ маргааш үдээс хойш (өнөөдөр) болно. Танай сонины уншигчид сонирхоосой, ирж оролцоосой гэж хүсч байна. “Амьдрал ахуй-Ногоон нуур” гэсэн нэртэй энэ төслөөр Ногоон нуурт гэр хорооллын дунд амралтын бичил орчин яаж бий болгохыг хэлж өгөх, зөвлөх, бодитоор үзүүлэх ажил болох юм. Ногоон нуур гэж Баянбүрдээс хойхно байдаг даа. Монгол, Германы зураачид, продюсерууд гоё том завь босгоно. Түүн дээр юу байх, ийм  байгууламжийг амьдрал ахуйдаа яаж ашиглаж болох талаар санаа өгөх зорилготой юм. Ер нь баруунд урлагийг хүмүүсийн амьдрал, сэтгэлгээнд хэрхэн нөлөөлүүлдгийг энэ хүмүүсийн хийж буй ажлаас харж байна.    

-Та ДБЭТ-ын захирлын ажлаа өгөөд хагас жил илүү болж байна. Таныг мэддэг хүмүүс эхэндээ хайгаад  байх шиг байсан. Дараа нь зарим хүн “Энэ хүн лав гадаадад гарах гэж байгаа байх, ажлаар ч юм уу, эсвэл зүгээр л амрахаар гарах гэж байж магад” гэж ярьж байсан.

-Тийм гэж үү. Надад мэдэгдээгүй.

-Тэгж ярьж байсан хүн нэг бус бий…

-Хүмүүс хоорондоо яриад өнгөрсөн биз ээ. Би агентлагаа байгуулах гээд бичиг цаас шагайгаад сууж байсан үе байх. Би Монголдоо л ажиллана. Яагаад гэвэл би Монголдоо хайртай. Монгол дээл өмсөхөөрөө л Монголд хайртай болдог гэвэл худлаа. Эндээ ямар ч ажил хийж болно. Олон улсын хэмжээний ажил хийх гэдэг нь заавал гадаадад ажиллахыг хэлэхгүй. Манай Монгол олон соёлтой орон гэж би боддог. Европ, Азийн соёлын аль алиныг өөртөө шингээж, яаж ч хувирч чаддаг гайхамшигтай хүмүүс бол монголчууд. Манайхан маш их авьяастай. Ямар ч орны ямар ч соёлыг маш хурдан өөртөө шингээж, авч чаддаг, хурдтай. Үүнийг би монгол суурь соёл юм болов уу гэж боддог. Тийм учраас хэн нэгэн гадаадын байгууллагад ажиллахаараа л олон улсын хэмжээний юм хийдэг, дэлхийн энд ажилладаг гэдэг ойлголтын эсрэг байдаг. Харин ч олон улсын эрдэмтэд, урлагийн менежерүүдийн сэтгэчихсэн зүйлийг монгол хөрсөнд авчирч буулгавал энэ чинь гадаадад ажилласнаас илүү үр дүнтэй. 

-Үр өгөөж нь монголчуудад хүртэх нь ч хэрэг…

-Үр өгөөж нь хэнд хүртэх нь нэг их сонин биш байх. Урлаг бол дэлхийнх. Ямар ч орчуулгагүйгээр нэг нэгнийгээ ойлгож, харилцаж, түшиж чадах цорын ганц хүчин зүйл бол урлаг.

-Одоогоор “Урбан номадс” төсөл гээд завгүй байгаа юм байна. Таны дараагийн ажил юу вэ?

-Манай агентлаг байгуулагдсан цагаасаа хойш долоо дахь төсөл дээрээ ажиллаж байна. ХБК, АНУ-ын Стэнфордын их сургуулийн хөгжмийн факультет хоорондын сургалтын төсөлд зуучийн ажил хийсэн. Дөрвөн хөгжимчин хүүхдийг Стэнфордод зуны сургалтад хамруулсан юм. Хүлээж авсан тал хүүхдүүдийн тэнд байх зардлыг дааж, харин ирж, очих зардлыг ССАЖЯ гаргаж хамтарсан. Олон улсын загварынхныг оролцуулсан Ариуна Суригийн шоунд бас хамтарлаа. Ойрын үед хийх ажил гэвэл Эрхүү хотын Филармонийн 75 уран бүтээлчийн бүрэлдэхүүнтэй симфони найрал хөгжмийн тоглолтыг ДБЭТ-т зохион байгуулах гэж байна, ирэх сарын 11-нд. Монгол-Оросын найрамдлын сар гэж уламжлал болсон сайхан арга хэмжээ байдаг. Энэ хүрээнд тэр том бүрэлдэхүүнтэй найрал хөгжим ирж монгол үзэгчдэд уран бүтээлээ сонсгох гэж байна. Энэ тоглолтыг үзэгчдэд хүргэх ажлыг манай “Тод арт” агентлаг ДБЭТ-тай хамтарч зохион байгуулж байна. “Оросын хөгжмийн үдэш” гэж нэрлэсэн. Монголчуудын зүрх сэтгэлд их ойр тансаг хөгжмүүд эгшиглэнэ. Чайковскийн хамгийн гоё дан хөгжмүүд, нэртэй зарим дуурийн ари, Свиридовын хөнгөхөн, сэтгэл хөвсөлзүүлсэн вальсууд, алдарт Дунаевскийн бүтээлүүд гээд үгээр илэрхийлэхийн аргагүй гоё бүтээлүүдийг ганцхан орой тоглоно. Би энэ хамт олонтой ажлын холбоотой байдаг, зочилж очиж байлаа. Олон жилийн түүхтэй, уран бүтээлийн арвин туршлагатай найрал хөгжим.

-Гадаадын уран бүтээлчдийн иймэрхүү тоглолт болоход Монголд амьдарч буй тухайн үндэстнүүд түрүүлж очоод тасалбарыг нь дуусгачих нь бий. Тэгээд л өнгөрсөн хойно нь хэзээ болсон юм, мэдээлэл муу байлаа гэхчлэн гомдоллодог талтай…

-Тэр нь ч аргагүй. Тухайлбал Монголд байгаа оросууд бүгд л үзье гэж бодно шүү дээ. Тэднийг ямар боль, монголчууддаа үзүүлэх гэж байгаа юм гэлтэй биш.

-Тийм л дээ. Орос хөгжмийг орос хөгжимчид тоглоно. Дэлхийн сонгодог хөгжмийн ертөнцөд өөрийн гэсэн томоохон орон зайтай бүтээлүүд жинхэнэ язгуураараа дуугарах нь дээ…

-Энэ л гоё. Манайхан Ж.Чулууны алдарт “Уран Хас”, Б.Шаравын “Сэтгэлийн эгшиг”-ээ гадаадын аль нэг театрт тоглох болбол манай хөгжимчид яаж дуугаргах вэ, бод доо.

-Мэдээж ур чадварын дээдийг үзүүлнэ. Урлагийн менежер таныг үндсэн мэргэжлийнх нь чиг шугамаар балетийн урлагт нэлээд юм хийх болов уу гэж хүмүүс харж байгаа байх. Хуваалцах сонин сайхан юу байна вэ?

-Монголын урлагийн зөвлөл 2014 онд “Чикаго балет”-ийг Монголд урьж байгаа. Тэр тоглолтод манай агентлаг хамтран оролцоно. Урлагийн солилцоо гэдэг уран бүтээлчид,үзэгчдийн аль алийг хөгжүүлж байдаг чухал хөшүүрэг.

-Буруу санаагүй бол та Стэнфордын их сургуулийн хөгжмийн факультетын Монгол дахь төлөөлөнч болсон гэсэн үү?

-Энэ сургуультай ажил хэргийн холбоо тогтоогоод багагүй хугацаа өнгөрөөжээ. Монголын соёл урлагийн өдрүүдийг тус их сургуульд зохион байгуулж, урлагийн төрөл чиглэл бүрээс нэг нэг шилдэг уран бүтээлч авч очиж их сайхан тоглолт зохион байгуулсан юм. Төрийн шагналт хөгжмийн зохиолч Б.Шарав, одоо энэ “Ногоон нуур”-т завь босгож байгаа зураач О.Энхтайван,  морин хуурч Д.Шинэцог гээд шилдгүүдийг нэгтгэн зохион байгуулаад очиж байлаа. Тэгэхэд тогтоосон харилцаагаа батжуулах, цаашид өргөжүүлэн хөгжүүлэхийг зорьж байна. Хамтын ажиллагааг хөгжүүлэх, аливаа ажил зохион байгуулах зэрэгт Монголд төлөөлөгчтэй байх хэрэгтэй гэж үзээд энэ ажлыг намайг хийх үү гэсэн санал тавьсныг хүлээж авсан.

-Балетчин, бүжиг дэглээч мэргэжилтэй танаас асуух бас нэг асуулт байна. Өнөөдөр манайд модерн урлаг, ялангуяа бүжиг дутагдаж байна гэж үзэж болох уу?

-Монголчууд төрөлхийн бүжгийн авьяастай, бүжгийн элементээр тун баялаг. Тэр бүхэн модерн бүжгийн эх сурвалж байдаг. Ардын бүжгийн маань гол цөм гарт байдаг. Монголчууд гараасаа их энерги ялгаруулж байдаг улс юм байна л даа. Би гадаадын бүжиг дэглээчидтэй хамтарч ажилладаг байхад хэлдэг байсан юм. Монголчууд бүжиглэхдээ гараараа үзэгчдэдээ их сайхан эерэг энерги өгч байдаг, гарын хөдөлгөөн, тавилт их өөр гэдэг байсан. Тэгэхээр монгол ардын бүжгийн ид шид нь гарт байгаа биз. Балетийн ид шид бол хөлдөө байдаг (инээв). Миний тухайд Монголын модерн бүжгийн урлагт хийсэн зүйл гэж юу байх вэ, их юм хийж амжаагүй. Гэхдээ зүгээр байгаагүй. 1990-ээд оноос хойш манай соёл урлагийн амьдрал мухардмал байдалд орсон байлаа. Санхүүжилт байхгүй. Тэгсэн хэрнэ шинэлэг юм хийхгүй бол болохгүй үе байсан. Нийгэм өөрөө шинэ зүйл хүсэхээр шинэ юмнууд гарч ирдэг юм билээ. Одоо бас яг тийм, нийгэм шинэ зүйл хүсч буй үе. Одоо бол тэр модерн, контэмпорари гэсэн сэтгэлгээнээс илүү бүтээлч сэтгэлгээ шаардаж байна.  Юмхнаар юм хийх, бодитоор бүтээх сэтгэлгээ. Заавал маш том, овор ихтэй, нүсэр юм хийж байж ажил хийлээ гэж үзэж цээжээ дэлдэх биш, харин боломжийг ашиглаж бодит амьдралдаа түшиглээд хүний сэтгэлгээ, оюунаас гарч буй санааг илэрхийлэх урлаг хүчээ авч эхэлсэн байна. Хорин жилийн өмнө ойлгомжгүй байгаа бүх юмыг модерн гэдэг юм гэсэн тайлбар ч байлаа. Тэр үе ард хоцорчээ. Одоо бол бүтээлч бүхнийг, бүтээлч хандлагыг илүүд үзэх болсон. Аливаа ажил албан тушаалд очиход тэр хүнээс нийгмийн өмнө хүлээсэн үүргээ юу гэж үздэг вэ, нийгмийн хөгжилд ямар хувь нэмэр оруулсан бэ гэх зэрэг шалгуур тавьж эхэлсэн. Хүн бүр нийгмийн төлөө ямар нэг юм хийж байвал нийтдээ их хүч болж сайн сайханд хамтдаа ойртоно гэсэн бодлого. Вe creative буюу бүтээлч сэтгэлгээний энэ эрин үед модерн, контэмпорари гэсэн үгс, ойлголтууд зайгаа тавьж өгөх бололтой. Өнөөдөр сэтгэлгээгээр баян байх гэсэн тэр сэтгэлгээ жаахан хомс байна уу даа. Эдийн засаг, бизнес, урлагт  ч харагдаж байна. Сэтгэлгээг тэлэх, баян болгоход урлагийг ашиглах ёстой.

-Танд Дуурийн театрынхаа амьдралыг хөндлөнгөөс харах боломж олдож байна. Юу бодогдож байх юм?

-Дүгнэлт хийхэд эрт байна. Одоохондоо бодож байна. Хугацаа хэрэгтэй. Цаг хугацаа гэдэг бол юугаар ч хаацайлж, хамгаалж болохгүй үнэн. Эхлээд ядахдаа өөрийгөө өөр толинд хараадхая. Тэгж байж бусдыг харъя.

-Өнөөдөр хийж буй ажилдаа сэтгэл хангалуун байна уу?

-Амьдрал өөрөө сонголт. Бидэнд, надад хэзээ юу тохиолдохыг бидний хэн нь ч мэдэхгүй. Бид бүгд өнөөдрөөрөө амьдарч байна. Сонголтыг буруу хийх нь бий. Заримдаа хүмүүс нүдээ боож тоглож байгаа мэт байх нь ч бас бий. Гэхдээ хүн сонголт хийхдээ ихэвчлэн зүрхээ сонсдог байх. Би лав тэгдэг.  

Р.ОЮУНЖАРГАЛ

Эх сурвалж: “ӨДРИЙН ШУУДАН” сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж