Даварсан бүлгийн дарлуулсан дарга

Хуучирсан мэдээ: 2013.09.20-нд нийтлэгдсэн

Даварсан бүлгийн дарлуулсан дарга

УИХ дахь МАН-ын бүлгийнхэн долоо хоногийн эхний өдрөөс эхлэн “дүвчигнэв”. Ингэж хэлэхийн учир нь тэдний хийж буй алхмууд улс төрийн соёл бүхий ардчилсан парламентын сөрөг хүчний үүргээс хальж явган хэрүүлийн хэлбэрт шилжчихээд байна. Ц.Нямдорж УИХ-ын дарга, Засгийн газрын гишүүдийг ардын зүйр үг ашиглан удтал загнахын зэрэгцээ мөнөөх л “мэднэ шүү, чадна шүү” гэх алдарт “афоризм”-оо унших аж. Тус бүлгийнхэн өчигдөр хуралдаан дээрээ  Засгийн газар, Монголбанкны ажил байдлыг зөөлнөөр хэлбэл сонсож, хатуугаар хэлбэл “шалгаж” бага зэрэг тайвширсан болов уу гэтэл тэгсэнгүй. Харин ч УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдааныг хойшлуулсан бүлгийн хурлаа парламентын дээд шатанд “залав”. Энэ бүх эмх замбараагүй байдлыг манай “туршлагатай парламентчид” ажиглаад зогсоох байтугай гол дүрд нь тоглож буйг олон нийт харж байна. Тэр тусмаа УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Н.Энхболдын хувьд нэгэнт бүх зүйл хяналтаас нь гарч, хурлаа даргалах бус дагадаг болоод байгаа нь анзаарагдсан. Өмнөх парламентад ч тэр, МАН-ын бүлгийн түүхэнд ингэтлээ гишүүддээ дарлуулсан дарга байгаагүй болохоор эвгүй гэдэг нь. Ямартай ч бүлгийн гишүүдийнхээ аясаар явж байтал халаагаа өгөх цаг нь ирэх биз ээ. Гэтэл УИХ дахь МАН-ын бүлгийг “сөрөх ажиллагаа”-тай уралдан тус намын Шинэчлэлийн хорооноос өдөр бүр шахам шаардлага шидэлсээр байна. Энэ бүхнээс үүдэн МАН-ын бүлгийн “өнгө” улам бүдгэрэх аж.

У.ОРГИЛМАА

Эх сурвалж: "УЛС ТӨРИЙН ТОЙМ" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж